Төгөлдөр ( роман - 3)

Posted 11:06 AM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:
- Идэрцог ... Одоо яанаа гэж Хайдав арга тасран шивэгнэвэл хэн ч хариу дуугарсангүй . Нөгөө гурав давхин ирж тэднийг гогцоорон хоёр гурав тойрсноо бууцгааж Идэрцог
- За бацаанууд хаачиж яваа юм гэж асуулаа .
- Түлээнд л ... гэж Мөнхөөг аяархан хэлтэл
- Түлээ их байна уу тэгээд ... гэж лавлав .
- Мэдэхгүй бид нар ийшээ ойрд яваагүй .
- Тэрлэгнүүдээ тайлж энд овоолоод өндөр намаараа жагсацгаа .
Тэд тушаалыг дор нь биелүүлж эгнэн жагслаа .
- Мөнгө бий юү ?
- Байхгүй .
- Нялгадаагүй биз ?
- Үнэн . Идэрээ ахаа бидний хэнд ч мөнгө байхгүй гэж Батжааг бусдыгаа төлөөлөн хэлсэнд
- Чамаас асуугаагүй байна . Чи муу баас манай дүүг их дээрэлхдэг гэсэн байхаа . Бас намайг аавдаа хэлээд аймгийн шоронд хатаалгачих юм гэлүү . Харъял даа . Ял хийгээгүй хулгайчийг чиний тэр хэлтсийн төлөөлөгч улаан Банзрагч яадгийг үзэе л дээ . Гутлаа тайл гэж тушаалаа .
- Аа Идэрээ ахаа . Би тэгж хэлээгүй шүү дээ . Миний хоолойны өвчин сэдэрчихнэ . Та уучилчих л даа .
- Шоорогоноод байна уу муу өлөн бөөс минь . Тэгвэл өөрөөр үзнэ шүү .
- За за ойлголоо Идэрээ ахаа гэнгүүт Батжаа суун тусаж нусаа шоржигнуулан гутлаа тайллаа . Идэрцог дагуулуудынхаа нэгэнд
- Тэр тэрэгнийх нь оосрыг тайлаад ир гэж тушаагаад шанаагаа гүвэлзүүлэн Батжаагийн хоёр гарыг дээсний нэг үзүүрээр дангинатал хүлж нөгөө үзүүрийг нь дугуйныхаа суудалд бэхлүүт
- Чирэгдээд үхвэл хохь чинь шүү гэж хэлчихээд дугуйгаа унан давхисанд Батжаа хөтлөгдөн гүйлээ . Идэрцог буцаж ирмэгц бүгдийг нь хуу нэгжинэ гэхээс Төгөлдөрийн гол горойно . Учир нь халаасанд нь дэлгүүрээс молоко авах гээд амжаагүй хоёр төгрөг байж байлаа . Идэрцог түүнийг олмогц
- Мөнгөө нууж шоорогонолоо гээд зодох бол энүүхэнд . Хүнээс гарамгүй сонин содон арга бодож олоод хүн тамлахдаа гаргууд билээ . Гарын хуруунуудын үзүүрийг хумиж атгаад салаануудад нь хөвөн хавчуулж шатаана , хүнд арзгай хад хөлд нь барьж хүлээд уралдуулж түрүүлснийг нь тав хоцорсоныг нь тус бүр хорь ташуурдаж зугаагаа гаргадаг түүнд мөнгөө нуумаглаад баригдах юм бол ёстой зүүдэнд багтамгүй шийтгэлээр шийтгүүлнэ гэсэн үг . Төгөлдөр дэмий л хоёр дагуулын зүг хялалзаж сиймхий хүлээвч нөгөө хоёр муур шиг жартайтал
ширтчихээд харц салгадаггүй . Балардагийн даваа Батжааг чирээд юү юүгүй ирж явлаа . Тэгтэл ашгүй нэг дагуул тамхи татах гээд нөгөө дагуул нь асааж өгөх гээд шүдэнз зурж хоёул бөхийх тэрүүхэн чөлөөнд мөнгөө доош нь унагаж хөлөөрөө шороо этүүрдэн булж орхилоо . Идэрцог дэргэд нь давхин ирмэгц дугуйнаас ихэмсэглэн бууж нус нулимасандаа хутгалдсан Батжаагийн бөгс рүү падхийтэл өшиглөн
- Жагсаалдаа ор гэмэгц эхнээс нь эхлэн нэгжиж гарлаа . Тэгээд мөнгө олоогүйдээ уурсан лантуу шиг хүнд нударгаа зангидан шилэн хүзүү рүү нь цохилон унагаж , хүнсийг нь хуу хаммагц
- За ингээд тонилоцгоо . Аав ээждээ хэлээд үзээрэй . Ямар явж үзээгүй аймаг , сууж үзээгүй гяндан биш . Гарч ирээд матсан хулгайчийн чөмгийг ташиж Улаан саарьт булчихаад учраа олно . Мэдэв үү гэчихээд сум руу арилаад өглөө . Батжаагийн хөл бамбайж улайн чулуунд цохигдон язарч өргөс зангуу зайгүй шигсэн байв . Тэд нөхрийнхөө хөлийг өвөр дээрээ тавьчихаад шуухитналдан өргөс зангууг нь түүлээ . Батжаа нулимасаа гилтэгнүүлэн ёолж ёхлон гутлаа өмсөнгөө
- Нэг л өдөр муу хулгайчийн нуруу руу хутга шаана даа хэмээн зүхэнгээ үе үе дуу алдан ёолно . Түлээ түүх тухайд санахын ч аргагүй болсон хэд Батжааг Төгөлдөрийн тэргэнд суулган ээлжлэн чирсээр буцахдаа
- Хэзээ нэгэн цагт Идэрцогоос хариугаа авахдаа л нэг авна хэмээн нэгэн дуугаар тангараглаж явлаа .
Тооны хичээл дээр дараалсан гурван том тав авч Жаргалмаагийн араас хурдалж явснаа Төгөлдөр тооныхоо учрыг олохоо больж самгардлаа . Ядахад Норжмоо багш жаахан мэрийвэл Төгөлдөр онц гарч ч болох юм хэмээн анги нийтийг нам гүм болтол ам дүүрэн зарласан байхад шүү . Толгой нь дүнсийн мангуурч тоогоо бодохоор суух бүрийд анхи өөр юм бодогдоно . Сууж босон хэсэг холхисноо тэсэлгүй гарч халуун ус руу харах бүрийд аймгийн шоронгийн харанхуй хонгил , галзуурч яахаас ч буцахаа байсан чөтгөртэйгээ үзэгдэж “ Эй болиё “ гэж шивнээд
буцаж орно . Тэгтэл нэг өдөр яг энэ үгээ шивнэж зогстол онч мэргэн бодол тархинд нь зууханд орсон шаваг шиг дүрсхийдэг байгаа . Норжин багш л өдөр бүхэн усанд орж бай гэсэн юм чинь , би ямар Базар гуайтай уулзах гэж байгаа биш усанд орж бөөсөө арилгаж байгаа юм чинь яахав дээ гэсэн бодол тархи руу нь харавмагц бараг л дуу аялах шахан алчуур саван солих дотуур хувцас зэргээ өвөртөө түнтийтэл чихээд ном дэвтэр хоёроо бүснийхээ цаагуур лавхан шургуулж халуун ус руу эрмэг зоригтой алхлаа . Базар гуай нар бараадан суугаад урт богино төмөр хоолойнуудыг том хар лантуугаар тоос манан дэгдээн ааг амьсгаагүй балбаж байлаа .
- Та юү хийж байгаа юм бэ ?
- Аа Төгөлдөр хүү ойрд үзэгдэхгүй яагаа вэ . Ээж нь загнаагүй биз дээ .
- Үгүй ээ . Зав гардаггүй . Өнөөдөр усанд оръё гэж бодоод ирлээ .
- Зааг . Ах нь одоохон ус халаагаадхая . Өнөө тоо моо зүгээр биз ?
- Харин танаас бас асуух юм гараад байгаа .
- Зааг . Юутай ч хоёул оръё хө .
Ус халах хооронд хоёул тоогоо бодож Төгөлдөр дахиад л маш сайн ойлгож авав . Базар гуай баруун хананыхаа наагуур татсан хар хөшгийг яртал үй олон ном тэвхийтэл хураалттай байж байлаа ...
Зааг энэ яах аргагүй чиний нэг багш байгаа юм даа гэснээ нилээн дороос нэг ном сугалан авч
- Май юү ч болсон энийг эхлээд уншчих гэлээ .
Нүүрнийх нь алтан үсгийг Төгөлдөр алгаараа зөөлөн илснээ “ Усан доогуур хорин мянган бээр “ хэмээн амандаа гүвтнэн уншлаа . Төдөлгүй халуун ус бэлэн болсон тул Төгөлдөр нэг гэсэн том дугаартай өрөө рүү орлоо . Хананд нилээн дээр усны том сав дүүжлээстэй , хажууд нь өндөр шат тавьсан байв . Бодвоос тэр шатаар Базар гуай авирч гараад мөнөөх том ган руу халуун ус хийсэн бололтой .
Усанд орж байхад нь мөнөөх Усан доогуур хорин мянган бээр гэсэн номын нэр бодогдож бээр гэдэг нь юү гэсэн үг юм бол . Базар гуайгаас асуух юм хуна
гэж бодогдуулна . Уснаас гараад ирэхэд нь Базар гуай өмнө нь огт ууж үзээгүй өтгөн хүрэн цай чанаж бираанаг , өнгөт мөөхий , цайны пичень зэрэг амттан таваг дүүргээд тавьчихсан сууж байлаа .
- Зааг хоёул цайлнаа . Энэ байхуу гэдэг цай даа . Сайхан амттай цай байгаа юм . Ус нь дууссан уу ?
- Дуусаагүй ээ .
- Ээ дуусгачихгүй . Тэртэй тэргүй цаад савтай ус чинь удахгүй л хөрчихнө . Тэгээд хөлдөхөөс нь өмнө асгахаас өөр замгүй болдог юм . Уг нь ингэж ус зөөж майтганадаггүй арай боловсондуу халуун устай болчих санаатай л ноцолдоод байгаа юм . Дийлэх нь үү дэлдийх нь үү бүү мэддээ гэснээ хүнгэнүүлэн инээлээ .
- Та дандаа л дийлэх нь үү дэлдийх нь үү гэж ярих юмаа .
- Дийлэх сайхаан . Ташаа тулаад дийлсэн хүн гэдэг хэзээ ямагт ханхалзаж явдаг юм даа хө . Харин дэлдийх үү , ярвигтайдаа хө . Чихээ хулмайлгана гэсэн үг шүү дээ .
- Бээр гэж юүг хэлдэг юм бэ ?
- Тэр чинь уртын хэмжээс . Далайтай хиллэдэг улсын л яриа шиг байгаа юм . Манайхаар бол бараг хоёр километр шахуу юм уу даа .
- Хол юмаа . Тэгэхээр энэ ном чинь усан доогуур бараг дөчин мянган километр сунасан юмны тухай ном юм уу ?
- Уншаад үз . Тэгэхээр аяндаа мэдэгдээд ирнэ .
- Төгөлдөр маань ямар сурч байгаа билээ дээ ингэхэд .
- Онц .
- Зөв хө .
Тэр хоёр ханатлаа цайлаад Базар гуайг гарч ажлаа хийхэд нь Төгөлдөр туслалцаж төмөр хоолойнуудыг ойртуулж холдуулан зөөж өглөө . Базар гуай хоолойнуудыг лантуугаар балбаж наалдсан хог шороо зэвийг нь арилгаад холбож гагнана . Хэсэг ажиллаад амсхийн өврөөсөө дугуй хайрцагтай тамхи гарган ороосноо
- Хоёул боловсон халуун устай болно доо . Худгаас нааш нь ус татах гучин алхам газрыг л харин яаж ухдаг шуу юм билээ хэмээгээд бодлогоширов .
- Би танд тусланаа .
Базар гуай Төгөлдөрийг удаанаар харснаа санаа алдаж толгойг нь илээд
- Тэгээрэй . Давахдаа л давна хэмээн бүр нэг сэтгэлийнхээ гүнээс маш чухаг юм давахаа андгайлж байх мэт нухацтай хэллээ .
Ээж нь ажлаа тараад орой орж ирэхдээ л Төгөлдөрийн гоё сайхан болсоныг анзаарч байн байн өхөөрдөн духыг нь үнэрлэж
- Миний хүүг ээ , зүлгэж зүлгэчихсэн гуулин данх шиг гэснээ амаа дарж
- Пай . Муухай золиг чинь юү гээд хэлчихэв ээ . Гуулин данх байхдаа ч яахав дээ . Хүүгээс минь гэрэл гараад ч байх шиг . Урд манай нутагт Сондогийн хувилгаан гэж байсан юм гэнэлээ . Биеэс нь байнга л гэрэл цацарч явдаг айхавтар ид шидтэй хүн байсан юм гэсэн . Миний хүү түүн шиг л харагдаж байна гэж магтлаа . Надаас нээрээ гэрэл гараад байгаа юм байхдаа гэж бодоод ойр ойрхон тольдоход чийдэн шиг асаж бариад байгаа юм ер мэдэгдсэнгүй .
- Ээж надад авдарт байгаа шинэ даавуугаа өгөөрэй .
- Тэгэлгүй яахав миний хүү .
Төгөлдөр шинэ даавуутай орондоо ороод гэрэл унтартал номоо уншлаа . Маргааш нь хичээл таруут Төгөлдөр цэцэрлэг рүү биш харин нэгдлийн аж ахуйн хашаа руу яарлаа . Нэлийсэн том хашаан дотор элдэв төрлийн төмөр машин , тракторын сэг зэм хөглөрч олон хүн орж гарч бужигналдана . Тэр их төмөр дунд Базар гуайн зүйж эвлүүлэн ноцолдож байгаа алд хүрэхтэй үгүйтэй төмөр хоолойнууд шиг хоолой урт уртаараа өч төчнөөнөөрөө зарим нь хураалттай , зарим нь ч талын нэг тарчихсан сэрийлдэж байхыг үзээд дуу алдах шахан аянчин Шарав гуайг
бужигнах олноос асууж сурагласаар олж уулзлаа . Аянчин Шарав гуайг ихэнхи хүмүүс сум нэгдлийн ганц бурхан гэлцэнэ . Сумын дизель станц эвдэрвэл аянчинг дуудаарай гэнэ . Худгийн мотор эвдэрчихлээ өнөө Шарав хаа явнаа гэлцэн эрэл сурал болно . Ямар ч машин тэрэг яаж ч эвдэрсэн Шарав явуулахдаа л явуулна гэлцэх бөлгөө . Шарав гуай шороо түрдэг бас араараа ухарч давхиад газар ухдаг улаан трактор барина . Заримдаа түүнийгээ унаад авх нь алга болно .Тэр үеэр нь сум даяараа эрэл болох нь ч бий . Тэгсэн нөгөө их хэрэгтэй хүн нь улаан
трактороороо айлын өвөлжөөний хөрзөн хуулаад ч юм уу , эсвэл ямар нэг айлын гэрт ороод суучихсан тракторынхоо шанаганд дөчийн бидонтой ус хийчихсэн ундны усыг нь зөөгөөд давхиж явна гэнэ гэж дуулдах авай . Төгөлдөр өчигдөрийн яриан дундуур Базар гуайд тус болж чадах хүн бол өөр хэн ч биш Шарав гуай л юм байна гэж бат нот ойлгоод ийнхүү зорьж ирсэн хэрэг . Шарав гуай тамхиа ороон түүний гуйлтыг сонсож сууснаа
- Одоо ингээд очих хэрэг үү ? гэлээ .
- Та завтай биз дээ ?
- Тэрнээс чинь их юм алга . За явнаа гээд ухасхийлээ .
Төгөлдөр Шарав гуайн тракторын бүхээгэнд сэгсчүүлэн давхиж явахдаа тракторын жолооч чинь хүнд хэрэгтэй сайхан ажил юм бишүү гэж бодож явлаа . Тэр хоёрыг хараад Базар гуайн магнай тэнийж байх бололтой
- Зааг тэгэхээр өмнө гарсан чихнээс хойно ургасан эвэр гэж энэ дээ гээд духаа шудран инээмсэглэлээ . Шарав гуай Базар гуайн хийж байгааг харж
- Пөөх та чинь энэ улаан зэвээр юү хийх гэж ингэж зүйж суугаа юм хэмээн дуу алдлаа .
- Цаад худгаас чинь ус татах бас бохир ус гүйлгэх хоолой тавих санаатай ... Гэм нь надад олдсон нь арай тачирдаад ...
- Та ингэж мунгинахгүй ээ . Эртхэн надад дуулгачихгүй ...
- Бодохын хувьд ч бодсон л доо . Даанч чамайг баллачих болов уу гэж айгаад
- Хн . Намайг яав л гэж . Аймаг юм уу хот руу цөлвөл ёстой загатнасан газар маажсан гэдэг л болно биз дээ гэсэнд тэр хоёр удтал хөхрөлдөв . Гурвуул халуун усныхаа байшин руу орж Базар гуай баахан шугамдсан зураг сэлт гаргаж ирээд аянчин Шарав гуайтай удтал ярилцаад Шарав гуай Базар гуайг
- Та ч манай зэлүүд сумыг тэр чигээр нь боловсон социализм болгочих юм байна л даа гэж магтлаа .
- Заа тэр цаасан малгай яахав ээ . Нэг шуурганаар л хийсээд зогсохгүй толгойдоо бөөн лай чирнэ гэснээ дахиад л хүд хүд хөхрөлдөв . Ингээд маргаашнаас нь нам гүм халуун усны орчинд хөл хөдөлгөөн үүсэж их ажил оволзлоо . Шарав гуай Базар гуайн яаж ухна даа хэмээн халширч байсан газрыг улаан тракторын шанагаар дор нь сэндийлж хаячихаад
- Би маргааш хэрэгтэй хоолойнуудыг чинь дулаалгын шилэн хөвөнтэй ачаад ирэмц . Тэгээд энэ ажлыг дуустал дизелийг өдөржин асаагаад хоёр зэрэг гагначихад юүхэн байхав гэж хэлчихээд давхин одлоо . Базар гуай ухсан шуудуу руу хөлөө унжуулан сууснаа түсхийтэл инээд алдаж
- Үгүй ээ мөн амархан шударч орхив оо гэснээ Төгөлдөрийн толгойг илж
- Одоо юүхэн байхав ээ . Сарын дотор боловсон халуун ус бэлэн болно . Хамгийн эхэнд чи усанд орж энэ шинэ үйлчилгээг нээнэ шүү харин өнөө маргаашдаа энэ ажилд санаа зоволтгүй . Номоо сайн уншаарай гэж захилаа . Нэг өдөр Төгөлдөрийг усанд оронгоо уншсан номоо солихоор иртэл сум нэгдлийн дарга , намын хорооны дарга , нэгдлийн нягтлан Ядам гуай , Батжаагийн аав Банзрагч гуай , Найдалмаа дарга гээд л баахан дарга нар халуун усны газар ирчихсэн Базар гуай тэднийг дагуулан хийж байгаа ажлаа танилцуулж явав . Олон дарга нар амаа хамхиж
нэгдлийн даргын үгийг битүүхэн хүлээх бололтой . Удаан дуугүй зогсоцгоолоо . Тэгж тэгж Баадайгийн аав хоолойгоо зассанаа
- Энэ чинь зөв зүйтэй ажил юм бишүү аан . Ус зөөж гүйгээд байхгүй . Крант нээмэгц халуун хүйтэн ус бэлэн . Муу ус нь байшингаа тойрч шалбааглаад үмхий самхай ханхлаад байхгүй . Тун зүгээр юм . Ядам чи хэрэгтэй төсвийг нь гарга . Хүн хүч нэмж өгье ингэж шийдэх үү гэтэл Найдалмаа дарга
- Миний ширээний шүүгээнүүдэд хүүхнүүдийн гомдол дүүрэн овоолоостой байна . Бүгд халуун устай холбоотой . Усанд орж гүйцээгүй байтал ус нь дуусчихдаг , тэгээд Базар гуайг дууддаг . Ямар Базар гуайн хажууд нүцгэн байлтай нь биш , хувцасаа өмсдөг . Савантай хэвээр хувцасладаг Базар гуайг усаа зөөж шатаар авиран хийх гэсээр байтал үс нь савантайгаа барилдаад хатчихдаг . Базар гуайг гармагц дахиад л хувцас хунараа тайлж усандаа ордог . Энэ элэрсэн баларсан үеийн ажиллагааг ингэж өөрчлөх цаг болсон . Эмэгтэйчүүдийн зөвлөл
Үйлдвэрчний эвлэл энэ ажлыг бүрэн дүүрэн дэмжиж байна гэлээ . Дарга нар ч тэгсгээд тус тусын машиндаа суугаад явцгаалаа .
- Зааг . Том жижиг хоёр эр юу ч болсон анхныхаа давааг давлаа даа гээд Базар гуай уртаар санаа алдлаа .
- Би одоо мөддөө ирж чадахгүй байхаа даа .
- Зааг хаачих нь вэ арай таван тонны чийчаанаар Тамсагбулаг поехал гээч болох гэж байгаа юм биш биз дээ .
- Үгүй ээ . Ёлкны концертийн бэлтгэл өнөө оройноос эхэлж байгаа .
- Зааг . Тэр чинь үзэл суртлын том ажил даа . Төгөлдөр маань тэгээд яахав дуулах уу ?
- Дуулна , бас хөгжимдөнө .
- Гараад өгөх нь . Ямар хөгжим хөгжимдөхөв дээ ?
- Баянхуур .
- Их хүн . Би бас багадаа сумын уран сайханд гүйж мандолинаар Задгай цагаан , Хүмүүн төрөлхтөн энэ тэрийг цохиж сумынхаа хэдийн шавайг ханатал нь бүжиглүүлдэг байлаа гэснээ хүд хүд инээж
- Дориун цовоо явсан хэрэг шүү гэлээ .
Уран сайханчдыг орой долоон цагт улаан буланд цулар гэсэн зар хэдэн өдрийн өмнө тарсан боловч найм өнгөрчихөөд байхад Баасан багшийн цуглуулсан сургуулийн хүүхдүүдээс өөр хүн ирээгүй л байлаа . Улаан булангийн эрхлэгч Юра гуай үе үе дүрсхийн уурлаж
- Энэ ер нь ямар ганц миний ажил юм уу . Муусайн туучийнуудыг хэдий болтол хүлээх юм тарцгаа гээд л улаан булангаа цочтол хашгирна . Тэгснээ дорхноо буцаж
- За хоор жагсаад гучин минутын бэлтгэл хийгээд л тарцгаая гэнэ .
Тэгж байтал улаан булангийн үүд зөөлхөн онгойж хөөрхөн Хорлоо эгч зангидсан алчуурынхаа үзүүрийг имэрч оролдсоор өлмийгөө ширтэн зориг муутайхан орж ирээд Юра гуайн уурыг дахиад л шатаачихав .
- Пий . Бээцийсэн улаан туучийгийн зогсож байгааг . Чи ямар Австри Унгарын хатан хаан уу . Одоо хэд болж байна . Норовбанзад ч ингэж хүлээлгэдэггүй юм . Ер нь бол гавъяатаас дээш цолтныг гучин минут хүлээгээд “ ВСЁ “ . Урлагийн алтан тайзанд эргэж гаралтгүйгээр хөөж явуулах номтой . Би дуртайдаа , ардаа ажил амьдралгүйдээ ингээд зогсож байдаг гэж чи бодож байна уу . Одоо би чамаар яах юм зайл . Маргааш намын хороон даргаас зөвшөөрөл авчирч байж наашаа шагайгаарай гэж омогдтол хөөрхөн Хорлоо эгч буцаад гарах гэв . Юра гуайн дуу
дахиад л цангинаж
- Хаачих гээв чи . Энд зогс . Чиний дураар болдог юм уу гэснээ ухасхийн гүйж очоод гараас нь угзчин хоорын голд авчирч зогсоолоо . Хөөрхөн Хорлоо эгчийн араас уран сайханчид нэг хоёроороо цувсаар шөнийн арван цаг болоход бүх уран сайханчид цугларч гүйцэв . Оройжин дэвхэцсээр Юра гуайн уур ч дууссан бололтой .
- За ингээд маргаашнаас жигдэрнэ шүү . Та нарыг ажлаас чинь чөлөөлсөн бүх хүн ноймроо солино . Ойлгов уу . Шинэ жилийн концертыг цоо шинэр хий гэж намын хороо даалгасан . Энэ бол намын даалгавар . Номероо шинэчлээгүй хүн надтай биш намтай хүзүүрхэж байна гэдгээ ойлгоорой гэж мундагдсанаа
- Чамд ийм дуу таарна , чи энэ шүлгийг ингэж унш гэх мэтээр зааварлаж байтал арван хоёр цаг болж сумын гэрэл унтрах дохио өгмөгц дахиад л дэвхэрч
- Тэр цусаар урс . Юу ч амжсангүй . Маргааш ар гэрийнхээ ажил төрлийг бүгд эрт зохицуулж гурав гэхэд бүрэн бүрэлдэхүүнээр бэлэн байна шүү гэж анхааруулаад тараахад гэрэл ч сүүлчийн дохиогоо өгөөд унтарлаа .
Маргаашнаас нь Юра гуайгаас өөр хүн орж гаралгүй удсан улаан булан амь орлоо . Энд ч хуучир чийхарч тэнд ч ёочин ёнгинож шанз дон дон гэнэ . Юра гуайн онгод ч оржээ . Урт шингэн халимгаа сэгсгэсхийлгэн арагш шидлэн алгаа тас тас ташиж
- За найрал хөгжим хөөе хөгжмийнхөөн гараачээ хэмээн хээр талд тэмээ хариулж яваа хүн шиг цангинуулан хашгирна . Харин найрал хөгжмийнхөн нь тайзны хажуугийн өрөөнд шуугилдаж
- Таминь ээ толины урд байсан ёочингийн цохиур хэн нь авчихав аа гэлцэн эрэл сурал болж гүйлдэнэ .
Сумандаа дуучин гэж алдаршсан Лутаа хөөрхөн Хорлоо эгчийн сүвээ рүү долоовор хуруугаараа хатган дуу алдуулж Төгөлдөрийн дургуйг хүргэнэ . Төгөлдөр Лутаад ясны дургуй . Дуулах ч гэж баллана л даа . Адарсүрэн л гэсэн үг . Тавьтиргүй нь даанч муухай . Тэнд ч очиж хүний гэзэг дугтраад л , энд ч ирж эгч шигээ хүний мээм базаж орилуулаад л , тэр ч бүү хэл цаашаа хараад хувцасаа сольж байгаа хүнийг араас нь тэвэрчихээд хувцасыг нь солиулахгүй
- Хүүшээ гэж сандархаар нь
- Үнсвэл чинь тавина гэж хэлээд сөөнгөтөн хөхөрнө .
Тэр бүрийд нь Төгөлдөр
- Хн хөгшин юм байж гэж амандаа үглэнэ .
Ялангуяа хөөрхөн Хорлоо эгчийг байн байн дуу алдуулахаар нь чадалтайсан бол цохиод унагачих юмсан гэж бодно . Лутаа харин тайзны хажуугийн өрөөнд тэгж үймүүлж үймүүлчихээд тайзан дээр их л номхон дүртэй болж
Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байж
Аясын салхи хурын үүлсийг зөөлхөн үлээж байг хэмээн хүнгэнүүлэн дуулах нь атаархмаар . Лутаагийн ард хөөрхөн Хорлоо эгч тэргүүтэн баахан хүүхнүүд эгнэж зогсоод гараа алгаар нь нийлүүлэн урдаа донжтой авч дахилт бүр дээр нь
Аа аа аа аа
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя гэж зүүн баруун тийш хагас эргэн ганхаж хоолой салган дуулцгаахад Юра гуай сууж байсан сандал дээрээсээ гозосхийн босож
- Болж байна болж байна одоо дахилтын номер . Лутаа чи ер нь элбэг гурав дахиулна шүү . Дан шинэ дуу бэлд гэж догдлон хашгирна . Лутаа ч хөөрч
- Би ганцаараа энэ концертийг чинь босгож байна . Илүү номер хийж чадахгүй гэж ихэрхэнэ .
- Чамайг гуйхгүй . Чи над биш намд ихэрхэж байгаагаа ойлгоорой . Нам чамайг байх ёстой газарт чинь авааччихаж чадах л байх шүү гэж сүрдүүлэхэд Лутаагийн ааш зөөлөрч
- За за цусаар урссан юм гээд үлдсэн хараалаа амандаа бувтнан хөшигний араар орно .
- Хөөе Хорлоо гар . Хорлоо чи дуулж байна уу гар гэж байна чамайг .
Хөөрхөн Хорлоо эгч урд өмнө дандаа дуулдаг
Жижигхэн хөөрхөн хараацай гэдэг дуугаа энэ удаа дахилтын номер болгон нөөцлөөд
Дааган цагаан хөлөг минь
Даанч хурдан хөлөг дөө гэж цангинуулдаг боллоо . Заримдаа үгээ мартчихаад том хэл гарган Юра гуайн уурыг шатаана .
- Чи ямар халууны нохой юу . Чиний наад гутлын ул шиг хэлээр чинь би яах юм . Далд хий гэж орилно . Хорлоо эгч цочоод дахиад л хэлээ гаргачихна . Юра гуай халаасаа ухаж
- Хн . Хутгатай ч болоосой угаар нь огтлоод нохойд шидэж өгөхсөн гэж хараана .
Тэгтэл нэг өдөр намын хорооны дарга жижигхэн биетэй хөөрхөн эгч дагуулж ирээд Юра гуай тэр гурав үзэгчдийн танхимын хамгийн арын суудалд удтал сууж ярилцаад намын дарга гараад явчихав . Нөгөө хөөрхөн эгч Юра гуайтай ярилцан тайз руу ойртож ирсэнээ
- За за болох байлгүй дээ . Одоо би хамт олон руугаа очиж болох уу гэж асуусанд Юра гуай багагүй тэвдэж байгаа бололтой хацар нь уласхийгээд
- Тэг тэг гэж ихэд уриалгахан толгой дохилоо .
Өнөө эгчийг тайзны хажуугийн өрөө рүү явахад Төгөлдөр араас нь дагалаа . Ёстой хөөрхөн эгч . Хөөрхөн Хорлоо эч дэргэд нь юү ч биш шиг санагдав . Араас нь дагаж явахад сумын эмэгтэйчүүдийн хэнээс ч үнэртдэггүй содон хурц тансаг үнэр хамрыг нь цоргин сэнгэнэнэ . Тайзны хажуугийн өрөөнд ормогц өөрийг нь сонжин таг чимээгүй болсон хүмүүсийг тойруулж харснаа
- Намайг Навчаа гэдэг . Сургуульд орос хэлний багшаар ирлээ . Харин өнөөдрийн хувьд гэвэл гээд хүмүүсийг дахин тойруулан харж
- Уран сайханч ... Та нартайгаа нийлээд дуулаад бүжиглээд байна даа гээд инээсэнд хүмүүсийн хүлээс алдуурч бүхний түрүүнд өнөө Лутаа ухасхийн давхиж очоод гарыг нь шүүрэн дугтарч
- Лутаа . Гуравдугаар бригадын ямаачин гэснээ гэхдээ одоохон чи миний жинхэнэ хэн болохыг үзнээ гэсэн давилуун харцаар нэвт шувт ширтлээ . Харин Төгөлдөрийн урам хугарлаа . Мөн ч хөөрхөн эгч юм . Даанч багш . Бас нэг Норжин багш нэмэгдэв ээ хөөрхий гэж бодоод урамгүй эргэлээ . Тэр өдрөөс эхлэн концертийн бэлтгэлийн дэг тэс өөр өнгө төрхтэй боллоо . Жаргалмаа Наран Цолмон гээд л сургуулийн охидууд орос дуу сурч байна гэлцэн нэг нэг цаас барьчихаад
- Антошка Антошка хэмээн үглэлдэх болж Навчаа багш Юра гуайтай зөвлөлдсөнөө Төгөлдөрөөр бас орос дуу дуулуулах болов . Тэгээд Төгөлдөрийн толгойг илээд
- Ийм хөөрхөн өөрөө хөгжимддөг хүүхэд орос дуу дуулбал илүү сонсголонтой гоё болно гэж ятгаад баянхуурынх нь даралт дээр зааж өгсөнийг сурах гэж улаан булангийн хамгийн алсын буланд нуугдасхийн сууж оролдсоор заасныг нь сурчээ . Навчаа багш баян хуурын маш олон даралт барилтуудыг мэддэг аж . Баасан багш толгой сэгсрэн
- Би насаараа энэ хөгжмийг барьсандаа . Ийм олон даралт барилт байдаг гэдгийг одоо л үзэж байна хэмээн гайхаж Төгөлдөртэй зэрэгцэн өнөө олон барилтуудыг сурах гэж оролдоно . Тэгсээр хоёул бүгдийг нь сурав . Хүмүүсийн урам ч ихэд сэргэв . Гагцхүү энэ шинэ өөрчлөлтүүдийг хүн бүр нууцлах хатуу даалгавартай тул ээждээ ч хэлж чадахгүй байгаа нь гачлантай санагдана . Навчаа багш дотуур байрны нэг өрөөнд суудаг болсон аж . Шөнө гэрэл унтарч уран сайхынчдыг тархад Төгөлдөр байрныхныг хүргэж өгдөг албатай болжээ . Яагаад ч юм Навчаа багш Төгөлдөрийг сугадаж охидууд тэдний хоёр талд зэрэгцэн хөтлөлцөн явцгаана .

Үргэлжлэл бий

10 comment(s) to... “Төгөлдөр ( роман - 3)”

10 comments:

Бум said...

Базар гуай гэж буянтан гарах нь дээ. Улам л гоё болоод бна даа



Anonymous said...

Sain zohiol unishih uneheer saihan yum aa. Urgeljluulj bicheed baigaarai



Хөхтолбот said...

Баярлалаа, үргэлжлэл нь хэзээ тавигдах бол оо?



Anonymous said...

Гоё юм шиг хэрнээ үнэн залхуу блог



Anonymous said...

Enhbold ah aaa. Blog-doo gants neg yum nemeh bolsiin bish uu? Arai l udaan bnaaa



Anonymous said...

Enhbold ah aaa. Blog-doo gants neg yum nemeh bolsiin bish uu? Arai l udaan bnaaa



lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com



Anonymous said...

Ooriigoo udaan hodolgoontoi gej unen heljee. Udaan hodolgoontoi hunii zohiol bur udaan bailgui yahav dee. Za togloson shuu. :) Yamar mongo togrog tolj baigaa bish, chi ch bichij bidniig zugaatsuulah ortoi bish, udaan ene ter olon yum yariad baih shaardlaga bol ugaasaa ch baih yosgui. Harin bichleguud ih saihan bolj, ulam ih amjilt husye.



arius said...

daraagiin hesgiiig n hurdan taviarai. unshiad ehelsen salj boldoggui. saihan zohiol boloh nee



Anonymous said...

Goe zohiol bna aa. Yrgeljileliig ni hurdan unshmaar bxiin. Taniig hurdan yrgeljileliig ni taviach gej guij bna.