Төгөлдөр (роман-1)

Posted 12:19 PM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:
Нэгдүгээр ангийнхны хичээл таржээ. Тожийсон тожийсон юмнууд сургуулийн хаалгаар чихэлдэн гарч ирээд “Ура“ хашгиралдсанаа нэг нэгнээ хочлон шүлэглэж, цүнхээрээ салам нүдэлдэж байхыг Төгөлдөр цонхоор нүд буландуулан харж суулаа. Сумын заан Босоо Шагдар гуайн Борхүүг хэдэн хүүхэд тойроод зогсчихсон
Босоо Шагдарын боовон толгойт
Боорцогны хулгайч - еэвэн толгойт хэмээн цоллон хашгиралдаж Борхүүг цүнхээ далайн хөөхөд хөхрөлдөн тарж зугатаад гайгүй холдоцгоомогцоо буцаж нийлэлдэн зээглэж зогсоод
Босоо Шагдарын гэдгээ хоолой нийлүүлэн хашгирцгаана. Борхүү түнтийтлээ уурлаж цүнхээ далайн гүйж явтал цүнхнээс нь ном дэвтэр нь сугаран унаж салхинд хуудаснууд нь далбаганан хийсэхэд Төгөлдөрийн инээд өөрийн эрхгүй хүрч жуумалзлаа.
Ангид нь зэврүү орогнож хүүхдүүд гараа ханцуйдаа шургуулан ихэнхи нь багшийн үгнээс илүү гадаах чимээ шуугианд автан завсарлага хүлээн тэсгэл алдан байгаа нь илт аж. Дарга нарын байр гэгдэх эгнүүлэн барьсан олон гэрийн ардуур жижиг жижигхэн хуй салхи үе үе босч түйрэгнэсэн шар шороо эргэлдүүлэн сүр орон хуйсагнаснаа дорхноо намсхийн арилна. Тэртээ баруунтай Хөхшөө уул дүнхийж сургууль өчнөөн жил өвөлжин түлдэг хир нь ер дундлаж байгаагүй уул шиг их заг наагуур нь бүхнийг халхлан нүүгэлтэнэ. Тэр их заган уулаас цааш хээр тал эхлэж Хөхшөө уул хүртэл сунайн үргэлжлэх авай. Тэр хээр талд Төгөлдөрийн өнжөөд л явж түүдэг түлээ түлшээс авахуулаад мундахгүй олон юмс бий. Өнөөдөр түлээнд явна ирээд ханатлаа байлдаж тэвэг өшиглөнө дөө. Харин Хайдавын ухаа ягаан үстэй, тугалганых нь жин үсэндээ яг таарсан араараа дарахад хаашаа хамаагүй нисээд алга болчихгүй байран дээрээ буцаад л ирдэг тэвэгийг юугаар арилжиж авъя даа гурван төгрөгөөр ч зарахгүй л байх даа гэж бодож суутал нь
- За хичээл ингээд дууслаа. Одоо ангийн ажил гэсэн Норжин багшийн намуухан атлаа нэг л зуунги дуу сонсогдож Төгөлдөрийн нуруугаар жаран хөлт хүйт оргиулан арваганан гүйх шиг боллоо. Дотуур өмдөө өглөө солих нь сольсон л доо. Гэхдээ л ...
Норжин багш юуг ч юм үргэлжлүүлэн ярьж байвч чих нь хэсэг дүнгэнэн шуугиж байснаа тэмээ мал орилох ч шиг ямаа майлаад ч байх шиг ертөнцийн огт өөр чимээ шуугианд эзлэгдэн тэдгээр амьтад одоо Төгөлдөрийн чихээр дамжин дотогшоо ямар нэг юм руу зүтгэцгээх шиг эмх замбараагаа алдан түжигнэцгээж эхлэв . Гэхдээ тэрээр багшийнхаа амны хөдөлгөөнөөр хэсэг хүүхэд дуудаж байгааг тэдний тэргүүнд өөрийн нэр гарахыг ягхийтэл мэдрээд ширээгээ аажуухан түлхэж бослоо. Ангийн дарга Жаргалмаа самбарын өмнө гарчихсан
- Та нарыг хуу нэгжинэ дээ гэсэн зэвүүн ч юм шиг тавласан ч юм шиг харцаар тас шилбүүрдэн шилбэлзэнэ.
- Алий Төгөлдөр гараа дээш нь өргө гэж багшийн тушаах үед өнөө олон амьтад чихнээс нь чихэлдэн гараад аль нэг зүгт ум хумхгүй хулжин одох шиг болж Төгөлдөр аргагүйдэн гараа өргөлөө.
- Хүүхдүүдээ харцгаа хүний гар яг ингэж сайртаж хагараад хагархай нь ихэссээр байгаад тасарч унадаг юм. Багш ийн яриут цүнхээ чухалчлан уудлаж нөгөө зургаа гаргалаа . Өдөр болгон ангийн ажил дээр гаргуулж, буцаж эвхүүлсээр байгаад тэр зураг эвхээсээрээ тасрах шахжээ. Өтгөн бавгар сахалтай, тохойноосоо урагшхи хэсэг нь тасарч алга болсон хоёр гараа өргөөд уйлах гэж байгаа юм шиг нүүрээ үрчийлгэсэн тэр хүний зургийн дор Төгөлдөрийн огт мэдэхгүй том том үсэг / үсэг л байлгүй өөр юу л байв гэж / сэрийж байх нь сүртэй.
- Та нар энэ Төгөлдөр, Хайдав, Болд нар шиг гараа угаахгүй яваад байвал ийм л болно. Сайхан байна уу. Хоолоо хийж идэж чадахгүй, ер юү ч хийж чадахгүй ийм хүн болох гээгүй л юм бол гараа арчил. Амархан шүү дээ, түмпэнд ус хийгээд зуухан дээрээ тавьж бүлээсгэнэ. Дараа нь тэр усандаа гараа дүрээд гучин минут сууна. Тэгээд яах билээ .
- Намуу цэцэг савангаар савандаад ширүүвтэр даавуугаар үрж угаана .
- Зүйтэй дараа нь яахав?
- Тос түрхэж шингэтэл нь үрнэ.
Ангид хургасан зэврүүн хүйтнийг үргэж хаалганы доогуурх том зайгаар гадагш дайжтал хүүхдүүд нэгэн дуугаар ийнхүү нирхийлгэнэ.
- Зүйтэй хүүхдүүдээ харин энэ ажлыг өдөр болгон тогтмол хийх хэрэгтэй. Тэгвэл энэ хүн шиг болохгүй багш ийн хэлээд зургаа эвхээсээр нь нандигнан эвхэнгээ
- Жаргалмаа үзлэгээ эхэл гэмэгц цаадах нь Бямбаа хэмээн сүртэй дуудлаа. Бямбаа ч урвайсаар доошоо харан ганц нэг алхсаар Жаргалмаагийн өмнө очиж тонгойвол тэрээр түүний үсийг нарийхан бор хуруунуудаараа ярж сурамгай шаламгай нь нэт нэгжиж онгичсоноо эрлээ дор нь олж хоёр хуруугаар чимхэн багшийн ширээн дээрх шилэн дээр ихэмсгээр тавьлаа. Дулаан үүрнээсээ баригдаж хүйтэн шилэн дээр гэнэт тавигдсан нөгөө амьтан царцчихав уу гэлтэй хөдөлгөөнгүй тонтойно. Багш дахиад л ярьж эхлэв.
- За тэр. Та нар инээлдэх юм байхгүй бүгдэд чинь бий. Ер нь манай ангийн Жаргалмаа, Цолмон, Наран гураваас бусад нь үүнийг үржүүлж бие биедээ түгээж явдаг гэж ярингаа цүнхнээсээ томруулагч шилээ гаргаж хүүхдүүдийг нэг нэгээр нь дуудаж нөгөө амьтныг томруулж харуулав.
- Та нар тэр шүдийг нь хар. Ийм л муухай хурц шүдээр та нарыг хазаж өвчлүүлж байна. Энэ олон хөлийг нь та нар харж байна уу. Энэ муухай хөлөөрөө биен дээгүүр чинь зүгээр л гүйж явдаг гэж та нар бодож байна уу. Үгүй. Та нарыг маажиж, энэ арвайсан балиар хөлөө арьсанд чинь шигтгэж арьсыг чинь урж энэ амьтан явдаг. Тэмээнд шигдсэн хувалзыг та нар бишгүйдээ харсан. Энэ амьтны хөлд нь ч биенд нь ч хувалзны төрлийн микрооб гээч амьтан үй олноороо шигдээстэй явдаг. Тэр амьтан янз бүрийн өвчин тараадаг ойлгов уу.
- Ойлголоо.
- Юү ойлгов.
- Бөөс муухай.
- Зүйтэй . Одоо тэгвэл яахав?
- Бөөсөө арилгана.
- Зөв . Яавал бөөс арилах билээ?
- Усанд орвол.
- Зүйтэй, өөр?
- Саариа арилгана.
- Зүйтэй. Харин та нар энэ үгийг бүтэн жил тоть шиг давтлаа. Бөөс саарь арилаагүй л байна. Хэзээ арилгах юм бэ?
- Маргааш.
- Бишээ. Өнөөдөр. Халуун ус онгорхой байна. Өнөөдөр усанд орцгооно шүү. Ойлгоцгоов уу?
- Ойлголоо.
- За ангийн ажил дууслаа. Бямбаа наад бөөсөө гаргаж хая.
Бямбааг бөөсөө чимхэж аваад гарахтай уралдан хүүхдүүд дэрхийлээ. Сургуулийн хаалгаар гармагц бөөн хүүхэд Хайдавыг бараадан дагалаа. Төгөлдөр тэдний араас гүйх гэснээ гэнэт нэгийг санаж цааш харан инээлдэж яваа хэсэг охидын араас гүйж гүйцэж очмогц Жаргалмаагийн нуруун дундуур цүнхээрээ нэг сайн савчихаад эргэн зугатлаа. Зугатах зуур эргэж харвал Жаргалмаа нүүрээ даран сууж байх нь уйлж байх бололтой.
- Больж муу хогийг. Хүнээс дандаа бөөс олно шүү муу улаан бузарт чинь гэж Хайдав түүнийг сайшаан угтлаа.
- Чи өнөөдөр түлээнд явах уу?
- Явна. Харин чи?
- Явна.
- За тэгвэл түргэхэн цайлчихаад Батжаагийнхаар дайраад ирээрэй. Цаадахын чинь дугуйн хигээснүүд мултраад унасан гэнэ.
- За за.
Төгөлдөр тэднээс салж цэцэрлэг рүү яарлаа. Ээж нь хүүгийнхээ толгойг зөөлөн алгаар илж магнай дээр нь үнэрлээд
- Миний хүү ийшээ суу. Эрхлэгч харвал ээж хүү хоёр балрана гэсээр хаалганы ард нууцгайдуу тавьсан ширээнд суулгаад шөлтэй хоол буузаар дайлж араас нь хатсан яавлагтай компот аягаллаа. Төгөлдөр гэдсээ түнтийтэл идэж аваад ээжийнхээ өгсөн хэдэн чихрийг цүнхэлмэгц босож хэхрэн үүд рүү зүглэснээ
- Ижий би түлээнд явлаа гэв.
- Яахнав миний хүү хичээлээ хий. Овоолоотой түлээ байхад ...
- Аа ижий. Хайдав, Батжаа, Болдоо эд нар бүгд явж байхад чинь ...
- За тэгвэл өөрөө мэд. Эрхлэгч ороод ирнэ шүү миний хүү дэгд.
Төгөлдөр гэртээ ормогц баруун ор руугаа цүнхээ шидчихээд хувцасаа сольж бахиал гутал хөвөнтэй дээлээ өмсөж ээжийнхээ өгсөн хэдэн чихрийг цүнхнээсээ авч өмднийхөө халаас руу хийчихээд таваг дээрээс бөөн бөөн боорцог хурууныхаа салаануудаар сарвайтал атган өвөр рүүгээ хэдэнтээ хийж эрэгнэг дээрээс нэгтийн бидон шүүрч данхтай цайнаас хийж дүүргээд тагламагц тэврэн гарлаа. Илүү гэр рүүгээ тоос дэгдээн таварцаглаж унах нь халаг шурхийн ороод тэргээ түрэн гаргалаа. Төгөлдөрийн тэрэг сумандаа хамгийн хээнцэр, бас даацтай нь. Далан тавын гэгддэг унадаг дугуйны найман дугуйг хоёр хоёроор нь урт голд давхарлаж суулгаад нимгэн цагаан модоор дөрвөлжин тэвш хийж тэвшнийхээ хананд эрвээхэй, хэрэм, туулай зэрэг амьтны дүрсийг тосон будгаар цоолборлон чимсэн нь хаа холоос өнгө ялгаран харагдана. Энэ амьтдыг нагац ах Балдан нь цоолборлож өгсөн билээ. Балдан ах нь аймгийн урчуудын хороонд толгой цохидог зураач тул Төгөлдөрийн тэргийг чимэхдээ төдий л их хүч хөдөлмөр зарсангүй. Нэг л өглөө хийчихсэнсэн. Харин тэрэгнийхээ урд хэсэгт Төгөлдөр өөрөө бодон бодон хөрөөдөн хөрөөдөн цөөнгүй модон хайрцаг сүйтгэж баймааж нь давхар тасалгаа хийсэн билээ. Тэндээ түлш хийх шуудайнууд, тэднийгээ хүлж торгоох шидмэс дээс олс сэлтийг хийнэ. Бидонтой цайгаа дээрээс нь хийж гал асаах шүдэнз лаа байсандаа байна уу үгүй юү гэдгийг тэмтрэн шалгаж үзээд тэд нь байж л байсанд бяцхан санаа алдаж тайвшраад тэрэгнийхээ суран оосрын үзүүрийн томоо гогцоог цээжиндээ углан “Ишш чүү“ хэмээн шүдний завсраар сийгүүлэн зүтгэснээр явах бүрийд л сэтгэлийг нь хөдөлгөөд л байдаг түлш түүх аяндаа шуударвай. Тэрэг нь олон дугуйтай атал нэг л хөдөлчихвөл сумандаа хамгийн хөнгөн нь.Мөнөөх урт голд шаариг суулгаж байгаад дугуйгаа бэхэлсэн болохоор тэгдэг бизээ. Түүнийг ч мөн л Балдан ах нь хийж өгсөн билээ. Гэтэл бусад хүүхдүүдийн тэрэг тийм биш. Түлш нэмэгдэх тусам дугуй нь шороонд шигдэж тэрэг нь арагш цахдан эзнийгээ байдгаар нь бөхийлгөх бөлгөө. Зогсож амсхийгээд хөдлөх бүрийд Төгөлдөр бусдынхаа тэргийг түрж шуудруулж өгөөд өөрөө хамгийн сүүлд хөдөлнө. Тэхдээ нөхдөө зэгсэн хол явахыг нь хүлээж байгаад хөдөлнө дөө. Нэг л хөдөлчихвөл тэргэнийх нь найман дугуй жирэлзэж үе үе тэрэг нь эрчээрээ өнхрөн ирж бөгс рүү нь мөргөхөд цухал бяцхан хөдөлнө. Чамайг нэг тооромсогтой болгочих юмсан гэж амандаа гүвтнээд тэрэг рүүгээ хяламхийнэ. Ховрын ховор энэ дугуйнууд Төгөлдөрийн тэргэнд наймаараа хослон жирэлзэхийн зэрэгцээ илүү гэрт нь бараан дор цоо шинэ дөрвөн дугуй тэргэнд эргэх ээлжээ хүлээн тосны нэг л таатай үнэр ханхлуулан нууцгайдуу байж байгаа. Ийм дугуйны нэг муу тал нь ахиухан түлээ аччихаар яайжиганаад хигээснүүд нь мултраад унадаг. Тийм болохоор өдөр болгон хигээсээ шалгаж суларсан байвал чангалаж байх ёстой болдог. Ялимгүй залхуурвал уу тэрэггүй болох нь тэр. Гэхдээ л дугуйн талаар хамгийн санаа амар явдаг хүн гэвэл яах аргагүй Төгөлдөр юм. Ээж нь түнэр харанхуйгаар энэ амин чухал хэрэгтэй дугуйнуудыг хоёр нэгээр нь тэвэрч ирдэг билээ. Сандарч тэвдэн амьсгаадсаар гэртээ ормогц сая санаа бяцхан амарч
- Ёох Балданлхам минь. Улаан Банзрагч түлээний ард отож хэвтэх шиг оргиод зүрх уушиг амаар гаргачих шахлаа. Хөөрхий минь цэцэрлэгийн хэдэн хүүхдийн буян гэж залбирах сүүрс алдахын завсраар ёс шиг хэлнэ. Жаахан хатсан яавлаг, эсвэл тэр бүр олддоггүй баавгайтай чихэр өврөөсөө гаргахдаа ч юм уу, саван дээрээ Масло гэсэн бичигтэй амтлаг тос, хэд гурван талх, цагаан будаа ер юү ч үүрч ирсэн мөнөөх л “Хөөрхий минь цэцэрлэгийн хэдэн хүүхдийн буян дундрашгүй юм” гэдгээ үглэх бөлгөө ...
Батжаагийн илүү гэрийн гадаа Хайдав, Болдоо, гүрвэл Төрөө, янгир Мөнхөө доод ангийн бас бус хэдэн хүүхэд цуглачихаад Батжаагийн тэрэгний дугуйнуудыг салгачихсан хигээснүүдийг нь нэг нэгээр нь чангалан дор бүрдээ ажилд дарагдчихсан шуухитнацгааж байв. Батжаа илүү гэр рүүгээ орж гаран юуг ч юм эмхлэж цэгцлэн оролдож байснаа
- За та хэд наадхиа дуусгачихаад ороод ирээрэй гэмэгц гэртээ ороод таг боллоо. Цугларагсад ч төдөлгүй ажлаа дуусган Батжаагийнх руу орцгоолоо. Мань хүн хоймроо суугаад өмнөх том мөнгөн аягандаа мах боорцог дүүргэн хөшиглөөд уур савссан цай хийчихсэн ам нь түнтийгээд завгүй бумбаганаж байсан тул “Наашаа суугаад идэцгээ“ гэж байгаа бололтой нүдээ гялалзуулан толгойгоороо гэрийнхээ зүүн баруун тал өөд дохисноо өмнөх гадартай мах руугаа эрүүгээрээ дохилоо. Тэднийх гэж хөл гишгэх аргагүй цул хивс. Гоё гоё эрээн авдрууд дээр том том толинууд эгнүүлээд тавьчихсан нь улам ч сүр оруулж хүүхдүүд хулмаганан үүдэнд бөөгнөрлөө. Батжаа амаа бумбагануулан дахин дохисонд зоригтойгоороо гүрвэл Төрөө хоймроод зүтгэж Батжаагийн хажууд өвдөглөн суутал гутлынх нь хаанаас ч юм бөөн элс савирч өнөө нүд эрээлжлэм хивсэн дээр тэр дороо овойгоод ирэхийг хараад Төгөлдөр өөрийн эрхгүй жуумалзлаа. Төрөө түүнээ анзаарч байгаа ч янз алга том гадартай махнаас нэг шаант шүүрч эрээн булчингаас нь үмхүүт шувт татан зажилж гарлаа. Түүнийг хармагц Хайдав шүлсээ гудхийлгэснээ хоймроод зүтгэсэнд бусад нь дагалдлаа. Харин доод ангийн хэдийн зориг арай хүрсэнгүй өлөн нүд гялалзуулан тэр хэдийг атаархан ширтэж зогстол Хайдав ихэд өгөөмөр зан гарган
- Май та хэд энийг хуваагаад идчих гээд булцайсан том махтай дунд чөмөг богтос хоёр авч өнөө хэд рүү сарвайлаа. Төгөлдөрийн хувьд ээж дээрээ очоод энэ байтугай амттанаар дайлуулсан тул хоол сонирхсонгүй харин жаазтай зураг ширтэн сууж байтал үүд сэвхийх шиг болоход сэртхийн эргэж хартал Батжаагийн ээж Найдалмаа дарга ороод ирчихсэн өнөө хэд рүү том харснаа
- Өө миний хүүхдүүд цайлж байгаа юм уу гэсэнд нэг нэг яс бариад шүдээрээ мэрэнгээ наг наг инээлдэж байсан хэд таг болж хөшсөнөө гэнэт ухаан орсон аятай барьж байсан яснуудаа гадар руу чулуудчихаад дэрхийн босов.
- Яав хүүхдүүд минь идээч суугаад идэцгээ гэсэн авч өнөөдүүл
- Зүгээр зүгээр гэлцэн үүд рүү зүглэлээ. Батжаа нөхдийнхөө араас өндөлзөж аягандаа үлдсэн мах боорцгийг гараар этүүрдэн ам руугаа чихээд тэр чигээр босон харайтал Найдалмаа дарга
- Хүүе миний хүү тэгдэггүй юм. Сууж байгаад ид гэснээ хажуу тийш эргэн зүүн орон доороос том гадартай боорцог татан гаргаж үүдэнд бөөгнөрсөн бүх хүүхдэд гурав гурвыг өгч
- За хүүхдүүд минь түлээ сайн түүгээрэй. Хавар болж хавсрага тавиад ирэхээр түлээнд явах өдрүүд хомсдоно. Ээдээ хожуул сайн түүцгээдэг юм шүү. Шаваг бол ганц дүрсгээд л алга болчихно. Гэр дулаацуулахгүй Батжаадаа сайн тусладаг юм шүү гэснээ зүүн орныхоо шигэмнээс зузаан хөвөнтэй бээлий авч Батжаагийн гарт шургуулж өглөө . Батжаа гэрээс гармагц гүрвэл Төрөөгийн тэргэнд өөрийнхөө тэргийг холбож уяад
- За явцгаая гэмэгц түлээчдийн цуваа аян замдаа жигдэрлээ. Гүрвэл Төрөө тэрэг чирдэг урт дээснийхээ үзүүрийг бүснээсээ зангидчихаад хоёр тэрэг чирээгүй юм шиг хөнгөн шингэн годогононо. Төгөлдөр Найдалмаа даргын өгсөн боорцгийг гаргаж үзвэл түрүүн Батжаагийн өмнө байсан тавагтай боорцогноос шал өөр хар өнгөтэй гувчийсан тэгээд ч зогсохгүй хөх эрээн болтлоо цэврүүтчихсэн юм байхаар нь хажуу тийш сэмхэн шидчихээд нөхдөө гүйцэж очив. Батжаа нөгөө л номоо ярьж хүүхдүүд аль болох түүний хажууд явж ярьж байгааг нь сонсох хорхойгоор шахцалдана. Батжаагийн ярьж байгаа номын амт гэж яаваа. Норжин багш өдөр бүр л ангийн ажил дээр саарьтаж тасарч унасан гарын тухай ярьж, Жаргалмаагаар хэн нэгний дотуур хувцас үснээс бөөс эрүүлж байхын оронд ийм ном ярьж өгдөг болоосой гэж хүсмээр. Ээжийнх нь цэцэрлэг дээр өгдөг хоолны амт амтагдах ч шиг. Тэр ч бүү хэл тэр хоолны амт энэ номын амтны дэргэд юү ч биш юм шиг санагдах авай. Ихэд хол явцгааж багагүй цуцацгаасан тул нэгэн сайрын эрэг түшин сууцгаагаад Батжаагийн ярихыг үргэлжлүүлэн сонсов . Энэ номыг Батжаа магадгүй гуч дөчдөхөө ч ярьж байж мэднэ . Гэвч түүнийг сонсох тусам хамаг бие нь жирвэгнээд ч байх шиг үе үе үс нь өрвөсхийн босох ч шиг одоохон хэн нэгэн чухал хүн өөрийг нь сураглан ирэх гээд ч байгаа юм шиг эсвэл хажуугийн харганы цаана ямар нэгэн дайсан өөрийг нь отон байх ч шиг нэг л ер бусын болдог нь хачин.
- Тэгсэн чинь тэр хоёрыг яг хуримаа хийх гэж байхад нь баахан цэргүүд орж ирээд Эдмоныг нь баривчилж Иф гэдэг цайзын шоронд хорьчихдог юм гээд Батжаа чимээгүй боллоо. Хүүхдүүд түүнийг дууриан чив чимээгүй сууцгаатал
-Би л байсан бол бүгийг нь хутгалчихаад зугатчихна гэж гүрвэл Төрөө нүдээ дүрлэгнүүлэн ярьснаа даарсан аятай агзасхийлээ.
- Цааш нь яриачээ.
- Дараагийн явалтаар яръя. Харин одоо байлдацгаая. Би Төрөө Мөнхөө хоёрыг авлаа. Хайдав чи Төгөлдөр Болдоо хоёр дээр энэ тавын гуравыг нь ав. Өнөөдөр амьд хэл олзлохгүй шууд буудна шүү гэснээ өврөөсөө модоор зорж хийсэн нагаанаа гарган шагайж үзсэнээ ам руу нь үлээлээ. Хүүхдүүд хариу дуугарсангүй. Саяхны номын ертөнцөөс Хөхшөө уулынхаа бэлд ирж чадахгүй олзлогдчихсон аятай сүүрс алдан сууцгаатал Хайдав түрүүлж өндийн
- Юү ч болсон хүнсээ идэцгээе гэлээ. Тэд дундаа нэг шуудай дэлгээд гэр гэрээсээ авчирсан аяны хүнсээ гарган овоолов. Айл айлд хийгдсэн янз бүрийн хэлбэр зүстэй боорцогнуудын өнгө үзэмж муухантай нь манайх ч иймэрхүү л айлдаа гэх шиг нурмайхад нэгдүгээр гурилын тарган цагаан боорцогнууд биднийг юутай хольчихвоо гэх шиг өнгө ялгаран түнтийлдэнэ. Энэ дунд хэн нэгний илүү гэрээсээ дэлссэн борц Батжаагийн гэрээсээ гарахдаа шүүрсэн өөхтэй хавирганууд Төгөлдөрийн түлээнд явах болгондоо марталгүй авдаг молоко, Хайдавын ээжийн гарын ааруул ээзгий нийлээд шуудай дээр л овоолсон болохоос биш хээр хөдөө яваа хэний ч хараа булаамаар идээ болжээ. Тэр хэд дор нь гал үүсгэж түлээд сайрын эрэг дороос хөөндөө баригдсан данхигар хар тогоо гарган авчирсан сүүтэй болоод хар цайнуудаа нийлүүлэн буцалгалаа. Цай нь утаагаар сүлэгдсэн мэт цэгээн өнгөтэй ч амт сайхантай аж. Хайдав Төгөлдөрийн авчирсан боорцогноос хэдийг шүүрч тожигнуулан идэнгээ
- Төөгий танай ээж боовыг үнэн сайхан хийх юмаа. Идсэний дараа тагнайд тос наалдаад амт нь аманд байгаад л байх юм гэв. Гүрвэл Төрөө хажуугаас нь ярианд оролцож
- Зуурмагандаа л байгаа юм. Манай мээм бол зүгээр л ус халаагаад гурилаа зуураад хийчихдэг болохоор ингээд л дэвтрийн цаас шиг цагаан юм болчихдог юм. Гэхдээ цагаан тостой холиод халуун хар цайнд дэвтээхээр өөр болдог л доо гэлээ. Тэгтэл юүг ч юм бодмоглон боорцог мах хоёр холилдсон аягатай цайгаа харганы нарийхан мөчрөөр хутгаж суусан Болдоо гэнэт дуу орж
- Би хэрэв Эдмоны оронд байсан бол тэр хэдийг бүгдийг нь нам буудах байсан юм гэв.
- Хэнийг ?
- Яагаав тэр цэргүүдийг.
- Дүнхүү минь тэд чинь бас буутай байдаг юм байгаа биз дээ.
- Тэгсэн ч гэсэн.
Төрөө Болдоог хачирхан шогширч
- Хн. Энэнийг хараач. Дүлэгнэж дүлэгнэж нэг дуугарахаараа дандаа ингэж дүнхүүтнэ шүү. Харин би бол баригдах гэж байгаа юм шиг хэнэггүй царайлж байснаа гэнэт түрийнээсээ хутгаа сугалаж бүгдийг нь хутгалж хаячихаад цонхоор гараад зугатчихна.
- Хаашаа?
- Хаашаа ч яадаг юм. Уул руу дутаахгүй юу. Хөхшөө шиг нэг уулын агуйд очоод нуугдчихна.
- Чи ч мөн нуугдана даа . Маргааш нь өлсөөд ирэхээрээ айлын тооноор орох гэж гэр рүү нь авирч байгаад л баригдана.
- Хгн. Өлсөөд гэнэ шүү. Бажууна ухаад ч юм уу, бозлог ч болохноо алж чулуун дээр шарж идээд амьдардаг юм бишүү.
- Тэгвэл мээмийг чинь бариад авчихна шүү дээ. Тэгээд л тугийн цохио шиг уулан дээр гаргаад
- За хүүгээ хаана байгааг хэлэхгүй бол одоо ингээд түлхлээ гэхээр чи яах юм? Төрөөгийн нүдэнд нулимас мэлтэгнэж
- Тэд нар чинь намайг мээмийн хүүхэд гэж яаж мэдэх юм гэтэл
- Мэдэхгүй гэнэ шүү бид нар мэдээд байхад бүгд л мэднэ шүү дээ. Чи тэгээд мээмийгээ түлхүүлэх гэж үү. Аймаар өндөр хадан дээрээс миний хүү Төрөө даанч яав даа гэж хашгираад ниснэ дээ гэснээ Батжаа жингэнүүлэн инээлээ.
- Аа ийм муухай юм ярихаа байяа.
- Наадах чинь айгаад өмдөндөө чацга харвах гэж байна Ха ха ха.
- Айхаа, би юунаас ч айхгүй.
- За за оройтох нь эртхэн түлээгээ түүчихээд жаахан байлдая.
- Очоод заг дотор байлдая л даа.
- Яахийм хээр гоёш дээ.
- За тэгвэл түлээгээ түүцгээе.
Тэр хэд зүг зүг рүү тарж түлээгээ түүж эхэллээ. Төгөлдөрт нэг талдаа жижигхэн хүрзтэй, нөгөө талдаа нарийхан жоотуутай тэр нь хурц гэж жигтэйхэн авсаархан багаж байдаг бөгөөд орос цэргүүдээс ээж нь юугаар ч юм арилжиж авсан тэрхүү багажныхаа жоотуугаар хөрсөн доогуур нуугдсан харганы үндэс хожуул ухахад урамтай. Мөнөөх газар дор нуугдсан бахим хожуулыг илрүүлж хэд хэдэн удаа доргиож цохиод жоотуугаараа огцом хөшихөд ямар ч том үндэс тэсэлгүй суга үсрэн гарч ирнэ. Төгөлдөр удсан ч үгүй тэрэгнийхээ тэвшийг дүүргээд хоёр шуудайгаа хожуулаар дүүргэж тэрэгтэй түлээн дээрээ шуудайтайгаа тавьж дээс сураар дангинатал даруулж хүлээд тэргээ хөдөлгөж үзсэнээ санаа амарч Батжаа руу очин туслалцаж байтал зүг зүг рүү тарцгаасан нөхөд нь ч ажлаа дуусгацгааж түрүүхний хуваагдсаны дагуу хоёр тал болон байлдаанд орлоо. Батжаагийн тэргүүлсэн дайснууд баруун зүг нилээн хол очоод бут бутны ард байраа эзэлмэгц Батжаа малгайгаараа даллан дохио өгмөгц тулаан эхлэв. Төгөлдөрт зүүн жигүүрээ хамгаалах үүргийг дарга Хайдав өгчээ. Төгөлдөр даргын тушаалыг биелүүлэн зүүн талаа хамгаалан нэгэн жижгэвтэр жалга даган мурилзтал мөлхөж явтал гай газар дороос гэгчээр Хайдав дарга алагдчих нь тэр. Тээ нэг том бутнаас нөгөө бут руу байрлал сэлгэн бөгтийн гүйж явахад нь Батжаа хэдийдээ ч амжаад ирчихсэн яг хажуугаас нь
-Хайдав үхээ даан даан хэмээн тасхийлгэсэнд шороо манан хадаан дуулгавартай нь аргагүй нэвсгэдхийн унаад нам болов. Одоо бүх юм Төгөлдөрийн толгой дээр иржээ. Болдоо өөрийнхөө эцсийн хүнийг алуулан алуултал хаа нэг газар нуугддаг хүн. Түүнд найдалтгүй. Нэг л овжин арга сэдэхгүй бол ялагдах нь тодорхой болжээ. Бодож бодож дайсныг араас нь түүхээр шийдлээ. Тэгээд нэг том бутны ард өөрийгөө хэвтэж байна гэж эсрэг этгээдэд бодуулахын тулд мөнөөх бутанд малгайгаа өлгөчихөөд муриганан мөлхсөөр нэгэн гүн сайр руу орж түүнийг даган гүйлээ. Баруун урагш чиглэсэн мөнөөх сайрыг даган гүйсээр сайр ч дууссан тул сэмхэн гэтэн гарч иртэл яг урд талд нь доод ангийн хоёр дайснаа олоод харчих санаатай бололтой бутны араас өлийлдөн байтал чанх урагш нилээн зайтай газар Болдоогийн дуу гарч
- Мөнхөө үхээ даан даан гэмэгц өнөө хоёр дороо нам хярав. Яг тэр үед нь Төгөлдөр
- Та хоёр үхээ даан даан, даан даан хэмээн дөрөв буудтал өнөө хоёр айхтар цочсоноо дороо нам хэвтлээ. Төгөлдөр тэр хоёр руу мөлхөн очиж
- Та хоёр байлдаан дуустал наанаа хөдлөлгүй хэвтэнэ шүү гэж тушааж байтал тэртэй зүүнтэй Батжаагийн
- Базараа, Нанаа, Чука үхээ даан даан даан хэмээн баясгалантайгаар угсруулан буудах сонсогдов. Нэг дор сэрийлдэж байгаад алуулдаг нь юучив хэмээн Төгөлдөр дотроо уурсаад цааш мөлхөж явтал нэг том бутны ард Төрөө хэвтэж байх аж. Тэрээр бутыг яран орчин тойрноо ихэд хянуур ажиглана. Батжаа хаа ч явж мэдэх учир чимээ гарган илчлэгдэхгүйн тулд Төрөөг олзлохоор шийдэж бүсээ тайлаад гэнэт үсрэн дээрээс нь буучихлаа.
Үргэлжлэл бий . . .

2 comment(s) to... “Төгөлдөр (роман-1)”

2 comments:

Бум said...

За даа үнэхээр гоё юмаа. Уран зохиол гэж нэг иймэрхүү юм байдаг байхаа. Хэзээ үргэлжлэх вэ



Доржзовдын ЭНХБОЛД said...

Бумд : Эв гаваа тааруулаад явуулаад л байхыг бодно доо