Мөчир (кино - 1)

Posted 10:20 AM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:
ОРШЛЫН ОРОНД .

Миний залуу нас өнгөрсөн зууны дал наяад онтой хөтлөлцөн Даланзадгадын хийгээд Улаанбаатарын гудамжинд алхаж яваа . Өнөөдрийг тэр үетэй жишишгүй . Гэвч энэ цаг үе , энэ өдрүүд нэг л юмаар дутаагүй тэр нь залуу нас . Тэд миний хажууд суугаад инээлдэж надтай ярилцаж байвч миний магадгүй хэзээч тааж чадахгүй ямар нэг үйл хөдлөл сэтгэлийнх нь гүн дотор явагдаж л байгаа . Тавин насныхаа босгон дээрээс би тэд ийм байгаасай , ийм л үйл хөдлөл хүсэл зорилго манай өнөөгийн Монгол залуусын сэтгэлд бужигнаж байгаасай гэж бодож хүсэж мөрөөдсөнөө драммын зохиолын хэлбэрт оруулан та бүхний өмнө дэлгэж байна . Би та нарыгаа харж байна , ярилцаж байна гэвч бас та нарыгаа харж чадахгүй байх шиг байна . Хэлж ярьж байгаа минь та нарын сэтгэлийн гүн рүү дэлхийгээс хөөргөсөн гариг хоорондын дагуул Ангараг гаригийг олоод оччихдог шиг очиж чадахгүй байна гэж бодож шаналаж байгаа дээрээс энэ нэгэн зохиолыг хэлэлцүүлэхээр дэлгэлээ. Хүүхэд залуучууд минь анхааралтай уншиж шүүн тунгаагаад санаа оноогоо надад бичээрэй . Харин ийн бичихдээ та нарын ирээдүйгээс би та нарыг харж байгаа шиг миний хорин нас та нарын дунд байгаа гэдгийг битгий мартаарай .



Кино зохиолыг бичсэн Доржзовдын Энхболд

Продюсор ..........................................................
Ерөнхий найруулагч
Ерөнхий оператор .................................................
Хөгжмийн зохиолч ..................................................

Дүрүүд :

Гангамаа . гол дүр
Батгэрэл . оюутан залуу

Гангамаагийн эцэг эх .
Хулангоо .
Арвижих .
Жон
Бетти
Найдан . Арвижихын найз .
Алимаа : Хүн асрах ажил хийдэг гуч гаруй насны бүсгүй .
Бусад хүмүүс .

Эхлэл .

Нартай өдөр . Дуран нэгэн шилэн байшингийн хана руу харж байна . Шилэнд нар ойж гялбуулна . Шил тас хар . Дуран тэр хар ханыг нэвт харъя гэвч наранд гялбаад чадахгүй байгаа аж . Гэнэт хэн нэгэн хэнгэнэтэл санаа алдана . Дуран хананаас доошлож тэмтчин наашилсаар хээнцэр туфлын өлмийд тулаад зогсоно . Мөнөөх туфль аажуухан нэг хоёр нэг хоёр урагшилж байснаа алхаа нь жигдэрч эрс шийдэмгий болно . Мөнөөх хээнцэр туфль нар ойлгон инээд алдах шиг гялалзан явсаар шилэн хаалганд тулж нэг өлмий нь нөгөө өлмийгөө тэмтрэн эргэлзсэнээ орж явчихна . Нүд эрээлжлэм хивсэн дээгүүр хээнцэр шаавай туфль урагшлана . Тэгээд нэг өрөө рүү орлоо .

Яриа .
Хэн нэгэн . Дүү минь өнөөдөр арван залуугийн зургаа нь банкны эдийн засагч болцгоож байна . Гэтэл банк маань тоотой шүү дээ .
Гангамаа : Ахаа ...
Нөгөө хүн : Ахад нь ямар ч арга алга даа . Харин ...
Гангамаа : Аан ...
Нөгөө хүн : Цай зөөгчийн нэг орон тоо гаргаж болно . Дуудсан өрөөнд цай оруулж өгнө . Тэгээд завсар зайгаар нь бүх давхруудын шал цэвэрлэж хивсний тоос соруулаад байж чадах уу чадна гэвэл тийм ажил байж болно л доо .
Гангамаа : Ахаа би ...
Нөгөө хүн : Их сургуулийн диплом гэдэг чинь бүх юм биш шүү дээ охин минь . Дээр нь ажлын дадлага туршлага , Англи франц Орос хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай гэтэл чамд Орос хэлнээс өөр зэвсэг алга . Өнөөдөр тэр чинь эртний хийцийн нум сум л гэсэн үг . Цай зөөхгүй гэвэл өөр арга алга даа ...

Хорвоогоор дүүрэн шилэн байшингууд бүгд нар ойлгон гэрэлтэж ихэмсэг хар өнгөөр дүнсийж байхыг дуран эргэлдэн харсаар л ... Эцэст нь гудамжинд хэвтэх шалчгар гялгар уутан дээр тогтоно . Уут хоосон , нэвсгэс навсгас хийнэ .
Дуран одоо л Гангамааг харна . Тэрээр хүнд гоё харагдах гэж хэт мэрийсэн нь илт . Уруулаа хэлбэр муутай домбойтол будаж дэндүү их ухлаадастай цамц өмссөний цаанаас лефчикнийх нь тал харагдахын сацуу хэт богино банзал , өөрт нь огтоос зохиогүй гялгар туфль өмсөж түүндээ түүртэн тэнтэр тунтар алхана . Нүд сормуусаа ч хэтэртэл буджээ . Уг хүний хувьд хэлбэр галбир хөөрхөн өндөр нуруутай царайлаг охин аж .

Монолог .


Хн . Англи хэлгүй гэнэ шүү . Таныг бодвол Донт би ступид гээд хэлчихэж чадах л юм чинь дээ гэснээ мөнөөх хар шил рүү эргэн харж хэлээ гарган Мм гэчихээд цааш одно .

Хаалганд түлхүүр шажигнах чимээнээр хижээл насны эмэгтэй үүд рүүгээ сэрхийн харлаа . Хүнд хаалга чихран онгойж Гангамаа урвайсаар орж ирнэ .
Ээж : Ишш миний дэрэвгэр охин яачихаа вэ . Бас л бүтсэнгүй юу .
Гангамаа : Англи хэлгүй байна гэнээ .
Ээж : Охин минь хэлний сургуульд явдаг юм билүү .
Гангамаа : Хгн . Их сургууль төгчихөөд үү . Би өөр замаар явнаа ээжээ .
Ээж : Аав чинь юү гэх юм бол доо .
Гангамаа : Аав юү гэдэг юм . Аягүй бол үйлдвэртээ өөр шигээ ажилла гэх байлгүй .
Ээж : Болохгүй ч юмгүй шүү дээ . Яваандаа эдийн засагч хийж болно шүү дээ .
Гангамаа : Сард зуухан долларын цалин аваад уу ? ээж минь дээ хичнээн жил би та хоёроороо тэжээлгэх юм бэ . Одоо биеэ даанаа . Та хэдийгээ , энэ амьдралаа сэп гээд л өөд нь татчихна .
Ээжийнхээ энгэрт наалдана .
Ээж : Амны билгээр ашдын буян гэж миний охины сэтгэлээс үргэлж л хөөрхөн хөөрхөн шувуу жиргээд байдаг юм шүү .
Өхөөрдөн үнсэнэ . Энэ хооронд дуран үе үе тэр хоёрт тулж ирсэнээ чиглэлээ өөрчлөн мөнөөх айлыг хэсүүчлэн харуулсаар байна . Ядуувтар амьдралтай айл аж . Гангамааг хөргөгчөө нээхэд дуран хэрэгт дурлан зэрэгцэж шагайна . Тал талх байна . Гангамаа түүнийг гарган зүсэж цайгаар норгоод дээр нь элсэн чихэр цацаад их л амтархан иднэ .

Шөнө .

Гангамаа нүдээ дүрлийлгэн адар ширтэн хэвтэх ба дүү нар нь эргэн тойрон өөдөө сөөргөө зөрөлдөн унтацгаана . Нөгөө өрөөнд аав ээж хоёр нь шивнэлдэнэ .
Аав : эхнэрийнхээ нуруугаар тэвэрсэн гараа чангалан . Бурханы хишиг хүн бүхэнд хүрэлцэнэ гэдэг биз дээ . Нэг ажил олдох л байлгүй дээ хө . Санаа зовоход эрт байна .
Эхнэр : Ай хөөрхий . Аль насны үйлийн үр ийм байдаг байнаа .
Аав : Өнөөдөр манай үйлдвэрт шинэ захиалга ирж гэнэ . Лав хоёр жилийн ажил гэнэ шүү . Гагнаад байна даа . Хоёр жилдээ санаа амар байж болох нь .
Ээж : Хүүхдүүд маань цөцгийн тос гэж юм байдаг гэдгийг мартлаа даа .
Аав : Тэглээ гээд амьдралыг марталтай нь биш дээ . Мартуулах ч үгүй . За чи минь маргааш шөнө ажилтай амраад авахаа л бодоё .
Ээж : Чи гагнаад би оёод уул нь юм юмыг л холбоод байх юм . Тэгсэн хирнээ энэ аж амьдралыг л залгуулахад мөч богинодоод байх юм даа .

Аавын монолог .

Мэргэжлээсээ өөр ажил хийхгүй гэнээ . Аавын охин ч мөн дөө . Бурханы гүнгэрваанд ямаан толгой залардаггүй .

Хээ хуартай хээнцэр хаалга гэнэт дархийн нээгдэхэд наад өрөөнд нь ширээний ард сууж байсан хүүхэн цочин огло харайна . Гангамаа өрөөсөн гуталтай хувцас хунар нь үрчийж хорчийсон дүүлэн гарч ирнэ . Араас нь өрөөсөн гутал шидэгдэн гарч ирнэ .
Эр хүний дуу : Харваас янхан царайлчихаад чам шиг хүүхэн горьддоггүй юм мэдэв үү . Түй түй түй ... Бас эдийн засагчид санаатай ёстой түй ... Түй ...мэдэв үү Түй ...хашгичсаар аж .

Гангамаа нулимасаа цувуулсаар гарч явахад нөгөө хүүхэн дүрлэгнэн байснаа өрөөсөн туфлийг нь шүүрэн араас нь гүйж шатан дээр гүйцэж гутлыг нь сарвайна .
Хүүхэн : Миний дүү тайвшир , май
Гангамаа : Та ... та ... яасан өөдгүй хүн хоолойгоо сөөтөл орилож байхад ...
Хүүхэн : Хулмаганан . Шивнэнэ . Эгч нь ажилгүй болчихно шүү дээ .
Гангамаа : Хүний амьдрал ажлаас чинь дор гэж үү ?
Хүүхэн : Эгч нь нялх хүүхэдтэй ...
Гангамаа хүүхнийг нэвт шувт харж байснаа уруулын будагных нь уруулаас нь илүү гарсан доод хэсгийг хуруугаар арчиж өгнө .
Гангамаа : Та ажилтайгаа үлд дээ ... гарч явна .

Гудамжинд салхи хөдлөж хоосон уутнууд хийсэцгээж байна . Хэтэрхий гэмээр эрээн мяраан зураг бичигтэй тэдгээр уутнуудыг ширтэн зогссоноо банзлаа доошлуулж нүүрнийхээ хамаг будгийг арчиж санаа амарсан янзтай гүнзгий амьсгаа авснаа шийдэмгий алхаж одно .

Гангамаа гараа дэрлэн зүүрмэглэнэ . Тэгснээ цочин сэрж , хоёр хацраа ээлжлэн алгадаж нойроо үргээгээд бичиг цаасныхаа ажилтай зууралдана . Гадаа шөнө . Дуран олон давхар байшингуудын харанхуй цонхнуудыг хэсүүчлэн явна . Гангамаа инээд алдан жижиг жижиг цаасан дээр бичиж хана дүүргэн наасан Англи үгүүдээ нүдээ анин уншиж явна . Дуран шилэн ханануудыг хэсүүчлэн ямар нэгийг эрсээр л байна . Гадаа өдөр . Гангамаа интернетэд юү ч юм хийж завгүй сууна . Дуран гадуур хана мөргөн хэсүүчилсээр . Гадаа өвөл . Гангамаа шалгалт өгөөд сэтгэл хангалуун гарч явна . Дуран мөн л байшингийн шил толин хананууд тэмтэчсээр гадаа зун болжээ . Гангамаа засмал зам даган алхлана . Жижиг гар цүнхээ савчин хараа дээгүүр ихээ зантай явж байна .

Ой мод гол горхитой газраас нэг их ганган жийп хөдлөнө . Дотор нь бүдүүн эр , ганган авгай бүр арын суудалд хоёр бага насны хүүхэд сууцгаажээ . Ганган авгай ядарсан бололтой ярвайн бугуйгаа маажина . Арын суудалд хүү охин хоёр суусны хүү нь нэг модны мөчир хугалаж барьсан аж . Охины толгой донхолзон үүрэглэхэд хүү нөгөө мөчрөөр хамрыг нь сэрвэгнүүлэн сэрээж уурлуулаад өөрөө хөөрч инээд алдана .
Охин : Аав энэ Галаагаа хараачээ .
Эцэг : Яагаад байна .
Охин : Хүн унтуулахгүй юм байнаш дээ .
Эцэг : Цаадахаа зохицуулаачээ .
Эхнэр нь хүүгийнхээ гараас мөчрийг шувт татан авч толгой дундуур нь ороолгосноо цонхоор гаргаад шидчихнэ . Мөчир Гангамаагийн өмнөхөн уналаа . Гангамаа алхаж явснаа мөчирт тулаад зогтусна . Аваад удаан гэгч нь харж зогссоноо нүүрээ мөнөөх мөчрөөр сэвж алхлана . Гэртээ бөөн баяр дэвхрэн орж ирнэ . Гэрийнхэн нь бүгд байна .

Гангамаа : Ааваа ээжээ , энийг хараач . Би Тофелоо өгчихлөө .
Аав нь : Миний охин ч мөн дөө .
Ээж нь : За яамайдаа . Тэгээд цаашдаа яахав ?
Гангамаа : Америк явна . Мастерт сурна даа .
Эмэгтэй дүү : Аниа Аниа ... нааш ир дээ өрөөний булангаас дуудна .
Гангамаа : Миний дүү юм захих нь үү . Хажууд нь очоод явган сууж асууна .
Эмэгтэй дүү : Шоколад . Бас Нандиагийнх шиг олон өнгөтэй харандаа ... болцгор хуруунуудаа нэг нэгээр дарна .

Гангамаагийн нүдэнд нулимас хурна . Дүүгээ үнсээд өндийтөл бүх дүү нар нь тойрон зогсжээ . Тэд дуугарахгүй боловч нүдэнд нь горьдлого нэвт гялалзацгаана.

Гангамаа : Миний дүү нар захих юмнуудаа тус тусдаа бичээд дугтуйлаад дугтуй дээр нь нэрээ тавиад Аниадаа өг хурдлахгүй бол хоцорчихно шүү .

Дүү нар нь тарж гүйлдэн энд тэнд сууцгаагаад дор дороо нүд гялалзуулан бодлогоширч тэгснээ хурдан хурдан бичицгээнэ . Гагцхүү шоколад захисан хамгийн бага эмэгтэй дүү нь л хүн бүрийн өмнө ээжлэн очиж Ахаа надад Укигийнх шиг палааж захиад өгөөч гэх мэтээр гуйна .

Гангамаагийн гэр . Ээж нь сандчин нааш цааш гүйнэ .
Ээж : Миний охин шар тосоо хаана хийдэг билээ .
Гангамаа : Ээж минь тэрүүгээр яахав дээ .
Ээж : Хош . Ус чийг ихтэй газар гэхчинэ билээ . Энэ чинь аминд орно . Чемоданы булан руу лавхан чихнэ .

Гангамааг юм эрэн явтал нүдэнд нь мөнөөх мөчир тусав . Навчнууд нь хатаж хорчийжээ . Аваад хогийн сав руу шидэх гэснээ үнэрлэж үзнэ .
Гангамаа : Нүдээ анин уртаар үнэр татаад : Намар ... гүнзгий амьсгална ...Өвөл ... дахин сүүрс алдана . Хавар ... дахин шуналтай амьсгална ... Зун ... Дахиад л намар өвөл хавар зун ... Бас дахиад намар өвөл хавар зун гэж шивнэснээ мөнөөх мөчрийг чемодандаа хийнэ .
Ээж : Миний охины гэнэн гэдэг нь . Энүүн шиг хэрэггүй юмаар яанаа түүний оронд хэдэн борц багтаачихгүй ...
Гангамаа : Борц болгон амилахгүй харин энэ бол ч гэснээ сүүрс алдана .

Гангамаа онгоцонд явж байна . Дүү нарынхаа захиаг нэгбүрчлэн задлаж уншаад инээмсэглэнэ . Бүгд л чихэр жимс хувцас хунар захижээ . Хамгийн сүүлд нүүрэн дээр нь Болдоогоос Аниад гэсэн захиа гарч ирэв . Дугтуйны ард томоор

ГАНЦААРАХНАА УНШ гэж бичээд анхаарлын олон тэмдэг тавьжээ .
Дугтуй дотроос гараа тавьж байгаад зурчихсан зураг гарч ирэв . Алган дээр нь хээний гурван зураас зурсаны хоёр нь үзүүртээ очиж нийлжээ . Тэр хоёр зураасны нэгийг дагуулан ТА , нөгөөг дагуулан Би гэж бичээд салангид зураасны дагуу ҮҮГЭЭР ЯВЖ БОЛОХГҮЙ гээд олон анхаарлаа тавьжээ . Зургийн дор Отгоод Укигийнх шиг палааж захий гэсэн байв . Гангамаагийн нүдэнд нулимас дүүрлээ тэрээр доош тонгойн суусаар нулимасаа цааш шингээсэндээ урамшин инээмсэглээд дүүгийнхээ зурганд алгаа наалаа . Онгоцны буудалд Батгэрэл Аривжих
Хулангоо нар Гангамааг хүлээж байгаа нь илт зогсоцгооно . Батгэрэл томоо цэцэг барьсан байна . Арвижих нэг хуйлаастай цаас , Хулангоо Хаппи гэсэн бичигтэй дүүжигнүүр барьсан аж .

Арвижих : Хөөрхөн охин уу ?
Батгэрэл : Эрхийгээ гозойлгоно .
Арвижих : Мань ч санасны гарз юм байна дөө .
Хулангоо : Инээд алдсанаа : Хирээ мэднэ гэдэг чинь нэг төрлийн ялалт юм гээ биз дээ .
Арвижих : Яагаад ?
Хулангоо : Яахав дээ . Эсэргүүцэж амиа алдахгүй . Нэгэнт дийлэхгүйгээ мэдэж байгаа юм чинь .
Арвижих : Тэхдээ яахав дээ . Аан . Зэрэгцээд алхаж явна гэдэг мөрөөдөхөд хангалттай тийм үү ?
Хулангоо : Аагий тамхиа гаргаач . Би машин дотор мартчихаж .
Арвижих : Гаръя тамхилая .

Гадаа Арвижих Хулангоо хоёр тамхи татаж Батгэрэл харж зогсоно .

Хулангоо : Чи дурлаж байсан уу ?
Батгэрэл : Хэнд ?
Хулангоо : Энэ ирж байгаад ?
Батгэрэл : Дурлаж байсаан .
Хулангоо : Хөөрхий минь ...
Батгэрэл : Хэн ?
Хулангоо : Чи л байхгүй юу .
Батгэрэл : Сайн охин шүү битгий гомдоогоорой .
Хулангоо : Хариуцуулж байгаа юм уу ?
Батгэрэл : За үгүйдээ гуйж байгаа юм .

Нисэх буудлын хүлээлгийн танхим . Хүмүүс гарч ирсээр л байна . Нөгөө гурав тэсгэл алдан хүлээнэ . Бүх хүмүүс гараад дууссаны дараа түгшүүрт хэсэг хугацаа өнгөртөл Гангамаа гарч ирнэ .

Батгэрэл : Гараад ирлээ . Гураваа ... ий .

Арвижих гар дахь хуйлаастай цаасаа дэлгэнэ . Велком Америка гэж бичсэн байна . Хулангоо дүүжигнүүрээ дээш доош хөдөлгөн баяр хүргэнэ . Гангамаа явсаар дэргэд нь ирэв .

Гангамаа : Сайн байцгаана уу сайн сууцгааж байв уу ?
Хулангаа : Сайн явж ирэв үү ?

Батдорж Аривжих хоёр ч мэндэлнэ .
Батгэрэл : Найзуудтай маань танилц . Хулангоо Аривжих .

Тэгээд нөгөө хоёр руугаа эргэж
Батгэрэл : Ангийн маань охин Гангамаа .

Танилцацгаана .
Батгэрэл : За оршил дууслаа ачааны хэсэг рүү явцгаах уу ?
Гангамаа : Миний ачаа энэ л дээ .
Аривжих : Өө товчхон бөгөөд тодорхой юм байна . За ингээд амьдраад байж дээ .
Хулангоо : Эрх чөлөө минь сайн байна уу гээч .

Инээлдсээр гарцгаана . Хээнцэр ганган машинд сууцгааж Хулангоо жолоодон хот руу хөдөллөө . Гангамаа цонхоор гадагш харж дуу алдана . Батгэрэл ангийхнаа сураглаж , Аривжих хотыг танилцуулна .

Батгэрэл : Одоохондоо Хулангоотой цуг амьдрана .
Хулангоо : Яагаад одоохондоо гэж салж хагацашгүй сайн нөхөд болоод жаран жил жаргах ч юм билүү чи яаж мэдээв .
Батгэрэл : Тэгвэл сайн л байна .
Хулангоо : Сайн л байна гэнэ шүү . Үгээ ч гүйцээгээд хэлчихэж чадахгүй .
Батгэрэл : Хулангоо та хоёр нэг сургуулийнх . Минийх арай цаана нь байдаг юм .

Гангамаагийн царай эвгүй оргин барайна . Гэвч дуугарахгүй аж . Явсаар Хулангоогийн байрны гадаа ирж орцгооно . Хоёр өрөө байр аж .

Хулангоо : Эвсэг амьдранаа хоёул . Одоохондоо энэ өрөөнд сууна даа . Леавин өрөөгөө заана . Тэр өрөө нь миний унтлагын өрөө . Нөгөөдөхөд нь миний хувцас хунар гэснээ гараа савж замбараа байхгүй . Тэгж байгаад би янзалчихна тэгэхээр тэнд ороорой .
Гангамаа : Өө зүгээр зүгээр . Энэ чинь сайхан л өрөө байнаш дээ . Ямар том юм бэ . Инээнэ .

Аривжих Батгэрэл хоёр өөд өөдөөсөө хараад хөмсөг зангидана . Гэвч хэн хэн нь дуугарсангүй .

Хулангоо : Хэдүүл гараад юм идчих үү ?

Тэр хэд макдоналдст хооллож байна . Гангамаа юм бүхнийг харан шогширно . Гадуур явцгаана . Аривжих хотоо уйгагүй тайлбарлаж явна .
Аривжих : Цуут Алтан хаалга гэдэг чинь тэр дээ .
Гангамаа : Сайхан гүүр юм аа . Би нэг талд нь том алтан хаалга байдаг гэж өнөөдрийг хүртэл итгэж явсан шүү дээ . Инээнэ .

Нөгөө гурав өөд өөдөөсөө харна . Хулангоо мөрөө хавчина . Орой болж салцгаах болоход

Батгэрэл : Гангаа сайхан амраарай . Оюутны амьдрал шүү дээ . Байх байхгүйн зовлонг чи ямар мэдэхгүй ч биш дээ .
Гангамаа : Аан . Тэгээд яана гэж ?
Батгэрэл : Сэтгэлдээ бэлтгэлтэй байгаарай л гэж хэлж байгаа юм .
Гангамаа : Чи маргааш завтай юу ?
Батгэрэл : Завтай бол юү гэж ?
Гангамаа : Ярих юм байгаа юмсан .
Батгэрэл : Би ирнээ .

Гангамаа чемодан саваа уудлан юм хүмээ гаргаж янзална . Хамгийн түрүүнд сөчрөө гарган ирж үнэрлэж байснаа шилэн аяганд ус хийж мөчрөө дүрээд цонхны тавцан дээр тавьчихна .


Хулангоо Гангамаа хоёр ширээний хоёр талд сууж байна . Ширээн дээр чихэр жимс амттангууд виски , дарс , оргилуун дарс сөгнөөстэй .
Хулангоо : Монголоос ганц шил архигүй хүрээд л ирдэг чи бас амгалан амьтан юмаа .
Гангамаа : Ёстой анзаарсангүй . Яанаа .
Хулангоо : Цаад хоёр чинь боожгойнуудаа сунатал горьдсон доо .
Гангамаа : Юугаа гэнээ ?
Хулангоо : Яав эвгүй байна уу . Энэ чинь Америк . Энэ тив тэр чигээрээ эрх чөлөө гээд боддоо . Анхандаа иймэрхүү яриа сонсоход эвгүй нь эвгүй л дээ . Нэг мэдэхэд чих дасаад зогсохгүй ам хүртэл дасчихаад хэнэггүй авч өгнө гээч . За уулзаж танилцасаны төлөө .
Гангамаа : Би үнэхээр чаддаггүй юм .
Хулангоо : За тэгвэл яая гэхэв . Хатууг нь би ууя . Чи наад дарсаа уу .
Гангамаа : Би энэ оргилуун дарс ууя болох уу ?
Хулангоо : Аль нь ч яахав . Хань бараа болоод байж бай .

Вискиг хуурайгаар нь хөнтөрч Хаа гэснээ араас нь дарс ууна . Бас нэг жижиг савнаас хамрын цагаан тамхи үе үе татна .

Гангамаа : Чи чинь арай ...
Хулангоо : Арай юү гэж ...
Гангамаа : Үгүй ээ зүгээр л ...
Хулангоо : Тэр чинь мөн байхгүй юу . Чи татах уу . Ингээд л сорчихно . Ямар сайхан гээч . Хамаг биений хуян шар ус тарж борооны ус шиг шоржигноод л хаашаа ч юм урсаад явчих шиг болдогш дээ . Энэ орчлон ямар инээдтэй гээч . Юү ч байхгүй . Улайн цайн байхгүй юмыг байгаа гэж хараад мөргөхгүй гэж тойрч яваад байдаг энэ хүмүүс хар шар цагаан бүгд тэнэг .

Тэгээд нүд нь эргэлдэн солиорох мэт болно .

Хулангоо : Хүйс гэж байхгүй . Эр эм гэж байхгүй . Ор дэр гэж байхгүй . Харин эрх чөлөө гэж бий . Ганцхан тэр л бий .

Тачигнатал инээнэ . Гангамааг хараад л инээгээд байна .

Хулангоо : Чи ямар хөөрхөн юм бэ .

Тэгж хэлээд баясгалантайгаар инээсээр байна .

Гангамаа : Хулангоо найзаа унт даа .
Хулангоо : Нойр гэж байхгүй . Үхэл ч бас байхгүй гэснээ л инээнэ .

Гангамаа Хулангоог түшиж оронд нь оруулж өгөв . Хулангоогийн хүүхэн хараа томорч адар ширтэн хэвтэнэ .

Хулангоо : Амьдралд нулимас багтах зай байхгүй ...шивнэнэ
Гангамаа : Аан .
Хулангоо : Байхгүй ... нүдээ анина .

Далайн эрэг . Гангамаа Батгэрэл хоёр зэрэгцэн сууна .

Батгэрэл : Хулангоо архи уусан уу ?
Гангамаа : Архи ч гэж дээ дарс л уух шиг болсон .
Батгэрэл : Дарс уусан хүн ингэж шартахгүй л дээ . Аягүйтвэл нөгөө нунтагаа татаа биз .
Гангамаа : Чи мэддэг юм уу ?
Батгэрэл : Бүгдийг нь мэднэ .
Гангамаа : Тэгээд чи яагаад ?
Батгэрэл : Баян айлын эрх хүүхэн нунтагаа ч татна уу элсээ ч татна уу ямар падлий байна . Харин мөнгө нь заримдаа хэрэг болдог юм шүү .
Гангамаа : Өнөөдөр хичээлдээ явсангүй .
Батгэрэл : Хэзээ ч явахгүй .
Гангамаа : Юу ?
Батгэрэл : Хаячихсан юм . Өөрөө л тэгсэнш дээ . Яг нарийндаа бол хаясан ч юм уу хаягдсан ч юм уу бүү мэд . Өөр боломжтой айл олдоогүй болохоор л чамайг түр оруулсан юм . Явцгүй болчихсон амьтан даа . Гэхдээ гэнэн . Чамаас байрны мөнгө авахгүй . Тэр нь чамд хэрэгтэй .
Гангамаа : Надад ажил олж өгөөч . Би ганцхан улиралын төлбөртэй ирсэн . Тэр маань зээл .
Батгэрэл : Тэр болно шүү . Аривжихын гуанзанд угаагчийн орон тоо байгаа гэсэн .
Гангамаа : Угаагчаа ?
Батгэрэл : Хамгийн сайхан цэцэг тойрч зугатмаар шалбааганд л ургадаг шүү дээ .

Гангамаа санаа алдана .


Гангамаа бээлий өмсчихсөн аяга таваг угааж байна . Гаднаас Аривжих орж ирэв .

Аривжих : Ядарч байна уу ?
Гангамаа : Гайгүй ээ харин ...
Аривжих : Нуруу чинь өвдөж байгаа биз ? Тэгдэг юм . Дараа нь хөл өвдөнө . Ямар нэг юман дээр суухсан гэж хичнээн их бодогдоно гээч . Сууж болохгүй шүү . Цаадуул чинь сэмхэн харж байдаг юм . Суулаа бол баяртай гээд хөөгөөд гаргачихна .
Гангамаа : За хичээнээ .

Аривжих захиалгатай хоол аваад гарна . Гангамаа уруулаа химлэн тэсвэрлэж аяга тавгаа угаасаар л байна . Аяга таваг угааж байхад дүү нарынх нь нүүр нүд нэгбүрчлэн үзэгдэнэ . Бага эмэгтэй дүү нь алгаа тосон зогсож байснаа гэнэт ярина .

Бага эмэгтэй дүү : Аниа тэрийг хараа Уки явж байна .

Дэрвийсэн хувцастай охин гүйж явна .
Бага дүү : Та палаажийг нь хараад л байгаарай ...

Гангамаа шүдээ зууна . Шанаа нь гүвэлзэн аяга тавгаа угаасаар . Шөнө болжээ . Гангамаа зоогийн газрын шалыг цэмцийтэл цэвэрлэж дуусаад олон сандлуудыг нэгбүрчлэн буулгаж байр байранд нь тавиад хувцасаа солихдоо цагаа харна . Шөнийн арван хоёр цаг болж байна . Гараад иртэл тамхины цог улалзаж

Аривжих : Гангамаа наашаа яв .
Гангамаа : Өө харихгүй яасан юм бэ ?
Аривжих : Арай ч дээ .

Хөдлөнө .

Аривжих : Аав минь насаараа тээврийн жолооч хийсэн дээ .
Гангамаа : Харин ээж чинь ...
Аривжих : Ээж маань таксины жолооч байлаа . Таксийн цоохор машин минь гээд л шуугиулж явсан байхдаа .
Гангамаа : Чи тэгвэл удамтай бөх гэдэг шиг л ...
Аривжих : Харин тийм . Төрмөл ч таримал ч жолооч байхгүй юу . Гэхдээ хийгээгүй ажил байхгүй шахуу даа . Өнгөрсөн хавраас деливирчин болсон . Ядрах нь гайгүй ажил юм даа .
Гангамаа : Сан-Францискогийн шөнө нь бүр гоё юм аа .
Аривжих : Сайхан хот шүү . Хүмүүс нь ч муу биш . Эзэн нь хичээвэл заяа нь дэлгэрч болох л газар даа .
Гангамаа : Сайхан үг байна даа . Чамд баярлалаа .


Тэр хоёр Гангамаагийн гадаа ирнэ .

Гангамаа : Маш их баярлалаа сайхан амраарай .
Аривжих : Оронгуутаа усанд ороорой . Ядаргаа түргэн арилдаг юм . Сайхан амраарай .

Гангамаа усанд орж байна . Уснаас гарч алчуураар биеэ ороосон хэвээр гэтэн явсаар Хулангоогийн өрөө рүү шагайж харна . Хоосон .

Гангамаа : Амандаа : Хаачсан юм болоо .

Орондоо ормогц дүүгийнхээ алганы зурганд алгаа наана , унтана .

Гангамаагийн зүүд .

Гангамаа нэг юмыг хүч гарган угаана . Юү юм бүү мэд . Угаагаад л байна . Угаагаад л байна . Бүдэг цагаан өнгөтэй зүйл аж . Тэр нь бас эргэлддэг эд аж . Зугуухан эргэсээр нэг зураас өнгөрлөө . Гангамаа амандаа ёох Укигийнх шиг палааж ... гэж шивнээд хурдлан угаана Түүнийг хурдлах тусам нөгөө цагаан юмны эргэлт ч бас хурдсах аж . Хурдалсаар Гангамаа дүү нарынхаа нэрийг баяртайгаар шивнэн хэлж зураасууд өнгөрсөөр хоёр салаа зураас тулжээ . Харвал Болдоогийн зураг нөгөө зураас далбиганаж байснаа нисэж эхэллээ .

Гангамаа : Хүүе . Хүлээл дээ . Болдоо миний дүү Аниа нь одоохон ... хүлээгээрэй .

Гэтэл Болдоогийн захиа ниссэнгүй харин өөрөө нисэж явна . Доош харвал угааж байсан таваг нь . Тэр угааж байсан тавган дээрээ нисэж яваа ажээ . Гангамаа амандаа “ Амьдралаа чамд нулимас багтах зай байдаггүй биз дээ . “ хашгирна . Гэнэт нэг зүйлд тулсан нь Хулангоогийн хөл аж . Хулангоогийн царай тэнгэрт юм шиг тээр дээр харагдана .
Хулангоо : Чи мөн ч гэнэн түүхий байна даа . Амьдрал гэдэг чинь шал тэнэг хоосон орон зай байхгүй юу даа . Түүнийг ганцхан юмаар ... нулимасаар л дүүргэж болно гэснээ эхэр татан тачигнатал хөхөрнө .

ЭЭЖЭЭ ...

Таваг хагарч Гангамаа доош унана .

Өглөө болжээ . Гангамаа сэрмэгц Хулангоогийн өрөө рүү шагайж харна . Хулангоо ганцхан дотоожтой хоёр хөлөө байдгаар нь дэлгэчихсэн унтаж байна . Гангамаа өлмий дээрээ гэтэн явсаар Хулангоогийн газар унасан хөнжлийг авч нөмөргөөд усанд орно .

Аяга тавгаа угаасаар ... Үе үе угаагуурын хашлагыг гараар тулж бөхийж гэдийн нуруугаа амсхийлгэнгээ хоёр хөлөө ээлжлэн өргөж амраана . Бээлийгээ тайлж харвал хоёр гар нь чийгэнд цэлхийн нялхарч сэлхэрчээ . Гэвч угаасаар ...Шөнө шалаа цэвэрлэж сандлуудаа байр байранд нь тавьчихаад гарч иртэл ...гадаа өвөл болсныг ойлгуулах дүрс өгнө . Аривжих мөн л гадаа хүлээн тамхины цогоо улалзуулан сууна .

Гангамаа : Чи сонин хүн юмаа .
Аривжих : Яасан ?
Гангамаа : Харьж амрахгүй . Зунжин намаржин намайг зөөлөө . Одоо өвөлжин зөөх үү ?
Аривжих : Юу гэмээр юм бэ дээ . Даанч чи юу гэх юм болдоо түүнээс насаараа зөөх юмсан гэж мөрөөдөх юм даа .
Гангамаа : Өөр ажил олж хийхээс .
Аривжих : Сэртхийн . Уучлаарай . Чамайг дургүй байвал би маргаашнаас ...
Гангамаа : Инээнэ . Үгүй ээ дургүйцсэн юм биш . Энэ ажлыг хийгээд төлбөрөө олохгүй юм байна . Арай дээр цалинтай ажил олж хиймээр байна . Чөлөө аваад гурван сар болчихлоо . Жилийн төлбөрийнхөө хорин хувийг ч олсонгүй . Ингэж явбал арван жил ч явах юм байна .
Аривжих : Чи миний цалинг ав л даа .
Гангамаа : Тэгээд чи яах юм .
Аривжих : Би яадаг юм . Деливерээ хийгээд л явна .
Гангамаа : Насаараа юу ?
Аривжих : Насаараа ...
Гангамаа : Хгн . Гийгүүлдэг хүн гарах нь ээ .
Аривжих : За битгий уурла л даа . Бодсоноо л хэлчихлээ .
Гангамаа : Чи яг л тарвага шиг .
Аривжих : Тарвагаа ?
Гангамаа : Энэ бүхээгэнд иччихсэн . Гарах дургүй насаараа ингээд л ичих дуртай .
Аривжих : Аан .
Гангамаа : Сайхан амраарай . Бууж одно .

Гангамааг гэртээ ортол Хулангоо гурван араб залуутай найрлаж сууна . Гангамааг хармагц өндөсхийж нөгөө гуравтаа

Хулангоо : Миний бест фрейнд танилцацгаа . Нэрийг нь Жейн гэдэг юм .

Нөгөө гурав уралдан ирж сүйд болцгооно .
Гангамаа : Хулангоо найз нь их ядарч байна . Хувцасны чинь өрөөнд ороод унтчихая тэгэх үү ?
Хулангоо : За аашгүй гэдэг нь . Жаахан суу л даа .

Гангамаа аргагүйдэн ширээний ард очиж сууна . Хулангоо хундагануудад архи хийнэ .

Хулангоо : Эрх чөлөө мандтугай .

Аривжих гэртээ орж ирж байна . Найдан гарах гэж байгаа бололтой хувцаслаж байна .

Аривжих : За юу байна даа өвгөөн .
Найдан : Тайван тайван . Хэд явав .
Аривжих : Чүү ай арван найм явлаа .
Найдан : Би хорь яваад гарын мөнгө хэд гээч дөчин тав . Ёстой хар Ёндонтой өдөр.
Аривжих : Надад нэг сайхан ааштай шар хүүхэн хэдийг өгсөн гэж бодноо .
Найдан : Найм .
Аривжих : Таасангүй . Зуугаад төгрөгний хоол аваад гучийг өгөв шүү дээ .
Найдан : Чиний номыг Гангамаа уншиж байгаа юм чинь арга байж үү дээ . Өнөөдөр яав хоолойгоо зассаар байгаад л ирэв үү ?
Аривжих : Арай ч үгүй ээ . Чиний заасныг хэлчихсэн чинь уурлачих шиг боллоо .
Найдан : Буруу өнгөөр л хэлж дээ . Үнэн сэтгэлээсээ өгье гэсэн итгэл дүүрэн түс тас хэлсэн бол хэн ч дургүйцэхгүй . Өгөх гэж байгаа ч юм шиг мөнгөндөө хоргодоод ч байгаа юм шиг хоёрын хооронд гурвын дундуур хэлэхээр чинь хүний дургүй хүрчихэж байхгүй юу .
Аривжих : Би ёстой үнэн сэтгэлээсээ жинхэнэ түс тас хэлсэн .

Гараа зангидан зангаад

Аривжих : Гангамаа чи ерөөсөө л миний цалинг ав . Сургуульдаа яв би хоолоо зөөнө ... гэж хэлсэн дээ .
Найдан : Тэгсэн чинь ...
Аривжих : Намайг тарвага гэнээ ...
Найдан : Юу уу ... Тарвагаа ...тачигнатал инээнэ . Тарвага ... Тарвага Аривжих ...тарвага Арвий ...тарвага Аагий ...
Аривжих : За за унтъя даа .
Найдан : Нүх рүүгээ оръё гээч .
Аривжих : Чамд сайхан байгаа л даа .
Найдан : Бүх хэрэг чамд өөрт чинь байна .
Аривжих : Юү гэсэн үг юм ?
Найдан : Чи хутга юм бол иргүй хутга , мод юм бол үндэсгүй үзүүргүй бөв бөөрөнхий мод ...
Аривжих : бодлогоширно .
Найдан : За сайхан зүүдээ үргэлжлүүлээрэй . гарч явна

Гангамаа усанд орчихоод гарч ирэхэд нөгөө залуус ичгүүргүй ширтэцгээн нэг нь шадарлан ирнэ .

Залуу 1 : Та их сайхан харагдаж байна .
Гангамаа : Баярлалаа . Хулангоо орой болчихож маргааш ажилтай энэ залуусаа явуулаач .
Хулангоо : ихэд согтож цагаан нунтаг хамаа намаагүй хэрэглэнгээ : Шар апп . Миний найзуудыг хөөхгүй шүү . Чи эд нарыг хэн гэж бодоод байна аан . Эд чинь тас хар тоснууд . Ойлгов уу надад гуравын гурван цооног байна . Америк юү юм . Эд нарын ундрага ганц хором ч тасардаггүй юм . Ундрага . тачигнатал инээнэ . Цооногнуудаа ууцгаая татацгаая .

Гурван залуу цагаан нунтаг татан нүд нь сөлийцгөөнө . Гангамаа гайхан харж байснаа Хулангоогийн хувцасны өрөөнд орж дотроос нь түгжээд газраар хэвтэнэ . Хулангоо залуусын өвөр рүү ээлжлэн асаж үнсэлцэнэ . Дахин архи хийж уугаад “ Цооногууд “ гэж монголоор хэлснээ буйдан дээр тас унана . Залуус хоорондоо нүд ирмэлцэж байснаа Хулангоог нүцгэлэж эхэлнэ .
Хулангоо : Ундраганууд ... миний ундраганууд ... шүлс урсган үглэнэ .

Тэд Хулангоо дээр овооролдон үзэшгүй муухайгаар доромжилж байвч түүнд тэднийг анзаарах сэхээ алга . Нөгөө гурав амсхийн буйдан налан сэрийлдэх зуур ширээн дээрх нунтаг татаж архи ууна . Хулангоо шалан дээр эв хавгүй гувчийн унасан байна .

Залуу 1 : Уг нь тэрийг ингэсэн бол ... сайхан хүүхэн байна лээ шүү .
Залуу 2 : Махмуд бүү яар . Нэг л өдөр тэр ч ийм болно .
Залуу 3 : Надад энэ ч таалагдаж байна . Хулангоогийн хажуугаар хэвтэн үнсэж элдэвлэнэ .
Залуу 1 : Бид энд байснаа заавал тэмдэглэх ёстой .

Ийш тийш харснаа хар палмаастар авчирч Хулангоогийн биен дээр бэлэг эрхтэн . сумтай зүрх , царцаа зэрэг есөн шидийн зураг зурж хөхрөлдөнө .
Залуу 2 : Одоо бөгсөн дээр нь
Залуу З : Хөлийнх нь улыг ч хоосон үлдээж болохгүй шүү .
Залуу 1 : Шувуу зурчихая . Энэ нисэхээсээ өнгөрсөн .

Хоёр хөлийнх нь ул дээр тортой шувуу зурна .

Өглөө . Гангамаа суниан эвшээсээр гарч ирмэгц Хулангоог хараад хиртхийнэ.
Гангамаа : амандаа : Даанч дээ . Хулангоо минь ... даанч дээ ... Босооч ... бос л доо ...
Хулангоо : Эйн . тамшаална .
Гангамаа : Сэрээчээ чи өөрийгөө хар л даа .


Хулангоо сэрж савирсан шүлсээ гарын араар арчин өндийгөөд биен дээрх зурагнуудаа харна . Биен дээр нь хар эрээн зураг сэгэн дээрх хэрээ шиг сэрийнэ .

Гангамаа : Хулангоо чи минь хүн шүү дээ даанч дээ ... уйлна .
Хулангоо : хааш хэрэг гараа савж : Аа энэ яах вэ . Бид нар тасарсаныхаа биен дээр ингэж зурж бие биеэ дамшиглаад бүр сурчихсан юм . Эртийд би тэр Махмудыг хар цооног болтол нь зурсан гээд бод доо .
Гангамаа : Чи юү яриад байгаа юм бэ ? Юун дамшиглах вэ . Чамайг үзэшгүйгээр доромжилж байна шүү дээ .
Хулангоо : Энэ чинь залуу нас . Эрх чөлөө . Эрх чөлөөтэй залуу насанд зорчих ганцхан гудамж олддог тэр чинь энэ ...

Гангамаа утсаа авч Аривжих руу ярина .

Гангамаа : Чи менежэрт хэлээд чөлөө аваад өгөөч ... Тэг ... тэг ... Өвдсөн гээд хэлчих .

Гангамаа Хулангоог чирж гулдран усанд оруулна . Хар эрээн зурагнуудыг уйлан зүлгэнэ . Уснаас гаргаж алчуураар биеийг нь ороож өгчихөөд цаашаа гүйж чемоданаа уудлан савтай арц гарган таваг дээр тавьж уугиулаад биеийг нь тойруулан ариулна .

Хулангоо : Инээд алдсанаа : Манай Гангаа чинь бас лам ... айн . Сүслэсэн хүн болж алгаа өмнөө хавсрана . За ойлголоо ойлголоо ум маани бадмэ хум гэдэг билүү .
Гангамаа : Чи битгий баашил . ууртайгаар

Хулангоо ойр ойрхон найтаана .

Гангамаа : Тэр ... ингэтлээ бузартсан байна шүү дээ .
Хулангоо : За сүртэйшдээ манай монголчууд ингээд бүр дургүй хүргээд хаячихдаг юм шүү .
Гангамаа : Дуугүй л наад арцаараа тойруул ойлгов уу . Аавын минь нутгийн арц . Чи бидэнд энэнээс өөр үнэтэй юм гэж байхгүй .
Хулангоо : За за .

Ярвайн тойруулна .

Гангамаа цонх руу очиж мөчрөө харна . Мөчрийн усанд дүрэгдсэн хэсэг ялзарч мууджээ . Түүнийг угааж цэвэрлэж байснаа үзүүр хэсэг нь бүр ялзарч ямар ч найдваргүй болсоныг ойлгомогц хутгаар тайрна . Тэгээд усыг нь сольж байхад Хулангоо түүн рүү хялалзан цүнхнээсээ жижиг хайрцаг гарган ирж нунтагаа чимхэн сэм татна .

Гангамаа : Чи хаашаа ч битгий гараарай .
Хулангоо : Чи хаачих нь вэ ? сэжиглэнгүй ... Тийм заваан юм хийхгүй биз дээ .
Гангамаа Ямар ?
Хулангоо : Цагдаа энэ тэр гэж ...
Гангамаа : Тэр чинь юү ч биш .
Хулангоо : амандаа сонин юм болох нь шив дээ гэж шивнэнэ .

Гангамааг гармагц яаран гүйж хувцаслаад гэтэн гарч Гангамааг гудамж уруудан явахыг хармагц машинаа асаан сэмхэн дагана . Гангамаа утсаа гарган хэн нэгэн рүү ярьж байна . Тэгээд автобусанд сууна . Хулангоо дагасаар . Гангамаа явсаар Оакландын жижиг нуурын дэргэд ирнэ . Төдөлгүй Батдэлгэр ирж явахыг Хулангоо хараад машинаа байшингийн цаана зогсоолд тавиад алсаас тэр хоёрыг ажиглана .

Гангамаа : Сайн уу. Хичээл чинь эхэлчихсэн үү ? .
Батгэрэл : Тэгсэн . Ямар нэг юм болов уу .
Гангамаа : Болсоон .

Эндээс цааш дуугүй дүрс . Гангамаагийн нүд дүрлэгнэн үзээгүй юм үзсэнээ аймсран ярьж байна . Батгэрэл толгой гудайн сонсоно . Гангамаагийн яриа дууслаа.

Батгэрэл : Чи тэгээд цаадхиа буцна гэж үнэхээр итгэж байгаа юм уу ?
Гангамаа : Өөр яах юм ?
Батгэрэл : Гангамаа минь чи даанч гэнэн байна даа . Чи түүнийг аварч яах гээд байгаа юм . Бид энэ зам руу түлхээд оруулчихаа юу ? Юу сайхан дур сайхан гэдэг юм . Өөрийнхөө сонгосон замаар явж л байг л дээ . Чи яах гэж хүний амьдрал руу хөлөө дүрээд байгаа юм .
Гангамаа : Чи ойлгохгүй байна гэж үү дээ . Энийг амьдрал гэдэг юм уу . Биднийг харсаар байтал энэ хүн баларч байна шүү дээ . Чи хайрлахгүй гэж үү .
Батгэрэл : Хайрлагдахын тулд хайрламаар байх хэрэгтэй байдаг байхгүй юу . Хайрлагдах юу ч үлдээгүй зүгээр л нэг хүн дүрсний юуг нь хайрлах юм . Харин тэр эцэг эх рүү нь хэлэх арга байж болох юм . Эсвэл ...
Гангамаа : Эсвэл юү гэж ?
Батгэрэл : Хуншгүй зан гаргаж бас болно .
Гангамаа : Яаж ?
Батгэрэл : Цагдаад өгчихгүй юу ? Цүнх рүү нь өнгийхөд л баримт гараад ирэх юм чинь .
Гангамаа : Шоронд орчихно шүү дээ .
Батгэрэл : Өөр зам цаадахад чинь байхгүй . Гэхдээ эхлээд чамайг нүүлгэх хэрэгтэй . Аривжих бид хоёр чамд байр хайя . Олтол хэдэн өдөр тэсэж бай . Чамайг нүүмэгц цагдаа руу утасдчихая . Тэнд эмчлэгдээд эрүүл болоод гарна . Засарч ч магадгүй . Түүнээс биш бид дийлэхгүй .
Гангамаа : Өөр ямар ч арга алга уу ?
Батгэрэл : Байхгүй .
Гангамаа : За тэгвэл би хаашаа ч нүүхгүй . Тэгэхээр чи санаа амар явж болно .
Батгэрэл : Би чамайг ер ойлгохоо байлаа .
Гангамаа : Би чиний олон жилийн өмнө гээчихсэн зураг чинь юм байна . Бүдэгрээд танигдахаа байчихаж л дээ . Баяртай .

Гангамааг гэр рүүгээ явж байхад Хулангоо хөмхий зуун давхисаар түрүүлж ирээд гэртээ хүлээж байна .

Хулангоо : Чи хаашаа ийм удаан явав аа ?
Гангамаа : Надад нэг хүнтэй уулзах хэрэг байсан юм аа . Бие чинь яаж байна .
Хулангоо : Гайгүй ээ . Аав мөнгө гуйвуулсан гэсэн . Хоёулаа мөнгөө аваад нэг сайхан хоол идчих үү ?
Гангамаа : Би амарч байгаа юм чинь театрт очих уу ?
Хулангоо : Бөөн гуниг . Харин хоол идчихээд галзуу хулгана дээр сууя тэгэх үү ?
Гангамаа : баярлан : Тэгье .

Тэр хоёр хотоор сэлгүүцэж хоол идэж гудамжинд хөөцөлдөж элдэв хөшөө , мод , дэлгүүрийн шилэн павильоны дэргэд зургаа авахуулж галзуу хулгана дээр суугаад орилолдон яваа байдлууд . Орой болжээ . Тэр хоёр далайн хөвөөнд сууж байна .

Хулангоо : Чи тэр онгоцыг хараа .
Гангамаа : Гоё юмаа .
Хулангоо : Тавцан дээр нь ямар хүн яваа болоо ?
Гангамаа : Би яаж мэдэхэв дээ . Дуран барьсан хүн байгаа байлгүй .
Хулангоо : Бид хоёрыг харж байгаа болов уу ?
Гангамаа : Харж байгаа байлгүй . Хоёр Ази хүүхэн гиюүрчихсэн сууж байна гэж хажуудахь хүндээ ярьж байж ч магадгүй .
Хулангоо : Магадгүй . Эсвэл цаашаа харчихсан сууж байж ч мэднэ . Аливаа юм ингээд л сонин шүү . Ингэхэд чи бид хоёрыг нийлүүлчихвэл ямар хүн гарах болоо ?
Гангамаа : Тааж ядах юү байдаг юм . Миний бөгстэй чиний цээж ч юм уу , чиний бөгсөнд залгасан миний цээж л гарна биз .
Хулангоо : Чи тэгвэл бөгснөөсөө ичих үү ?
Гангамаа : Чи сонин юм бодох юмаа . Юү гэж нэг эрхтнээсээ ичих юм бэ ?
Хулангоо : санаа алдаж : Би бүх биеэрээ чиний ганцхан эрхтэн байсан ч болоосой .
Гангамаа : За битгий марзаганаад бай . Явъя орой болчихлоо .

Шөнө . Гангамаа унтаж чадахгүй эргэж хөрвөн байснаа босож гэтсээр Хулангоогийн өрөөнд орно . Хулангоо цааш харан унтаж байна . Гангамаа мяраасаар хөнжлийг нь сөхтөл Хулангоо цочин давхийв .

Гангамаа : Чишш . Цаашаа .

Хажуугаар нь орж хэвтэнэ . Хулангоо эргэж хоёул духаа нийлүүлэв .

Хулангоо : Чи олон эртэй унтсан уу ?
Гангамаа : Мэр сэр ... Чи ...
Хулангоо : Бас л мэр сэр ...Гэхдээ чиний мэр сэрийн аав шиг бүр өвөө шиг мэр сэр

Хоёул нугдганан инээлдэнэ .

2 comment(s) to... “Мөчир (кино - 1)”

2 comments:

bujigchin said...

goy kino zohiol bn joohon urgeljluulehgui umu . tanii blogruu oroh ih durtai bolvch dandaa goy goy zohiol chin hagas hugas(hesegees..) bdg bolhoor yaag dutuu aluulsn yalaa ch umu mogoi ch umu neg tiimerhuu bolchih um.(gadaadad baigaa mani met ni nomiig tani olj unshij chadhgui bolhoor ih zovh uma kk) id amtand ni oruulaad l.... kk gehdee bi tanii Kasinog nomhotgosson ni gedg nomiig butneer ni olj unshij bsn. taalgdsan shu! tanii uran buteeld chin undur amjilt husye!1



Anonymous said...

Enhbold ah aa. Neg update hiih bolsiin bish uu? :-)