МИНИЙ НАРАНСОЛОНГО

Posted 1:07 PM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:
Тууж /эхлэл-1/
Ням гаригийн өглөө байлаа . Ёстой навс унтана даа гэж аль даваа гаригаас хойш л мөрөөдөж явсан минь талаар болж арвын б-ийн Чагнаа транзисторынхоо дууг нилээн чанга дээр нь тавьчихаад өрөө өрөө дамжин
-За хүсэлтийн хариугаа сонсоцгооё .Үүдэнд гарцгаана уу гэж дахин дахин орж ирээд нойр хулжаачихав . Дэрээр шидэнгүүт транзистороо өмнөө бамбай болгон барьж дууг нь улам чангална .
Ёо ёо босохоос л биш дээ . Хүсэлтийн хариу сонсох ч уул нь зүгээр л дээ . Тэр дундаа Чагнаатай сонсох бүр ч зугаатай . Намайг хувцаслаад үүдний том танхим руу гарахад танхим алин цагийн дүүрч хүсэлтийн хариугийн танил хөгжим радиогоор эгшиглэн Чагнаа хоймрын буйдан дээр транзистороо тэвэрчихсэн яравгардуу ихэмсэг сууж байна . Би шууд л хажууд нь очиж хүүхдүүдийг зайчлан суулаа .
-Өнөөдөр хэн хөтлөх болоо ?
-Хэн ээлжтэй нь л хөтлөнө дөө . Миний тооцоогоор бол Жанцан , Батсүрэн хоёр л бий вий .
-Жанцан гэдэг чинь ямар нь билээ ?
-Яагаав . Нөгөө шахмал хоолойт . Авч өгдөг эрдээ .Үгнийх нь цэцэн цэлмэгийг яанаа . За эхэллээ шүү ... Чишш .
Хүсэлтийн хариу ч ном ёсоороо эхлэж Зангад , Оросоо , Адарсүрэн , Банзрагч , Хоролсүрэн гээд л энэ нэвтрүүлгээр байнга л дуулж байдаг хэдэн дуучин ээлжлээд л дуулж гарлаа . Энд тэндхийн хүмүүсийн хүсэлтийг биелүүлэвч манай Чагнаагийн нэр л гардаггүй .
-Чамайг ч энэ удаа орхисондогоо цаадуул чинь ?
-Өө эд яахав . Бүүр сурчихсан юм . Чагнаа яах вэ ? Архаг хүнийг арханаар болъё гээд л хойш нь тавиад байхгүй юү ... Тэр тэр тэр ... За тээр ... гээд манай хүн бүр ч ихэмсэглэн хойш гэдийв .
-Одоо ... аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийн арвын Б ангийн сурагч идэвхтэн бичигч Чагнаагийн хүсэлтийг биелүүлэе . Радиогийн ах эгч нарынхаа амрыг эрье гэж захидлаа эхэлсэн Чагнаа маань бидэнд ажлын амжилт хүсээд ... суманд суугч аав ээждээ дуучин Адарсүрэнгийн дуулсан Амартүвшин дуугаар мэндчилгээ дэвшүүлжээ . Халуун дотно үгтэй захидал байнга ирүүлдэг Чагнаадаа сурлагын амжилт хүсье . Хойшид ч хүсэлтийн хариудаа идэвхтэй бичиж байгаарай .
Манай Чагнаагийн царай ялан дийлэгчийн ихэмсэг төрхтэй болж хацар нь минчийж улайн машид чухал царайлан сууснаа Адарсүрэнг дуулж эхлэнгүүт
-Засчихжээ . Хуга өөрчилчхөж гэж байна .
-Юуг тэр вэ ?
-Миний захидлыг ... Эрхэм дотно анд нөхөд та бүгдийн амрыг эрье гэж эхэлсэн юм байхгүй юү . Тэгсэн чинь ах эгч энээ тэрээ болгоод хаячихаж . Энэ Батсүрэн ер нь их том толгойтой . Танилаараа түрий бариад дандаа ингэдэг юм . Гэхдээ яах вэ . Яахав .
-Чи ер нь эд нарыг яаж ингэж таниад байнаа . Дараа нь нэрийг нь хэлэхэд яг л чиний нэрэлсэн хүмүүс байх юм ?
-Үгүй одоо яахав дээ . Харилцсаар байгаад л танил болчихгүй юу . Энэ юү ч биш ...
За даа мань эрийн нөгөө зан хөдөллөө гэж бодоод би бослоо . Чагнаагийн нөгөө зан хэцүү . Орныхоо ард хадсан Батсүрэн гэдэг нэвтрүүлэгчийн зургийг өөртөө захиагаар ирүүлсэн энэ тэр гээд хэтэрхий барим тавим авч өгдөг юм . Зургийнх нь ард “Энхрий Чагнаадаа эгч Батсүрэнгээс” гээд илэрхий элемент үсгээр биччихсэн байхыг нь яана . Радиогийн нэвтрүүлэгч хүн л тав зургадугаар ангийн охин шиг элементээр бичиж суух уу даа .
Намайг тасаг руугаа ортол тасгийнхан маань нэг орон дээр шавчихсан харагдав . Сонирхоод хүрч очвол нэг жаахан хүү гэрэвшсэн янзтай тойрон шавсан олон хүүхдийг нүд эргэлдүүлэн харж , жижигхэн цагаан гараараа орны толгой тас атгачихсан суув .
-За энэ чинь юүн хүүхэд вэ?
-Тасгийн даргаа сая байрын хүмүүжүүлэгч дагуулж ирсэн юм . Энэ орны хүүхэд гэнээ ...
-Чамайг хэн гэдэг вэ ?
-Наранбаатар
-Хэддүгээр анги вэ?
-Гуравдугаар анги . Ахаа та миний гоё юмнуудыг үзэх үү ?
Тугал ботгоны нүд шиг дэрэвгэр урт сормуустай алаг нүд эргэлдүүлсэн тэр хүү их л сонин содон санагдаад
-За чи гоё юмнуудаа аваад намайг дагаад яв гэж хэлээд өөрийн суудаг жижиг тасаг руугаа эргэлээ .
Арван жил амьдарч хоёрдох гэр минь болсон манай байр бас нилээн өвөрмөц . Тасаг болгон хоёр өрөөнөөс бүрдэнэ . Том тасалгаанд нь хорин таваас гучин хүүхэд ороо жирийлгэн амьдарч , харин жижиг тасалгаанд нь ахлах ангийн голдуу дөрвөн хүүхэд сууна . Тэр дөрвийн нэг нь мэдээж тасгийн дарга . Тэр нь би л дээ .
Дэрэвгэр сормуустай хүүгийн тэвэрсэн ганган хайрцаг миний шохоорхолыг гойд татлаа . Амьралдаа би ийм гоё хайрцаг үзсэнгүй .
-Энэ хайрцагийг хэн чамд өгсөн юм ?
-Аав .
-Аав чинь хаана байдаг юм ?
-Манай аав ээж хоёр бурхан руу явчихсан . Эхлээд вагоноор яваад , дараа нь онгоцонд суугаад нисчихсэн . Ахаа Аниа бид хоёр ч гэсэн хотоос онгоцонд суугаад ирсэнш дээ . Гоё том цагаан онгоц . Үүү үүүү үүүү гээд л ...
Түүний гараараа нисэж яваа онгоцыг дүрслэн ярьж байхыг хараад хоолой дээр минь юм тээглэн сэрвэгнэж нүдэнд тоос орчих шиг болуут нүдээ нухаад
-Ах нь чиний гоё юмнуудыг үзвэл болох уу? гэж асуулаа .
-Тэг тэг .
Хайрцагны тагийг нээтэл аав нь охиноо өвөр дээрээ хагас суулган , ээж нь буржгар үстэй хүүгээ алдчих вий гэсэн шиг тас тэвэрсэн нэгэн гэр бүлийн өнгөт зураг гарч ирэв . Би аравдугаар ангид орон ортлоо ийм тод өнгөтэй зураг огт үзээгүй байсан юм . Ээж нь яг Наранбаатарын нүд шиг дэрэвгэр сормуустай давхраатай алаг нүдтэй аж . Юутай залуухан аав ээж хоёр вэ . Зургийн доод өнцөгт Прага 1975 он гэсэн латин бичиг дурайж байлаа .
Зурагны дороос баахан бөөрөнхий төмөр гарч ирэв . Зарим нь мөн л тод өнгийн зурагтай аж .
-Энэ чинь одоо юү вэ ?
-Бөглөө . Энийг арван хоёр градус гэдэг юм . Энэ бол гурван модот . Харин энэ цагаан баавгайт . Манай ангид ганцхан надад байдаг байсанш дээ .
-Энүүгээр чинь яадаг юм ?
-Эй та мэддэггүй юм уу . Ингэж тоглодог юм гээд алган дээрээ өнөө бөглөөнөөсөө хэсгийг тавиад дээш нь шидэн гараа эргүүлсэнд гарынх нь ард гурав дөрөвхөн нь тогтож бусад нь шалан дээр сархийн унаад зүг бүр рүү далбиганан өнхрөв .
-Би тоглож чаддаггүй л дээ . Зүгээр л цуглуулдаг юм гээд Наранбаатар шалаар нэг тарсан бөглөөнүүдээ мөлхөн түүж гарав .
За тэгээд хэсэг задгай мөнгө , бас нэг гар хийцийн шүгэл , хоёрын зэрэг алтан шаргал хадаас , улаан , хөх , ногоон өнгөтэй шилний өөдөс зэргээс түүний “гоё юм” бүтэх ажээ .
-Аниа чинь хаана байгаа вэ?
-Энд гээд цонх руу гүйж очуут зэргэлдээх охидын байр руу зааж “Тэнд байгаа” гэлээ .
-Аа...Аниа чинь хөөрхөн үү ?
-Мэдэхгүй ... Хөөрхөн байхаа . Ахаа би Аниадаа их хайртай .
-Сайн жаал . За одоо орон дээрээ оч . Ороо гоё цэвэрхэн байлгаарай .
-За ахаа ...
-Би ах биш . Тасгийн дарга . Энэнээс хойш намайг тасгийн даргаа гэж дуудаж байгаарай .
-За ах...Бишээ тасгийн даргаа .
Ням гаригт өдрийн гураваас оройн долоо хүртэл охидын байр нээгддэг . Тэр үеэр Наранбаатарыг дагуулж очоод эгчтэй нь танилцаад авъя . Харин хотын охины өмнө гоё харагдах хэрэгтэй гэж бодоод толь авч өөрийгөө харлаа . Аравдугаар ангид ороод л ургуулах эрхтэй болсон жижигхэн халимаг минь сөрвийгөөд нэг л эвгүй . Энийгээ засуулдаг хэрэг гэж шийдээд Наранбаатарыг өөр хүүхдүүдэд Аниагийнхаа тухай ярьчихаж магадгүй гэж болгоомжилсондоо түүнийг дагуулан үсчин рүү явлаа . Тэр маань хурга ишиг шиг л энд тэнд үсчин тогдогнож юүхэн хээхэн харагдсан бүхнийг заавал очиж сонирхох аж .
Харин үсчин эгч гуай миний толгойгоор тун ч хичээнгүй тоглолоо . Уруулаа жимийн өлмий дээрээ өндийн
-Алий миний дүү толгойгоо ийш нь болго , за одоо нөгөө тийш нь гэсээр тэртэй тэргүй сайн ургаагүй халимагийг минь бүр мулзлачихаа шахан гол горойлгов . Яагаад ч юм нэг талаас нь хайчлаатхаар л нөгөө талынх нь үс илүү гарч сэрвийгээд миний толгойтой үсний зүүн баруун тал нь огт тэгширч өгсөнгүй . Үсчин гайхшаа барсан шинжтэй уруулаа химлэн ямар нэгийг шийдэж ядан байснаа гэнэт ухасхийн хайчаа томруулаад уруулаа бүр чанга жимийнгүүт тэвчээр минь барагдаж
-Эй...Эгчээ . Одоо больёо . Болчихлоо . Энэ сөрвийгөөд байгааг нь норгоод малгайгаараа даруулчихъя гэж гуйлаа .
-Уул нь одоо яг л болох гээд байна даа .
-За яах вэ эгчээ . Боллоо...боллоо...баярлалаа .
-За тэгвэл яая гэхэв , хоёр төгрөг .
Би бушуухан хоёр төгрөг гаргаж өгчихөөд байр руугаа зугадлаа . Ирээд толинд хартал хайран халимаг минь , шал балай юм болжээ . Ийм үстэй охидын байр руу зүглэлт алга . Дэмий л усаар шавшиж шавшиж юм индүүддэг марлиар дангинатал даруулж боолоо. Тэгтэл дараагийн асуудал нь сэтгэл зовоож эхлэв .
“За байз юү оёулая даа” Надад үнэндээ оёулж шидүүлэх юм байсангүй . Юутай ч өлгүүрээс формоо авч цагаан захыг нь хууллаа . Энэ ч минутын л ажил даа . Өөр томхон юм чинь юүсэн билээ хэмээн бодтол гэнэт тэрлэг санагдаж түүнийгээ авчраад энгэрийнх нь товч шилбийг ханзлахаар шүдээ оролцуулан ноцолдож гарлаа . Энэ ижий нээрээ арай дэндүү шүү . Ингэж бөхлөөд байхдаа яахав дээ . Яаж ч оролдоод нэг ч утас ханзлаж дийлсэнгүй . Гайхан суутал гэнэт мэргэн бодол төрж чемоданаасаа тонгоргоо авчраад ханзаллаа . Нилээн ханзлаж байгаад юмаар ханзалсан биш , ханзарсан шинжтэй байх ёстой гэдгийг гэнэт ухаарч ханзалчихсан шилбэнийхээ үзүүрээс барьж байгаад татчихсан чинь
-Өө хулгайчаа ...
Өглөө оройны хүйтэн сэрүүнд ганц аминд ордог хөвөнтэй тэрлэгний минь энгэр хүү татагдаад хөвөн нь унжралдаад гараад ирдэг байгаа .
“Ёстой баларлаа...Ээ чааваас...Ингэх гэж ёрлоод л холхиод байж дээ...Үгүй ээ , зүгээр ч юм уу , энэ чинь наад зах нь хагас цагийн ажил даа” гэж уймран бодож суутал
-Цаг боллоо . Ура гэсэн уриа байраар нэг хадаж хүүхдүүд холхилдоод эхэллээ . Марлиа аваад харсанд үс минь юутай ч өрөвгөр сөрөвгөр юмгүй болсонд санаа амсхийж Наранбаатар руу очин толгойг нь илээд
-Эднүүс явж л байг , хоёулаа Аниа дээр чинь хамгийн сүүлд нь очиё гэж шивнэлээ .
Тэр ч над руу аминчирхаж
-Би танд бас нэг гоё юмаа үзүүлэхээ мартчихаж гэж байна .
-Юү вэ ?
Наранбаатар орон доогуураа мөлхөн чемоданаа ухаж байснаа дотор нь юм шажигнасан уртаа цилиндр гаргаж ирлээ .
-Наадах чинь юү вэ ?
-Тоглоом . Ингэдэг юм гээд Наранбаатар цонхруу гүйж очуут гар дахь тоглоомоо шажигнуулан сэгсрээд цонх өөд түүгээрээ дурандсанаа
-Одоо та хар гэлээ .
Түүгээр цонх руу дурандвал өнгө бүрийн цэцэг дэлгэрч харагдана .
-Пөөх энэ чинь л жинхэнэ гоё юм байна даа .
-Та аажуухан эргүүл .
Түүний хэлснээр эргүүлтэл цэцэгс хэлбэр өнгөө ягуухан өөрчилнө .
Үгүй ээ бас , ийм гоё ертөнц энүүхэн цилиндр дотор багтаж байх . Хүний ухаанаа гэж , би өнөө цилиндрийг эргүүлж тойруулж харлаа . Онц гойд юм юу ч алга . Дараа доторхийг нь задлаж үзээд тасгийнхаа бүх хүүхэд хийж өгөе гэж бодлоо .
-За явцгаая .
Охидын байр хөл хөгжөөнд дарагджээ . Жижүүр охид хөвгүүдийн формд захыг нь хадаж , аль эсвэл оёосоороо юу ч үгүй урагдчихсан цамц өмд оёнгоо
-Хэн дээр вэ? гэж асууцгаана .
-Наймын Б-ийн Нараа...
-Нараа дээр сая хоёр хүүхэд орсон . Түр хүлээж бай...Дараачийнх нь...
-Арвын А-ийн Цэцгээ дээр .
-Цэцгээ эгч дээр хүн бий юү ?
-Байхгүй байхгүй
-За ор ор .
Зөвшөөрөл авсан хүүхэд инээд алдаад шат руу зүглэнэ . Явсаар , дөхсөөр бид хоёрын ээлж боллоо .
-За хэн дээр вэ ?
-Ий эй...Энэ хүүхдийг эгчтэй нь уулзуулах гэсэн юм .
-Хэн бэ?
-Нарансолонго .
Наранбаатар подхийтэл ингэж хэлэв .
-Аа хотын охин...Хүнгүй байгаа . Ор ор . Дөрөвдүгээр тасаг шүү мэднэ биз дээ .
Дөрөвдүгээр тасгийн охид ганцаас бусад нь юм оёж шидээд тунч завгүй . Зарим нь тонгосхийн учгаа шүдээрээ сурамгай таслаж харагдана . Ганц завтай хүн нь манай ангийн Дарьдуламын өөдөөс хараад бөхийчихсөн сууж байв . Дарьдулам шуумагнаасаа салтаагаа хүртэл ханзарчихсан шарваар хөвөрдөн оёж мөнөөх шарваарын шуумагнаас Чагнаа тун ч идэвхтэй царайлан барьчихсан сууж байна . Дарьдулам хянган хамартай цэвэрхэн бор охин . Тэр наашаа харснаа инээвхийлж
-Хүүе...Хатнаа...гэж уулгаллаа . Тэр чимээнээр өөдөөс нь харан бөхийн суусан охин наашаа эргэхэд миний нүүр часхийх шиг болж халуу шатаад явчихав . Наранбаатар
-Аниа гэж дуудаад өнөө охин руу гүйв . Охин дүүгээ тэврэн духан дээр нь үнсээд над руу харлаа .
Зураг дээрээ муухай гарчихаж ... Зураг дээрээ муухай гарчихаж гэж л бодогдоод байлаа .
-Аниа ... Энэ ааа ааа ... Манай тасгийн дарга .
-Сайн байна уу ?
-Ий ээ...ээ...Үгүй ээ..юу...Тийм...тийм...Би сайн...Харин ээ...ий...ээ...
Чагнаа түсхийтэл инээд алдаж
-Манай Хатнаа ямар ч шалгалтан дээр ингэж гацаж үзээгүй хүн дээ гэсэнд охидууд нирхийтэл хөхрөлдөж сандарсандаа буцаад гарах гэсэнд Дарьдулам
-Хатнаа наашаа суу суу . Тэрлэг чинь урагдчихаа юу гэснээ босч ирэн гараас минь хөтлөн өнөө охины орон дээр суулгачихаад Чагнаа руу муухай харж
-Алий наадахаа дөмөгхөн бариач гэж шилбэлзээд хажуугаас минь халуу оргиулаад байгаа охин руу харж
-Солонгоо чи юм оёж чадах уу? гэж асуулаа .
Дотносоод авсан бололтой .
-Яанаа надад утас зүү байхгүйш дээ гэж өнөөх нь ичингүйрхсэн янзтай зөөлөн хэлэв .
Дарьдулам хажуу талаасаа дугуй хайрцаг авч
-Май эндээс ав гээд сарвайлаа .
Нарансолонго хайрцагнаас зүү утас авч миний формын захыг хадахаар нэг үзүүрийг нь өвдөг завсраа хавчуулан нөгөө үзүүрээс нь хатгалаа . Харсаар байтал гар нь эвлэхгүй чичигнэнэ . Тэгтэл ч миний “битгий л тохиолдоосой “ гэж дотроо залбирч байсан юм болж мань хүн долоовор хурууныхаа өндгийг цоо хатгуут бушуухан үмхээд авлаа .
Дарьдулам түүн рүү эгчимсэн хараад
-За яахав яахав . Би энэ нойтон хамуунаас салангуутаа шидчихэе гэчихээд нөгөө шарваараа хол хол зайтай хурдан хурдан хөвөрдөж гарав . Чагнаа над руу хараад нүүрээ үрчийлгэн нүдээ сэмхэн ирмэв .
Хажуу талаас минь халуу оргиж орны ирмэг дороос нухаад хөл бадайран чилж , хөлс чийхарна . Би ч дуугүй , өнөө охин ч дуугүй , Наранбаатар , Дарьдулам , Чагнаа бүгд дуугүй .
За байз юм яримаар байдаг . Юү ярия даа гэж гайхашран суутал Дарьдулам өнөө шарваарыг оёж гүйцээд бөхөсхийн учиг таслуут
-Бусдыг нь би өнөө орой дуусгаад маргааш аваачаад өгъе . Ангийнхаа хүүг ганц удаа орж ирж байхад хагархай цоорхойг нь хатгаж өгөхгүй бол алдас болдог байгаа даа гэсэнд Чагнаа зөөлөн санаа алдаад босч мөрөн дээр минь падхийтэл алгадчихаад гарлаа . Араас нь Дарьдулам
-Жижүүрт намайг завгүй гэж хэлээрэй хэмээн хашгирсанаа Нарансолонго руу харж
-Алий хуруу чинь зүгээр үү гээд нарийхан цагаан гарыг нь барьж үзээд долоовор хурууг нь иллээ .
-Зүгээр зүгээр . Муухай юм болчихлоо .
-Энэ яах вэ? Сониноос би долоо төгсөтлөө юм оёж чаддаггүй байсанш дээ . Ингэхэд та хоёр танилцаач хэрэлдсэн улс шиг л жишүү хараад сууцгаах юм .
-Нарансолонго
-Хатанбаатар
Би түүний сунгасан гарыг атгаж бүх л биеэр минь жирвэгнэн нэг л сонин болохыг мэдэрч халуу шатан суулаа .
-Манай Хатнаа чинь сургуулийнхаа ганц онц сурлагатан нь байхгүй юу . Охидын байраар орохгүй гэсэн тангарагтай юм шиг л байдагсан өнөөдөр аргагүйдэж дээ гэснээ миний тэрлэгийг дэлгэж үзээд
-Тэгнээ тэр...Барилддаггүй хүн нэг барилдахаараа ингэдэг юм байжээ хэмээн егөөд ч байгаа юм шиг , магтаад ч байгаа юм шиг ярилаа . Надад таатай ч юм шиг ичгүүртэй ч юм шиг санагдан дэмий л
-Хгн...Ганц нь байхдаа яахав дээ гэж бувтнав . Тэгээд гэнэт зориглон
-Со...Со...Бишээ...Нарансолонгоо чи хэддүгээр анги вэ ? гэж их л сүрхий асуух гэсэн чинь өөрт маань жолхийж сонсогдов .
-Есдүгээр анги ...
-Аа...Яа...гэснээ би амаа хамхив .
Тэнэг чинь “Ямар сурдаг вэ?” гээд золтой л асуучихсангүй .
-Аан?
-Яавлаг ... Хүйтрэхээр дэлгүүрт яавлаг ирдэг юм .
Дарьдулам нүдээ дүрлэгнүүлэн над руу харж
-Аан ... гэснээ эг маггүй хөхөрч гарлаа . Нулимас нь сул асгарч тэрлэгээр минь нүдээ арчин түгдэгнэн хөхөрнө .
“Би нээрэн юү хэлчихэв ээ” гэж бодоод ийш тийш хартал ахлах ангийн охид жуумганан тонгойж , харин багавтар ангийн охид хөвгүүд учрыг ололгүй гайхсан янзтай бид хэд рүү дүрлийтэл ширтэцгээн оёж байсан юмаа ч мартан мэлэрцгээчихсэн сууцгаана .
-Хүйтрэхээр том гоё улаан яавлаг ирдэг л биз дээ . Би түүнийг л ярьсан юм .
Дарьдулам нулимасаа арчин царайгаа төв болгож
-Би нээрэн яагаад ингэж аальгүйтчихэв ээ гэснээ тэрлэгийг минь дахиад л дэлгэн харж
-Энийг ч одоо умайлгаад л хөвөрддөг байхдаа . Их л эвгүй харагдана даа гэж байна .
-Өө яахав яахав ... Далбайгаад унжиж байхтай яаж адилхан байхав .
Нарансолонго бид хоёр руу ээлжлэн нүдээ дүрлэгнүүлэн харж инээх эс инээх ч учраа олохоо больчихсон хацар нь ягаарч сууна . Харин Наранбаатар над руу тонгойж
-Надад гурван төгрөг байгаа хоёулаа яавлаг авч идэх үү? гэж асуув .
-Одоохондоо ирээгүй . Хүйтрэхээр ирдэг юм . Авнаа авна гэж би ам бардам хариуллаа .
Дарьдулам тэрлэгийг минь цаг гаруй оёж тэр хооронд нь би Нарансолонготой өч төчнөөн л юм ярьж нүүр хагарав . Харин байр руугаа буцахдаа юү ярьснаа санах гээд чадаагүй юмдаг . Охидын тасаг ээл дулаан нэг л сэтгэл гигэлзүүлсэн сонин уур амьсгалтай юм . Дарьдулам хамгийн сүүлд захыг минь хадаж дуусгаад яагаад юм уртаар сүүрс алдсанаа
-За ингээд боллоо гэлээ .
Суугаад л байх юмсан гэж хичнээн бодогдсон ч аргагүй л явах болжээ .
-Баярлалаа .
-Ирэх ням гаригт ирээрэй .
-Ирнээ ирнэ . Одоо дандаа ирж байна .
Дарьдулам нүд рүү минь цоргитол ширтсэнд би дахиад л сандарч
-Оо...ооо...Оёулах юм гарвал...гэж ээрлээ .
-Чагнаа шиг л хамаг хувцасаа оёосоор нь ханзлачихаад л аваад ирж байхгүй юу .
-За за .
-Юун ч дуулгавартай юм билээ дээ .
-Харин тийм ...
Дарьдулам хоргүйхэн инээд алдсанаа алгаа тэнийлгэн сунгаж
-Гар мялаахгүй юм уу гэж дахиад л намайг ичээв .
Нарансолонго гэнэт санасан аятай дэрэн доогуураа гараа шургуулан хоёр баавгайтай чихэр гаргаж ирээд нэгийг нь дүүдээ өгч нөгөөг нь Дарьдулам руу сарвайж
-Би мялаачихая гэсэнд
-Үгүй...Үгүй...Эзнээс нь л авна гэснээ харцаа буулган
-Худлаа худлаа тоглосон юм шүү гэж залрууллаа .
Би дотроо дараа түүнийг заавал шагнана гэж тангаргаллаа .
Орой болжээ . Тасгийнхнаа унтуулчихаад орос хэлээ давтаж нилээн удаан суулаа . Би энэ хичээл дээр л сайн гарчих гээд байдаг . Заримдаа бүр дунд авчихаад түүнийгээ засах гэж сандардаг юм . Соверщенный , Несоверщенный вид гэж чухам юугаа хэлээд байгааг ойлгох гэж удаан суусан боловч ойлгосонгүй . Тэгэхээр нь гэрийнхээ даалгаварыг бүгдийг нь ба бэ-гүй цээжлэж түүнийгээ хэд хэд давтаж үзээд санаа амарч унтахаар хэвтлээ .
Нарансолонгын урт сормуустай дүрлэгэр хар нүд давхраан цаанаасаа гэрэлтэж хацар дээрх хоёр хонхорхой нь нүдээ аних тусам тодорч харагдана . Энэ хөөрхөн охины гараас хөтөлчихсөн шээг төв дэлгүүр орж
-Энийг авах уу? Тэрийг авах уу? гээд сонирхуулж явахсан гэх мөрөөдөлдөө умбан хэвттэл
-Тасгийн даргаа гэх дуу том өрөөнөөс гарлаа .
Яваад очвол Наранбаатар орон дээрээ өвдгөө тэврээд сууж байна .
-Миний дүү унтахгүй яагаа вэ?
-Тасгийн даргаа тэр хүүхэд намайг унтуулахгүй байна .
-Аль?
-Тэр цонхон дээр сууж байгаа хүүхэд .
Би хичээж харсан боловч цонхон дээр ямар ч хүүхэд алга .
-Тэр хүүхэд яагаад байна?
-Аймаар инээгээд намайг дуудаад байгаа юм .
Нуруугаар минь зарсхийж гэрэл асаалаа .
-За харав уу? Ямар ч хүүхэд байхгүй байгаа биз дээ .
-Тэр сууж л байна шүү дээ . Тасгийн даргаа би айгаад байна . Тэр хүүхэд чинь толгойгоо аваад хөл бөмбөг шиг өшиглөөд байгаа юм .
-За нааш ир . Хоёулаа өвөртөө ороод л унтчихая .
Наранбаатар бөөн баяр , миний өвөрт оруут унтаад өглөө .
Битүү цэцэг ургасан хөндийд Нарансолонго бид хоёр хөтлөлцөөд явж байлаа . Тэр инээхгүй , тэгсэн хирнээ уурлахгүй . Зүгээр л над руу дүрлийтэл ширтэнэ . Би түүнийг инээлгэх гэж янз бүрийн цэцэгний хажууд очин “Энийг авах уу?” гэнэ . Тэр авъя ч гэхгүй , бас үгүй ч гэхгүй дув дуугүй л ширтээд байх юм . Яаяа даа байз . Тэгээд нилээн хол байгаа нэг гоё ягаан цэцгийг авч өгвөл инээх байх гэж бодоод тэр цэцэг рүү очин бөхийтөл хажуу талаараа час халуун нууранд унаж хичнээн тэлчлэвч гарч чадсангүй .
Би усанд сэлж сурахгүй даанч яавдаа ...
Нарансолонго над руу инээмсэглэн харснаа цаашаа яваад өглөө .
-Хүлээгээч...Хүлээгээчээ...
Гэвч би халуун нуурнаас гарч чадсангүй . Өглөө сэртэл нэг л сонин оргиод “Юу болчихов” гэж бодоод хөнжлөө сөхөөд хартал “Өө хөөрхий” Наранбаатар маань шээчихсэн байх нь тэр . Над руу гэмэрхэн нүдээ бүлтэгнүүлэн харахаар нь өрөвдлөө .
-За яахав , эр улсад энэ зэргийн юм байх . Тасгийн дарга нь хэнд ч хэлэхгүй . Чамд солих дотуур өмд бий биз дээ .
-Байгаа .
-Түргэн солихгүй бол өглөөний цайны цаг болчихлоо .
-За тасгийн даргаа ...
Намайг ор дэрнийхээ даавууг яаран хуулж санд мэнд угаалганд өгчихөөд ирэхэд байрныхан маань өглөөнийхөө цайнд орохоор тасаг тасгаараа жирийтэл жагсчээ . Байрны хүмүүжүүлэгч хүүхдүүдийг нүдээрээ бүртгэн харснаа
-Нэгдүгээр тасаг зүүнтээший . Гуанз чиглэж алхаад марш гэж командаллаа .
Охидын байрныхан цайндаа ороод гарцгааж байлаа . Дарьдулам , Нарансолонго хоёр сүүлхэнээр гарч ирж надтай мэндлэчихээд явцгаав . Хотын хөөрхөн охинтой ийн танил болсоныг минь дөнгөж сая л мэдсэн үеийн хөвгүүд над руу атаархан харахыг амтархан мэдрэх шиг сайхан жаргал байсангүй . Би хоолойгоо шахаж
-Хөөе...Урагшлаачээ хэмээн хашгирлаа .
Эхний цагийн хичээл завсарламагц намайг юу л хэлнэв дагаад навсайдаг Чулууныгаа дагуулан хонгилоор сэлгүүцлээ . Чулуун намайг , би Чулууныг үе үе чухал ажилдаа ашиглана .
-Өчигдөр худгаас ус аваад явж байсан чинь муу тахир Батаа таараад ...
-Ганцаараа явж байна уу ?
-Өнөө муу солгой Ганаа , хар Төрөө , хамар Сүхээ , алцаан Саагий нартайгаа л явж байна лээ .
-Онгирч байна уу?
-Юү ч хэлж чадахгүй байна лээ...Гөлөн гөлөн гээд л...
-Муусайн хулгайчуудыг дахиад онгирвол ТМС-ийнхэнтэй нь нийлүүлж байгаад дарж өгнөө .
-Нохой Жааяа...
-Чишш...
Есийн А-ийн охид хонгилд эгнэн зогсоод дундуур нь явсан хөвгүүдийг “Наашааш дээ ура” , ”Горьдлоош дээ хурай” гэж хашгиралдан ичээж араас нь “Өмдөө татаачээ” гэж шоололдон хөхөрч харин тэдний ар талд Нарансолонго цонх руу хараад зогсож байна .
-За чи тэр охиныг нааш нь дагуулаад ир .
-Аль? Цаашаа хараад зогсож байгаа юу?
-Тийм тийм .
-Хөөх үзээгүй охин байна .
-Хотоос ирсэн юмаа . Түргэл завсарлагааны цаг дууслаа . Амжаад хэдэн үг солиод авмаар байна .
-За за .
Чулуун очоод Нарансолонгод юм хэлтэл цаадах нь наашаа харав . Би гараараа даллан тэр ч наашаа эргэтэл гэнэт аймгийн дарга Намсрайн охин сургууль даяар нүүрэмгийгээрээ алдартай Цогзолмаа
-Охидуудаа мэлгэр Чулуун хотын охин сугалах гэж байна гэмэгц охидууд Чулууныг тойрон бүчиж “Алив наашаа , за нэг инээчих , алив цаашаа за нэг уурлачих” энэ тэр болон гоочилж татаж чангаан ичээх гэж оролдлоо .
Чулуун тосолсон гутал шиг хэнэггүй царайлан мээсэлзсэнээ Цогзолмааг тэвэрч аваад үнсчихэв . Цогзолмаа час улайн уурлаж
-Энэ мангар тоглоом даахгүй дандаа ингэж заваартнаа . Паах ямар муухай өмхий амтай юм бэ гэж тачигнасанд Чулуун өөдөөс нь хэнэг ч үгүй марсайн инээж
-Амьдралдаа ганц ч удаа угааж үзээгүй гээд бодчих . Ямар байна аан? Ах нь дахиад нэг убаа гэчих үү гээд нээрэн л убаа гэх шинжтэй ухасхийсэнд охид дэрхийж
-Энэ ёстой жинхэнэ ирваа . Мангар Дашийн дүү гэлцэн ам амандаа шуугилдлаа .
Энэ удаагийн оролдлого харсаар байтал нурав . Хонх дуугарч хүүхдүүд анги ангируугаа чиглэхэд Чулуун Нарансолонгод нэг юм аминчлан хэлж цаадах нь толгой дохиод наашаа харж инээмсэглэчихээд анги руугаа орлоо .
-Чи чинь ямар бүтэлгүй юм бэ?
-Паа...ёстой жинхэнэ дагина . Чи ч нүдтэй банди юмаа .
-Банди болгоод байгаарай , дэмий юмнуудтай маазраад хамаг төлөвлөгөө эвдчихээд...
-Тэд нар чинь өөрсдөө өдөөд байх юм байна шүү дээ . Гэхдээ би дараагийн завсарлагаанаар энд хүрээд ир гээд хэлчихсэн . За гэсэн шүү .
-Еэ ашгүй ашгүй ...
-Чи тэгээд ийм хөөрхөн охинд юү өгөх санаатай байгаа юм бэ?
-Юү өгдөг юм зүгээр л уулзахгүй юу .
-Өө манин толгойт чинь...Ганц чихэр ч болсон өгдөг байгаа даа . Тэхгүй бол ийм хөөрхөн охин чамайг заяа нь тоохгүй . Хоёр уулзаад Прощай гэнэ . Ерөөсөө чи намайг аргалаарай . Хоолой нь өвдөөд эмч рүү явсан гэчихээрэй .
-Чи хаачих нь вэ?
Чулуун гараа савчихаад шатаар уруудан алга болов .
Гацчихсан мэт санагдан хамаг л тэвчээр барахаа шахсан хонх ашгүй дуугарч өнөө булан руугаа гүйж очвол Чулуун “Май” гэж нэг юм өгчихөөд явлаа . Захианы дугтуйд хийчихсэн тэр “бэлгийг” нь задлаад үзвэл далан гурван мөнгөний үнэтэй банкя байх аж . Тэгтэл ч Нарансолонго хүрээд ирэв .
-Яасан бэ? Хэрэг гараа юу? Арай дүү маань...
-Зүгээрээ би энийг чамд өгөх гээд л...
Нарансолонгын хацар ягаарч инээгээд
-Би өлсөөгүй ээ гэв .
-Би чамайг өлссөн гэсэндээ бишээ . Май л даа...
-Хгн...
Тэр доош тонгойн өлмийгөөрөө шал зурав .
-Хоёулаа дараагийн завсарлагаанаар эндээ уулзая .
-Яах юм бэ?
-Үгүй яахав дээ юм яръя л даа .
-Юү ярих юм бэ? Хүүхдүүд харчихна . Хичээлийн дараа л болъё .
-За тэгъе тэгъе . Май...
-Би авахгүй ээ...
-Түрүүний хүүхдийг Чулуун гэдэг юм .
-Би мэдсээн...
-Тэрүүгээр өгүүлчих үү?
-Пөөх...Чи намайг тэгж ичээж яах гэсэн юм бэ?
-Тэгвэл авчих л даа .
-За за .
Нарансолонго банкяг маань халаасалчихаад
-Би явлаа шүү гэв .
Үргэлжлэл бий

7 comment(s) to... “МИНИЙ НАРАНСОЛОНГО”

7 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Тавын даваа бол үнэхээр сайхан өгүүллэг. Би нилээн дээр уншиж байсан санагдана.



BTU said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com



A.Амарсайхан said...

Би тавдугаар ангиасаа эхлэн нэгэн Нарансолонгыг хардаг болж байж билээ. Ингэхэд миний Нарансолонго хаана яваа бол доо? /Асуугаад хайгаад яваад байлтай биш/



Anonymous said...

Үргэлжлэл нь хэзээ тавигдах болоо?



Anonymous said...

Эзэн нь бүүр хаяад явцан юм шиг, цогтын балгас дээр төрсөн бодол шиг болж байна доо энэ блог
Хэд ч шалгав, хэдэн ч удаа эргэлдэв...



Доржзовдын ЭНХБОЛД said...

anonymousd
Uneheer orovdoltei bolchihjee.Tuilaas hultsel ochihiin yaldar ene aldaagaa egnegt zasahaar erslen shiidej baigaagaa duulgaya.Tarhiig mini tunshij uhaaral ogsond talarhaya.Blogiinhoo toosiig archij ehellee.Udahgui yum yum siilne dee



Nyamaa.dan said...

Hooe naiz aa chinii blogt orchihloo.Yhslaa.Saihaan saihan.Chinii Tsavtai hoh chylyy uguullegiig sonsogch olond hurgelee. Tednii bayarlag baigaa gej uyhev.