АРВАН ГУРАВДУГААР ЗУУН Түүхэн Роман. 1-р бүлэг эхлэл

Posted 12:59 PM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:
Өрвөлөгийг минь сэврээж өлмийг минь түшиж ээл дулаан элгэндээ тэвэрсэн ИДЭР ЗАЛУУ ИХ МОНГОЛ ҮНДЭСТЭН танаа энэ романаа өргөн мэхиймүү.

Нэгдүгээр бөлөг .
Их гэрлийн дотор өчүүхэн харанхуй,
их харанхуйн гүнд өчүүхэн гэрэл амьдармуй.

Цахилдагны хөх цэцгийн зул задрах үесэн . Тэмүүжин аавынхаа араар сундлаад гэрийнхээ зүг эргэж харан харан уйлж явлаа . Ээж , бага ээж гурван дүү нь гэрийнхээ үүдэнд торойтол зогссоор л унаа хөтөлгөө морьдын алхаа алс замдаа шуудран жигдрэх тусам тэдний дүр бөртийн жижгэрсээр сүүлдээ гэртэйгээ нийлэн бөөн бараан юм болоод Хөх Энгэрийг давмагц харагдахгүй болов . Аавынхаа нуруунд нүүрээ наагаад уйлахад нулимас аавынх нь нуруу руу урсаад орчих шиг санагдана . Аав нь ч түүний байдлыг ойлгох бололтой хөмсөг зангидан алсын уулын толгой ширтэж явна . Хагас өдөржин түүний шуг шуг уйлахыг нь сонсон дув дуугүй ийн гэлдрүүлээд сүүлдээ аавынх нь тэвчээр барагджээ .-Миний хүү чинь том эр болсон шүү дээ . Аав нь удахгүй аян дайнд мордоно . Эр хүний нулимаснаас хагацал зовлон унадаг юм . Уйлна гэдэг зовлон дуудсан хэрэг гээд чимээгүй болон дүнсийхэд нь Тэмүжин нулимсаа ханцуйгаар шудраад -Та ерөөсөө уйлаагүй юү гэж цангинуулан асуулаа .- Багадаа уйлах явдал байсаан . Тэр бүрийн дараа хагацал болдогийг мэдээд больсон доо . -Тэгвэл та яагаад Намуун-Үжиний уйлахыг хорьдоггүй юм . -Эм хүний нулимас гэрийн доторхи хатуу хүтүү бүхнийг зөөллөж өгдөг учиртай . -Ааа одоо л ойлголоо . Гэрийн эм хүн үе үе уйлж байх нь зөв байхнээ . Эцэг нь түүний бодлыг зөвшөөрөх мэт чимээгүй алхуулна . Нөгөө шар хэдгэнэ дахиад л гараад ирчихсэн толгой дээгүүр нь дүнгэнэн эргэлдэнэ . Тэгснээ гэнэтхэн өгөөш үмхсэн загас болчихоод ангалзан мурчиганана . -Ааваа .Та Хасарт голын хойд эргийн бургасны аргал илчтэй бас анхилам үнэртэй байдаг юм шүү гэж хэлээрэй . Би хэлэхээ мартсан байна . -За за заавал хэлнэ . -Та бас аян дайнд явахдаа намайг дахиад хэзээ ч уйлахгүй гэдгийг мэдэж явбал зохистой .-Хүү минь би чамайг эр хүн болсоон гэж хэлсэнгүй юү . Тэр гүдгэрийн цаад дор горхи буй . Хоёул тэнд бууж хононоо . Үнэхээр ч гүдгэрийн цаад дор хөгжилтэй бяцхан горхи шулганан урсаж долгионд нь шингэх нарны цацраг дүрсгүйтэн нэг дэгдэж нэг унтарч харагдана . Аав нь хөтөлгөө морины ганзгалаа задлан багашигхан эсгий гарган дэвсээд хөл нүцгэлэн горхийн эргийн ширгэн дээгүүр тааламжтайяа алхлан хаа нэгтэйгээс увуулж цувуулан гурван чулуу олж ирэн тулгаллаа . Тэмүжин өөрийн үүрэгт ажилдаа ханцуй шамлан орж хол ойрд торолзох аргал шүүрэн дэгдэв . Төд удалгүй наран шингэж сэрүү оргиод тушиж тавьсан морьд нь ногоон дэвсэгийн өлөн шир шир хазлах нь тодхон дуулдана . Тулган дунд түүдэг гал дэвэлзэж гал дээр цэрэг эрийн нимгэн зэс тогоон дотор борцны шөл хавь орчиндоо тааламжтай үнэр дэгдээн пор пор буцална . Есхэй багашигхан богцоо өөр рүүгээ татан ойртуулж амыг нь хэрсэн нарийн суран оосрыг хөвөрдөн султгаад илгэн ууттай гурил гарган ирж зөөлөн сэгсэрснээ уут руу гараа шургуулан гурилнаас атган тогоотой шөл рүү цацална . Тэмүжиний гэдэс хоржигонох нь их л тод сонсогдсонд ичсэндээ дороо хий л займчиж харин аав нь битүүхэн мушийгаад -Ганц өдрийн өл даахгүй нь ээ гэж хүнгэнэв .–Аян дайнд явж үзээгүй болохоор тэр болов уу . Та бидэнд бурам , бас нандин чавга авчраарай . Есхэй хий л уртаар сүүрс алдсанаа хүүгийнхээ толгойг татан энгэртээ наагаад аргалын үнэр нэвт шингэсэн үсийг нь удаанаар үнэрлэв . Түнэр харанхуй наашилсаар орчныг нөмрөн авч гагцхүү тулган дунд урам муутайхан өмөлзөх бяцхан түүдэг галын туниа муутай гэрэлийг аг тэврэн нөмөрчихөж чадахгүй хулмаганан тойрно . Тушаатай морьд нь ойрхон тургилаж өвс шир шир хазлана . Есхэй тэрлэгээ хэдрэн одот тэнгэрийн зүг хараад нургитал хурхирч харин Тэмүжин мөн л одод ширтэн нүд нь гялалзан хэвтлээ . Бөртгөлжин том болсон байхдаа гэж бодов . Хоёр жилийн өмнө Тэмүжинийг есөн настай байхад аав нь мөн л ийн сундлаж Бөртгөлжнийд орхиод явсан билээ . Тэгэхэд Бөртгөлжний арван гуравны жил орсон байсансан . Хоёул өвөртөө ороод хоёр тийшээ харан нүдээ яг л ингээд гялалзуулаад хэвтдэгсэн . -Чи намайг зодох уу ?-Хэрэг хийвэл зодолгүй дээ . -Ямар хэрэг . Харин Тэмүжин хариулж чадсангүй . Ямар хэрэг хийгээд ээж нь , бас бага ээж нь аавд нь зодуулдагийг үнэндээ мэддэггүй байсан дээрээс ийнхүү тулгамдав . Гагцхүү аав нь тэднийг урт сур давхарлаж гартаа ороогоод нуруун дундуур нь ороолгодгийг сайн харсан билээ . Тэр тухай нь асууна даа гэж боддог байснаа мартжээ . Нээрэн ямар хэрэг хийсэн эхнэрийг ороолгодгийг маргааш ааваас асуух юм хуна . Бөртгөлжин нуугдлаа гэж хэлчихээд хөнжлийнхөө гүн рүү шургаж хэсэг амьсгаадсанаа өмдийг нь гэнэтхэн шувт татахад Тэмүжин сандран ичиж өмднөөсөө хоёр гараар тас атгаад байдгаараа тийчилж гарна . -Чи ээжийнхээ өвөрт өмдтэйгээ унтдаг уу ?-Үгүй . -Тэгээд яагаад өмдтэйгээ хэвтээд байгаа юм тайлаач . -Чи миний ээж юм уу ?-Эхнэр чинь байна . -Биш . -Биш юм бол яагаад чи бид хоёрт гэр барьж өгсөн юм . -Зүгээр л чи бол миний ирээдүйн эхнэр . Би дараа ирж чамайг авна . -Чамайг ирэх гэсээр байтал өөр хүн ирээд намайг авчихвал яах юм . -Авбал авна л биз . -Юү гэнээ ? Би аяга тарагны үнэгүй юм уу .-Би аян дайнаас зуутын ноён болчихоод олон эхнэр дагуулаад ирэх юм чинь . -Аан тиймүү . Бөртгөлжин Тэмүжиний дээр үсрэн гараад хоёр гарыг нь арагш нь дэлгэн дарах гэж хүчлэн ноцолдоно . Тэмүжин дийлдэхгүй . Сүүлдээ Бөртгөлжин амьсгаадан хажуугаар нь орж хэвтээд -Чи бяртай юмаа гэж шивнэх авай . Аав нь хүүтэйгээ яваагаа мартсан мэт хүржигнэтэл хурхиран хэвтэх энэхэн одот тэнгэрийн дор Тэмүжин хоёр жилийн өмнөх ийм нэгэн сайхан ч шиг муухай ч шиг шөнийг санан дурсаж дахиад л Бөртгөлжинтэй ноцолдон нэгэн оронд хэвтэх нь гэхээс цухал бяцхан бадамлана . Саадаг нум барихгүй саалийн хувинтай нөхцөх хүнтэй нэгэн орон дотор хэвтэх тийм ч таатай бишийн дээр Бөртгөлжний хорон ааш хорлогчингийн үйлдэл бүрийг ер ялагдаагүй мэт дүр үзүүлэн тэсвэрлэнэ гэдэг там бөлгөө . Бөртгөлжин цааш харан нам болчихоор нь “Чи ингээд нэг унтдаг юм байжээ” гэж бодов уу үгүй юү хөлөөрөө цавь руу нь тас тийрэх авай . -Ёо ёо ёо .-Яршиг Чи унтаад байхдаа яадаг юм . -Унтахгүй гээд яах юм ?-Уухилалдая-Чи уухилахгүй юу ?-ҮгүйБөртгөлжин хөнжлөө ам руу нь чихэж дээрээс нь дарахад Тэмүжин дороос нь арай ядан сугарч гараад үнэхээр л нохой шиг аахилдаг билээ . -Чи чинь аахилаад байна шүү дээ уухилал даа .-Би уухилаж л байгаа биз дээ . -Ингэж бишээ ингэж гэнгүүт Бөртгөлжин гингэнэх адил сонин тасалданги авиа гарган чичигнэнэ . Тэр нь Тэмүжинд нэг л ичгүүртэй зүйл шиг бодогдон “Чадахгүй “ гэж цахдана . Бөртгөлжин бол хорлогчингийн аргыг жинхэнэ бодож олдог эм дээ . Цовхрох шиг болоод дээр нь гараад хэвтчихнэ . Гэнэтхэн хүзүүг нь маажиж цус шүүрүүлчихээд учиргүй инээнэ . Тэмүжин инээгээд байхаар нь уурлаж чадахгүй ч дотроо хорсоно . Өмдийг нь тайлах гэж шөнө болгон ноцолддог тэр муухай эм рүү явж байдаг . Гэвч уржнангийнхыг бодвол овоо бөх сураар өмдөө тээглүүрдсэндээ басхүү тайвшран ноцолдвол ноцолдож л байг гэж хайш хэрэг бодоод тэнгэр өөд хартал өөрийнх нь од тохмын чинээ үүлэнд халхлагдан ичингүйрэх аятай бултаганана . Хэдэн жилийн өмнө дагуулан явж мөн л ийм тунгалаг шөнө хээр хонохдоо аав нь тэр одыг зүслэж өгөөд -Миний хүүгийн амь сахигч од шүү . Энэ одыг чи бид хоёр л мэднэ . Өөр хэн ч мэдэх учиргүй гэж билээ. -Ээжид хэлбэл болох уу ?-Болохгүй . -Хасарт ?-Хэнд ч бүү хэл гэж хэлэв бусуу би . Шөнө хээр хонохдоо одтойгоо ярьж бай . Өдөр энд тэнд явахдаа тэнгэрт байрлах зүгт нь үе үе харж миний од бөхүүжин . Шөнө гарч ирээрэй гэж захиж бай . Эс тэгвээс хулжин одож мэдэшгүй . Мөд чи эр цэрэг болж аян дайнд мордоно . Тулааны өмнөх шөнө одоо манаж чагнан хонож бай . Үүрийн өмнөхөн од чинь чоно адил уливал тэр тулаанд амь нас бат . Таг чиг байваас амь сахигч нөхрөөсөө алхам ч зөрж бүү гишгэ гэсэн үг . Могой мэт сэрчигнэвэл дуут суманд , зараа мэт шуухитнавал ирт сэлмэнд үхэх ёртой . -Тэр өдрийн тулаанд оролгүй үлдэж болохгүй гэж үү ?-Болохгүй . Монгол цэргийн нэр төр гэдэг нэгэн цэргийн байтугай түмэн цэргийн амь наснаас хамаагүй өндөр байдаг юм Миний хүү үүнийг бат санаж яв . Бусад санамжийг чамд аравны ноён хэлэх болно гэж захиж хэлсэн нь бодогдон “ Миний од” гэж шивнээд мөнөөх одыг харахад тохмын чинээ үүлнийхээ сэжүүрээр инээмсэглэх адил цухалзсанаа сэмжин үүлнийхээ цаана урьдын адил сүүмэлзэн туяагаа багасган анир алдав . Гэнэт өдөржин түүнийг даган дүнгэнэсэн бүдүүн дуутай шар хэдгэнэ хаа нэгтэйгээс дүүлэн гарч ирээд нүднийх нь дээр агаарт тогтуут нимгэн цахир далавчаараа сормуус руу нь чичигнэн дэвэхэд зовхи нь өөрийн эрхгүй хүндрэн хэн ч даагаагүй солонго адил махир сэлэм эргүүлэн дайралтанд ороход дайсан этгээд уул талыг дамнан хиаран унаж байна гэж зүүдлэн зүүдлэн ааваасаа хамаагүй нарийхан хөгөөр жингэнүүлэн хурхирч гарваа . Өглөөн нар нүдийг нь гялбуулахад Тэмүжин сэрж өндийвөл аав нь алин цагийн босож цай чаначихаад чөдөртэй морьдынхоо хойноос явсан байв . Тэмүжин горхи руу гүйн очиж нүүрээ угаагаад нойтон гар нүүрээ тэрлэгний хормойгоор шудран арчсанаа багаас сурсан зангаар горхины хойт этгээдэд дэрсэнд сүлбүүлэн хатсан томоо хөвхгөр хөх аргалын хажууд очин сөхөрч суугаад үнэрлэвэл гэрийнх нь хажуугаар урсагч жингэнүүр голын хойт эргийн бургасны аргалтай яг адил анхилам үнэр сэнгэнэжээ . Өглөөн жавраар гэрт түлвэл нойрны үнэр нам дарах сайхан үнэртэй аргал байна даа гэж ганцаар яриад хоёр морио хөтлөн тэртээ зүүнтэйгээс наашлан яваа аавынхаа зүг саравчлан харснаа хоносон газар руугаа яарлаа . Тэмүжинийг цулхирын гурилтай цайндаа дэвтээсэн хуруудаа мэрж гүйцээгүй байхад аав нь ирэв . -Аа миний хүү босоо юу . Сайхан өдөр болох нь дээ . -Та намайг сэрээхгүй яасан юм .-Аавынхаа дэргэд унтана гэдэг ховорхон бас хоромхон байдаг юм шүү дээ гэж хэлснээ Есхэй хүүгийнхээ түнтгэр зулайг энгэртээ наан илж алсыг харан бодлогоширсоноо -За цайлж гүйцсэн болжгэм хөдөлцгөөе . Халуун өдөр болохдог . Өнөөдөр хоёул хөх зүрхэнд хүрч хоноглоно . Тэгж гэмээнэ маргааш шөнө хагаслаад худын хүрээнд хүрэх байгаа гэж хэлээд хөтөлгөө мориндоо ганзгалаагаа дарууллаа . Дахиад л мөнөөх шар хэдгэнэ өмнө хойгуур нь хэрж уур цухалыг нь хөдөлгөнө . -Хүү минь чи яагаад л савчаад байна . -Энэ нэг үзээрийн муухай амьтан чинь өчигдөрөөс хойш ээрээд байх юм . -Ямар амьтан байна ?-Хэдгэнэ-Аа . Хол явах эр хүнд заавал нэг дагуул ирдэг . Миний хүүгийн дагуул ирж л дээ . -Танд бас бий гэж үү . -Бий бий . -Таны дагуул ямар амьтан юм . -Хүнд уг нь хэлэх хэрэггүй л юм байгаа юм . Гэхдээ аав нь хүүгээсээ юуг нь нуухав . Аавынх нь дагуул нэг зовсон зараа л байдаг юм шүү дээ . -Яагаад зовсон гэж ?-Үгүй одоо юү ч гэмээр юм бэ дээ . Дандаа л идэх юм цуглуулж явдаг л даа . -Зараа юү иддэг юм . -Аавд нь тэр нь харагдаггүй юмаа . -Тэгээд та идэх юм цуглуулсаныг нь яаж мэдэж байгаа юм ?-Эзгүй явж явж ирэнгүүтээ шалир шалир гээд юм идээд байгаа чимээнээр нь аав нь мэддэг юм . -Та зараагаа морин дээрээ дүүрээд явдаг юм уу ?-Үгүй ээ үгүй . Хоноглох газар ирчихсэн л байдаг юм . -Миний хэдгэнэ таны зараа шиг намайг дагаад хаа ч хүрэх үү ?-Тэгнэ биз дээ . Есхэй хүүдээ өөр юм ч хэлсэнгүй . Тэр зараа яг л өөр шиг нь тулалдаанд орж өдий төдий хар хорхой гүрвэлүүдийг эцэс төгсгөлгүй элдэж тасчин хаяж өвдөл цөвдөлийг нь хэрхэн амаа олохгүй шалир шалир үмхэлдэгийг нь хүүдээ хэлсэнгүй . Нэгэнтээ татаруудтай шийдвэрлэх тулаан хийхийн өмнөх өдөр Есхэйн тэр зараа элбэг бүтэн хагас алд могой барьж яг тэнцүү зургаа хувааж зэрэгцүүлэн тавьж байгаад идчихийг нь Есхэй мэлрэн харсан билээ . Хэмжээгээр тийм ч том биш тэр амьтны зүрх зориг нь чоно мэт шунал дэв нь ирвэс мэт бөгөөд тэнгэрийн амьтасын өөдөөс ч тэмцэн тулахыг юман чинээ бодохгүй гэж Есхэй бат нот итгэдэг бөлгөө . Цэрэг хүний ийм нэгэн хар сүлд хүүд нь ирсэнийг түүний ярьснаас Есхэй ийнхүү олж мэдэв . -Аав гэрийн эм хүнийг ямар үйл хийсэн үед нь зодвол зохистой вэ ?Есхэй таг гацав . “За байз “ гээд хөмсөг зангидан бодлогоширлоо . Ямар хормойн донг нь дарах гэж тэгдэг юмаа гэлтэй нь биш .-Миний хүү тэрүүгээр яахнав . -Би бас Бөртгөлжинг зодох хэрэгтэй биз дээ . Нулимас нь гэрийн хатуу хүтүүг зөөллөж байг . -Ааг тэр яахав дээ . Хааяа хааяа зодмоор санагдсан үедээ л зодож байхгүй юү дээ . -Та ээж , бага ээж хоёрыг зодмоор санагдвал л зоддог уу .-Тэгэлгүй . -За за . Ийнхүү Тэмүжин олон удаа бодогдож олон удаа мартагдсан нэгэн чухал асуултынхаа хариуг аваад тун ч додигор нь аргагүй исгэрлээ . Мөнөөх шар хэдгэнэ мөн л өмнө хойгуур нь ээрэвч тэр одоо түүний уур цухлыг хөдөлгөхөө нэгэнт больжээ . Яг нүднийх нь харалдаа дүнгэнэн тогтносноо заан болон хувирч хошуугаараа бүрээдэвч түүнээс хэдгэний дуу л гарах ажгуу . За тэгвэл чи нохой болоотох гэж Тэмүжинийг амандаа шивнэтэл мөнөөх хэдгэнэ нохой болон хувирч сүүл өргөн хуцаж давхивч түүнээс нохойн дуу бус хэдгэний дуу үргэлжлэн гарах ажээ . Тэмүжинд энэ нь нэн зугаатай санагдан хөгжөөнтэйгээр инээлээ . Есхэй хүүгээ хэдгэнэтэйгээ танилцаж явааг нэгэнт мэдэх тул гайхсангүй . Энэ зуур Тэмүжин хэдгэнээ Ээж бага ээж , Хасар , Намуун-Үжин , Хабул гээд л өөрийн ойр дотны хүмүүсийнхээ дүрд хувирган үзэж баясаад хоёр алгаа амандаа хумбайлган “За одоо ганцхан удаа Бөртгөлжин болоотох “ гэж тушаатал хэдгэнэ уурсах мэт толгойг нь хэдэнтээ тойрч дүнгэнэн эргэснээ хаа нэгтэй рүү алга болов . Өлсөөд хоолондоо явчихлаа гэж Тэмүжин боджээ . Төд удалгүй өөрийнх ч нойр хүрч аавынхаа хормойноос зууран базсан гараа султгалгүй нуруунд нь хярсан хэвээр нам унтжээ . Энэ хир Есхэй алсыг ширтэн нүдээ жийхайлган бодлогоширч явлаа . Өнгөрөгч намар өвлийн заагаар Есхэй адуучин Төмөрхөлийн хамт адуугаа манаж хоноод үнэгэн харанхуйгаар биеийн чилээгээ гарган морь харжээ зогстол өмнө зүгт нэгэн том амьтны хүрд хүрд цогих чимээ жигтэйхэн тод сонсогджээ . Зарим шөнө адуу бараадаад ирдэг тахь юм болов уу гэтэл хөлийн чимээ нь туурайн чимээ биш санагджээ . Тэгснээ чимээгүй болчихоор нь хий юм сонсдог болжээ хэмээн өөртэйгээ ярин алгаараа чихээ таглан гаднаас нь тогшсоор Төмөрхөлийн бараадан хэвтээ хад руу дөхөж явтал гэнэт азарганууд шуухиралдан унгалдаж адуу нь зүүн хойш пижигнэлдэн хулжихтай зэрэгцэн араатанд бариулж байгаа адууны бачимдан орилох чимээ хажууханд нь гарлаа . Төмөрхөл энэ чимээнээр цочиж боссон бололтой “Хайя ...хайя” хэмээн цахиртан хашгирч хормойгоо сүр сархийлгэн дэвэх сонсогдов . -Юү болов ? -Адуу хулжчихлаа . Энэ зүүнтэй нэг л жигтэй юм боллоо . Хоёул мордон хачин чимээ гарсан зүүн зүгт давхин очвол нэг том амьтан овос овос хийгээд байгаа нь л мэдэгдэхээс биш юу болох нь ялгарч харагдсангүй . Төмөрхөлийг адууныхаа хойноос явуулж өөрөө овогоноод байгаа тэр юм юү болохыг харая хэмээн хүлээлээ . Төд удалгүй үүрийн гэгээ шаргалтахад урд өмнө тал хээр нутагт үзэгдэж дуулдаагүй цээж бие нь орог цагаан бөгсөн бие нь орог хар нүүгэлтсэн том чоно Есхэйн хоёр ч дайнд ачаа бараагаа тэгнэн авч явсан бяр ихэт Үг бор нэртэй морийг нь бариад бөгсөн биеийг нь ястай үстэй нь нэгэнт идэж цээжин биеийг нь дотор гэдэснээс нь салгаж зайлуулахаар өтгөн багир дэлнээс нь элбэг хоёр тохой урт дарвагар амаараа зуугаад угзарч байлаа . Чөтгөр шулмас шиг амьтан аж . Есхэйн нуруу хүйт оргиж мориндоо мордон дөхөж очоод-Холд чи гэж зандарсанд гал бадарсан хоёр улаан нүдээр цоргих адил ширтсэнээ цааш эргэн дуртай дургүй өөвөг өөвөг цогиход адууных шиг өтгөн буурал дэл нь ового овогохийнэ . Үзэгдэх дүр нь л чоно болохоос чоно биш байна гэж Есхэйд бодогджээ . Өнөө амьтан цааш хэд харайгаад эргэн хялайснаа нэгэн том бут руу очин дэлээрээ шөргөөн хаяглаж мөнөөх бутыг тойрон үнэрлэснээ өрөөсөн хөлөө дээр өргөн тэр бут руу сарьчихаад “Чи ер нь хэн юм “ гэсэн шиг бахим тавхайгаараа чулуу бутарган хэнэг ч үгүй алхаж ирээд хоолоо дэрлэн хэвтэв . Цатгалдан анилдах нэг нүднээс нь улаан шумуулууд цуварч нисэлдээд нөгөө нүд рүү нь цуварч шингэнэ . Ард нь морин төвөргөөн гарч Төмөрхөл зэрэгцэж ирсэнээ “Оо “ хэмээн уулга алдлаа . Үг бор аян дайнд хөтлөж явахад үг хэлэх шахдаг адуу юмсан даа . Ингээд мангасын идэш болдог байж гэж Есхэй харуусан бодлоо . Нэгэн эхээс жил дараалж төрсөн Үг бор , Үе бор хоёр бор морио Есхэй зөвхөн аян дайнд унах бөлгөө . Хоёул идэр есийн хунгар цасан дунд төрсөн юм . Үе бор эхээс босоо унаж хэд тургиснаа туйван хөлөө цүүцэгнүүлэн шогшиж эхэлсэн бол Үг бор цасан дунд хэвлээрээ унаж удтал босож чадахгүй тийчигнэн амьсгаадахад унасан газарынх нь цас хүрээ татан хайлж байж билээ . Есхэйг энэ мэтийг бодон гашуудан мэлрэн суутал Төмөрхөлийн цуглуулж хамж ирсэн адуун дотроос Үе бор харуусах адил хуухираад хамар сарталзуулан шингэн дэлээ хийсгэн мөнөөх мангас шиг чонын тасдаад холоо шидчихсэн Үг борын сэтэрхий туурайт бахим шийр лүү хатирч очин үнэрлэж үзээд Есхэй рүү нүд эргэлдүүлэн харж Үг борын тэр туурай шиг палбийж сэтэрсэн туурайгаараа газар зөөлөн цавчиллаа . Есхэй санаа алдсанаа-Адуугаа гэр өөдөө ойртуул гэсэнд Төмөрхөл хариу хэлсэнгүй зөөлөн исгэртэл Үе бор нялх унага шиг дэрхийн бусгаад адуу руугаа хатирч адуу нь ч гэр өөдөө дэргэлээ . Есхэй адуугаа туугаад исгэчиж яваа Төмөрхөлийн араас харж сууснаа бараа нь тасармагц босож хормойгоо шуугаад шүдээ шажигнуулан зуумагц гуталынхаа түрийнээс махир хутгаа сугалаж хөндлөн бариад мөнөөх мангас шиг чоно руу эрслэн алхтал нүдээ анилдуулан хэвтэж байсан чоно овгосхийн өндийлөө . Одоо түүний нүднээс час улаан шонхор шувууд исгэчин нисэлдэх шиг хурц улаан гал ар араасаа цувран дүрэлзэнэ . Есхэй зогтуссанаа “Ирвэл иртүгэй” гэж амандаа зуунги шивнээд урагшилвал чонын нүднээс нисэн гарч байсан улаан шонхорууд өнгөө хувиргаж хөв хөх юм болоод нүд нь гөлсхийн цааш зуларлаа . Гэвч тэр холдсонгүй эргэж хараад оцойн суув . Есхэй хөлөг морь нь байсан тэр цээжийг түшсэнээ дэлнээс нь хэсэг хялгас сугалан авч гуталынхаа түрий рүү чихээд хурц махир хутгаар толгойг нь хоромхон зуурт салган авч цусыг нь савируулан тэртэй хойт зүгт дүнхийгч өндөр уул руу алхлаа . Ард нь морь нь цочин тургиж мөнөөх араатнаас чацга алдан айн сандарч тушаатай хэвээр дэгж явааг ч анзаарсангүй . Үг борынхоо толгойг цагаан дэрст ууланд ийн залснаас нь хойш ч сэгсгэр дэлтэй улаан нүдэт тэднийхийг үе үе эргэсээр л байлаа . Анхны цас унасны дараа тал нутагийн хаа л бол хаа шогшиж явдаг хөх чонын бүхэл бүтэн сүрэг оройлон салхи сөрөн давхиж явахыг нь Есхэй олон удаа харсан билээ . Гуравдахь цас орсоны дараа мөнөөх мангасын сүрэг Есхэйд дайн зарлах адил боллоо . Тэр муухай амьтас ямагт хээлтэй гүү иднэ гээч . Нэг суурин дээр хоёр амь таслуулдагтаа Есхэйн гол горойж нэг л өдөр чамайг аман хүзүүгээр чинь тас харвах хуна гэж заналхийлнэ . Тэгэвч харвах завдал гарахгүй л байлаа . Тэгсэн нэг өглөө гэрээс нь холгүй хоносон үхэр рүү нь мөнөөх сүрэг чоно довтолж нэг суурин дээр тугаллах дөхсөн арван дөрвөн үнээг нь идчихсэн байх нь тэр . Есхэй цээжээ хорстол хүрхрээд чонон зэвт гэгдэх тахь нэвт сүлбэдэг махир зэвтэй сумнаасаа хоёрыг нь сугалаж аваад мөнөөх араатныг отон бут нөмөрлөн хэвтлээ . Үүрийн өмнөхөн хүр хүр гэсэн чимээ гарсан зүгт нумаа загас адил эвшээлгэн ханатал нь татаж байгаад тавьчихав . Чонон зэвт сум нь гингэнэн ульснаа нэгэн том юмыг түсхийн онохыг сонсмогц өглөөн нарнаар толгойг нь тасдаж үг борынхоо толгой дор ивнэ гэж амлаад гэртээ орж чухам дайснаа дарсан баатар эрийн амгалан нойроор бөх хурхирав . Тэгээд бага үдийн хирд босож мөнөөх ан руугаа очтол мангас чоно цатгалан нүдээ жийхайлган анисган завсраараа час улаан шумуулаа цувуулан унтаж гагц түүнийг тойрон шивээлэн унтаж хэвтсэн талын хөх чононууд Есхэйн морин туурайн чимээнээр сэрж сэрийтэл өндийлдөн урт улаан хэл гарган эвшээцгээлээ . Есхэйн омог дүрсхийж нумаа шүүртэл мангас чоно ч сэрж их л жавхаатайгаар хотойн суниагаад ижил сүргээ дагуулан “Яршиг холдоё” гэх шиг талын гүн рүү шогшив . Харвал чонон зэвт нь мөнөөх ширэлдсэн их дэлэнд нь зүүж өгсөн чимэг зүүлт шиг санжиганах аж . Тэрийг хармагц “Яах аргагүй арьс маханд туссан сум яахаараа үс дэл дотор орчихдог билээ “ гэсэн маналзсан бодол хар шуурга адил дэгдэж өөрийн мэдэл мэдрэлээс давсан бүхнийхээ учир начрыг очиж асуудаг заарин руу яаруулав . -Чи түүнийг алая хэмээвч чадахгүй . Усан зүрх чинь шантрах , улцан нүд чинь халирах , уушигны чинь хий цуцах урд тивээс ирсэн миний эцэг бөрт юм . Түүнийг бүү хажигла . Өргөлийг чинь хүртэе . Харгилыг чинь химлэе гэж иржээ . Хөх тэнгээр гээд зайран чимээ алдаж нүднийхээ өмнүүр татсан хар азарган дэл гивлүүр доогуураа хялайж байгааг нь Есхэй анзааруут цочигч болон дайвалзаад -Аваг аваг гэсэн бөлгөө . 1
Үргэлжлэл бий..


0 comment(s) to... “АРВАН ГУРАВДУГААР ЗУУН Түүхэн Роман. 1-р бүлэг эхлэл”

0 comments: