Арван гуравдугаар зуун хоёрдугаар бөлөг

Posted 8:43 PM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:

Чи чинь араас дайрдаг хамхуул уу аан гэнгүүт Хадар ганцхан тийрч ухасхийгээд дээр нь гарч элгэн дээр нь тохойлдон амьсгааг нь давчдууллаа . Тэмүжин бачимдахдаа гарыг нь хазчихав .

-Өө муу эм Таяны зулбасага чинь ингээд чи хаз ингээд хаз хэмээн Хадар шүдэн завсраараа сийгүүлээд хоолойг нь шахлаа . Гар нь тэсэхийн эрхгүй шөрмөстэй ажээ . Тэмүжиний нүднээс нулимас нь сул асгарав .

-Чөрхтэй боол болж чөдөр ногтыг минь ойртуулж явах уу аан гэж Хадар амыг нь асуухад

-Чи өөрөө гэж хэлэх гэсэн боловч чадсангүй хоолой нь хий чихрав .

-Задарсан муу боолыг дээ гайгүй . Дуугарахгүй байна гэнээ аан гээд хоолойг нь бүр хүчтэй шахлаа . Тэмүжин хий л тийчлэв .

-Дахиад сарвайгаад үзээрэй Хадар ийн заналтай шивнээд дээрээс нь босож муу хазагчаас үтэр түргэн холдтугай гэх шиг шууд гараад явчихав . Тэмүжин доромжлуулсандаа хорсон хорсон сул асгарах нулимсаа ханцуйгаараа шудран тэрлэгээ нөмөрч байтал Бөртгөлжин орж ирлээ .

-Та чинь яачихав аа ? Хадарт зодуулав уу ? Ингэдэг муу золиг шүү . Бөртгөлжин энгэртээ толгойг нь наагаад “За битгий уйл . Тэр мууг хоёул дараа болгоод өгнөө “ гэж аргадлаа . Эхнэр авсан өдрөө ингэж доромжлуулсанаа хэрхэвч мартахгүй гэж Тэмүжин зүрхэндээ тангаргалахдаа энэ муу хээрийн бэлтгэлд явж л таараа тэр үед морин дээрээс нь бугуйлдаж талаар чирч давхиад омгийг нь дараад өгөх юм хуна гэж занасандаа хорсол нь бага зэрэг тайлагдав . Өдөржингөө гиүрлээ . Дэмий л богцтой юмсаа нэг гаргаж буцааж эмхлэж хийнэ . Хоёр дүүтэйгээ хичнээн зугаатай байдаг байсныгаа сая л ойлгож “Аав ээж хоёр намайг яах гэж яаран гэрлүүлж байгаа юм бол “ хэмээн гайхишран бодсоноо “Дайнд явна гэдэг амь дүйсэн хэрэг . Аав нь өнөөдөр гэр орноо оройлж яваа юм . Хэрвээ дайнаас эргэн ирж чадахгүй бол миний хүү аавыгаа залгаж гэр орноо оройлж явах болно шүү дээ . Анхандаа амаргүй ч байж мэдэх л юм . Гэвч хичээгээрэй . Ээж бага ээж хоёрт чинь дүү нарт чинь чиний нөмөр нөөлөг хэрэгтэй шүү “ гэж аавынх нь захиж хэлсэн нь бодогдоод үүсгэж өгсөн гэрийг нь тойруулан харж энэ гэрийн эзэн шүү дээ би гэсэн бахархал ч юм уу нэгэн бодол төрж хоолойгоо засна . Шар хэдгэнэ Тэмүжиний завилаж суугаа цагаан эсгийний захад даарсан бололтой бөөвийтэл чичирч суугаа харагдана . Бөртгөлжин орж ирэвч төдөлгүй эргээд л гараад явчихна . Харин үдээс хойш Бөртгөлжин завтай болж хоёул том нэхий ууттай шагай ширдэг дээгүүр цацлан асгаад бөгцөг няслаж суутал Сүнжгоо орж ирээд “Хатан ижий дуудлаа”гээд дагуулаад гарлаа . Бөртгөлжин орой болтол орж ирсэнгүй . Оройн хоолны дараа Бөртгөлжин ч Сүнжгоо ч завтай болцгоосон боловч нэгэнт харанхуй болжээ .

-Гурвуул бөгцөг няслая л даа гэж Тэмүжин тэр хоёрыг шалсан авч

-Орой болчихлоо . Өглөө эрт үнээ тугалын ажилтай гээд эвшээцгээлээ . Харин Тэмүжиний дотор “Эхнэр авна гэдэг ч дээ шал уйтгартай хэрэг байна “ гэсэн бодол бөхөх дөхсөн дэнгийн гэрэл шиг сүүмэлзэнэ . Тэгсгээд унтаж амрах болцгоож Сүнжгоо Бөртгөлжин хоёр Тэмүжиний дээл хувцасыг тайлах гэснээс болж нэг жаахан дажин үүслээ . Хоёрын хоёр эмэгтэй хүн гутал хувцасыг нь тайлах гэж уралдсан нь хувцаснаасаа зүгээр л сугараад ээжийнхээ өвөр рүү үсрээд орчихдог Тэмүжинд огт таалагдсангүй .

-Та чинь яагаад гар хөлөө хавчаад таг болчихвоо .

-Би өөрөө тайлна .

-Аа тиймүү . Сүнжгоо хөл дээр нь дараарай гэнгүүт Бөртгөлжин нүдээ гялтгануулан бүсийг нь тайлж авах гэж дайрлаа “Та хоёрт дийлдэхгүй дээ”гэж Тэмүжин шүдээ зуун бодоод хоёр гараа элгэн дороо хамхин дарж таг хэвтэв . Бөртгөлжний мартагдсан зан сэргэчихсэн бололтой хоржоонтой инээд алдсанаа “Энэ чинь үнэнхээсээ зөрүүдлэж байна . Сүнжгоо сайн дараарай” гэнгүүт тас хавчсан суганых нь завсраар гараа шургуулах гэж ноцолдлоо . Хэн хэн нь удтал нүүрээ чинэрүүлэн амьсгаадан ноцолдсондоо халууцаж эхлэв . Тэмүжин Сүнжгоог тийрч унагах гэж мэрийн тийчиллээ .

-Бөртгөлжин би хөлийг нь алдах нь ээ .

-Тэсээрэй би одоохон гэнгүүт Бөртгөлжин амьсгаадан ноцолдсоор гараа суган завсраар нь оруулангуут хуруунуудаа арвагануулан гижигдэж эхлэв . Тэмүжин инээд нь хүрэвч ер жишим ч үгүй байгаагаа мэдүүлэх гэж нүүрээ чинэрүүлэн сугаа улам хавчина . Гэвч удаан тэсэж чадсангүй . Түсхийтэл инээд алдаж түүнээ цайруулах гэхдээ

-Та нар хамгийн муухай арга хэрэглээд байхдаа яадаг юм гижигдэнэ гэдэг чинь ...ээээ... гэж ээрлээ . Эмсийн л арга шүү дээ гэж эмэгтэй хүмүүст хэлэлтэй нь биш дээ . Тэд ганц чаддаг аргаа хэрэглэсэн нь бууж өгөх шалтаг нь болов .

-За за бууж өгөе гээд дуулгавартай болж өнөө хоёр дээл гуталыг нь тайлж авахад орондоо орж тооно руу нүдээ гялтгануулан хэвтлээ . Тэртэй тэргүй гэрийг нь бүдэгхэн гэрэлтүүлж байсан дэн унтарч гэрийн зүүн талд Сүнжгоо Бөртгөлжин хоёр ямар нэгийг түргэн түргэн шивнэлдэнэ . Гэрт таг харанхуй болсон атал хоймрын ганцхан унин дээр сүүмгэр цэнхэр туяа цайвалзаж тэр туяан дотор шар хэдгэнэ гэдэргээ хараад далавчаараа арвагар хөлнүүдээ хуччихсан унтаж тэндээс азарганы хуухирах дуу сонсогдоно . Шивнэлдэх чимээ шар шур гэх чимээнээр солигдсоноо нам гүм болчихлоо . Тэмүжин хаашдаа Бөртгөлжинг хажуугаар нь унтах байх гэж бодоод хана руугаа шахан ирэхэд нь унтчихсан хүн болохоор шийдэн буруу харан худлаа хурхирахдаа өмднийхөө суран тэлүүрийг дахин чангаллаа . Гэвч хэн ч хөнжлийг нь сөхөн орж ирсэнгүй удахаар нь гайхан эргэж харав . Унин дээрх мөнөөх сүүмгэр гэрэл рүү нэг арвагар аалз мөлхөж явна .

-Хүн байна уу ?

-Та унтаагүй байгаа юм уу ?

-Аа Бөртгөлжин чи унтах болоогүй юм уу ?

-Би орондоо орчихсоон .

-Юу ? Сүнжгоо та хоёр цуг унтаж байгаа юм уу ?

-Сүнжгоо гэр рүүгээ явчихсан .

-Чи ... гэснээ хоолой нь аргаж уруулаа шилэмдэв .

-Та арай айгаагүй биз дээ ?

-Айна гэнэ шүү . Тэхдээ толгой дээрээс энэ нэг аалз унах гээд байх юм .

-Юу ? Аалзаа ?

-Тийм .

-За за хоёулаа цуг унтая .



5 comment(s) to... “Арван гуравдугаар зуун хоёрдугаар бөлөг”

5 comments:

Anonymous said...

Уг нь гоё блог даана ч эзэн нь ажилгүй юм даа



A.Амарсайхан said...

Яалаа гэж. Бичих ажилдаа дарагдаад байна шүү дээ.



Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Энхболд ахдаа шинэ оны мэнд хүргэе



Anonymous said...

Tanii romanuudiig unshlaa. Ih taalagdlaa. Saihan hyyhed nasnii dursamjaar dyyren. Unshxaar setgel neg l saihan zuulun bolood irhiim. Tand bayarlalaa.



Anonymous said...

Hurdhan Tuguldur, 13-r zuun romanuudiin yrgeljleliig unshih yumsan