Төгөлдөр ( роман - 2)

Posted 11:05 AM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:
- Аа чи яаж байнаа амьд хэл олзлохгүй гээ биз дээ .
- Дуугүй байхгүй бол буудчихна шүү муу урвагч .
- Би урвагч юм уу .
Төгөлдөр Төрөөгийн хоёр гарыг ард нь гаргаж хүлэхээр ноцолдож гарлаа . Төрөө шүдээ шажигнуулан зууж
-Муу Дамбийжаа чи намайг хэзээ ч олзлож чадахгүй эх орны цэрэг олзлогддоггүй юм хэмээн сийгүүлэх зуур хоёр гараа элгэн дороо хийж дарчихаад царайгаа чинэрүүлэн дороос нь сугарах гэж зүтгэлнэ . Төгөлдөр дийлэхээ болимогц
-Чи үхээ даан даан хэмээн угсруулан буудвал Төрөө толгойгоо гилжийлгэн нүдээ хялайн үхээд өгөв . Төгөлдөр түүнийг орхин цааш мөлхтөл араас нь Төрөө
-Төгөлдөр үхээ даан даан даан хэмээн хашгиран буудаж байрлалыг нь илчлээд хаях нь тэр.
-Аа чи үхсэн байж буудаад байхдаа яадаг юм .
-Би үхээгүй шархатсан юм чинь . Үхсэн ч чам шиг Дамбийжаад алуулахгүй .
-Би Дамбийжаа юм уу .
-Тэгвэл би урвагч юм уу
-Хуц чи урвагч мэдэв үү . Үхчихээд хүн рүү буудаад байхдаа яадаг юм .
-Яадаг юм . Шархадсан юм чинь . Одоо би ч үхсэн чи ч үхсэн .
-Гайгүй байлгүй .
Гэнэтхэн Батжаагийн дуу хажууд нь гарч
-Төгөлдөр үхээ даан даан даан , та хоёр хоёулаа үхсэн гэмэгц хажуу тийш холбирон мурилзтал мөлхсөөр бут харгана сүлжин далдарлаа . Төгөлдөр Төрөөд уур нь хүрэн хэвтэж байтал Төрөө өврөөсөө хоёр ааруул гаргаснаа нэгийг нь сарвайж
-Май хө үүнийг хүлх гэснээ нэгийг нь амандаа хийгээд тожигнуулж гарав . Төрөөгийн өгсөн ааруулыг мэрж суутал Төгөлдөрийн уур гарч харин ч инээд нь хүрээд
- Төрөө чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэж асуулаа .
- Жолооч болно . Шинэ гуч унаад сүнгэнүүлнэ дээ .
- Харин чи ?
- Би юу . Би хөгжимчин болноо . Баасан багш шиг баяанчин болно . Бүтэн сайн болгонд сумын танцан дээр хөгжимдөөд л ...
- Чи ч хөгжимчин болно доо бас дуучин ч болно . Аймагт очиж дуулаад л ... Айн . Сайхан тиймээ .
- Харин тийм . Дахиулаад л ...
- Хөөш чи дуучин болохоороо ямар авгай авах вэ ?
- Жаргалмааг .
- Харин чи жолооч болохоороо ...
- Жаргалмааг авна .
- Би авчихаад байхад чинь .
- Би чамаас алин түрүүний авчихсан .
- Гэхдээ би эхлээд авна гэж хэлээ биз дээ .
- Хэлэхээс чинь бүүр өмнө би авчихсан байсан юм чинь .
- Муу улаан бузарт минь чиний дураар болдог гэж санаа юу .
- Юү гэнэв муу бузарт чинь . Тэгвэл яс үзээд хэн дийлсэн нь авна .
- Чи гоншигонохгүй биз ?
Хоёул дэрхийн босоцгоож зай аван ноцолдох гэж байгаа буур шиг бие биеийн зүг хялайн хэдэн хором өрж зогссоноо ухасхийн бүсдэлцээд хүч чадлаа шавхан ноцолдов . Төрөөгийн нимгэн шар царай дорхноо улайж хөлс нь бурзайснаа удалгүй хамар хацрыг нь даган урсаж эхлэв . Төгөлдөрийн хөлс ч шанааг нь даган урслаа . Гэвч хэн хэнд нь ялагдах тухай бодол орсонгүй Жаргалмааг өөрийн болгохын төлөө хүч шавхан үзэлцэв . Эцэст нь Төгөлдөр дотуур хутган Төрөөгийн элгэн дээр дарж уналаа . Төрөөгийн шүд нь хяхатнаж унасандаа бухимдан нулимас нь цийлэлзлээ . Төгөлдөр бугуйгаараа Төрөөгийн хоолойг шахаж ялсан хүний бардам авир үзүүлэн
- Тэгнэ вий чи . Хүний авгайд сарвалзсан хүнийг яадгийг одоохон чамд үзүүлнээ хэмээн заналтай шивнээд түүндээ гэнэт их хүрч орж Төрөөг огцом эргүүлэн түрүүлэг нь харуулаад хоёр гарыг нь нуруутай нь шахан дангинатал хүлж , хоёр хөлийг нь өвдгөөр нь нугалан гартай нь холбон тумбарч орхиод хөлсөө шувтран өндийж давсан бөхийн ихэмсэг алхаагаар таадага таадага алхангаа тэрлэгэндээ наалдсан өвч шороог сэгсрэн унагаж холхон байх бутны ар руу шээчихээд ирэхэд Төрөө шүдээ тас зуун янцаглаж хэвтлээ .
- За ямар байна даа аан . Жаргалмаа ру дахиад сарвайгаад үзээрэй .
Төрөө амандах шороогоо “ Түй “ хэмээн нулимаснаа
- Ёстой горьдсоны чинь гарз байлгүй . Чи нэг удаа дийлээ л биз . Дараагийн удаа би буцаагаад л авчих юм чинь хэмээн янцаглалаа .
- Тэг . Тэг . Намайг яг ингэж хүлчихээд аваарай . Харах юм хуна .
Төгөлдөр Төрөөд хэзээ ч дийлдэхгүй гэдэгтээ үнэхээр итгэлтэй бардам байлаа . Төрөө ч үүнийг ойлгож байгаа бололтой хэсэг амьсгаадсанаа
- Ер нь тэгээд хэн ухаантай нь л авна шүү дээ . Би өөрөө тоогоо бодчихдог юм чинь авч л таараа гэх нь тэр . Төгөлдөр Төрөө рүү сэрхийн харав . Тэгээд дөтлөн ирж бөхийн хүлээгээ тайлаад
- За чи одоо Жаргалмаагийн талаар ярихгүй шүү . Наран Цолмон эд нарын нэгийг нь авна биз . Эзэнтэй юм руу сарвалзвал энэнээс дор юм болно шүү гэж хэлчихээд бушуухан холдлоо . Төрөө бадайрсан гараа тэнийлгэн хуруунуудаа нэг атган нэг тэнийлгэн зогссоноо тэрэгтэй түлээгээ чирэн гэр рүүгээ шууд явлаа . Нөхөд нь энэ явдалыг харжээ . Болдоо Батжаа хоёр байлдахаа больж нэг нэг бутны араас босч гүйлдсээр Төгөлдөр дээр ирж
- Төрөө яачихав аа та хоёр муудалцаа юу гэж зэрэг зэрэг шалгаалаа . Төгөлдөр хариу хэлсэнгүй тэрэгтэй түлээгээ чирэн яаравчлан явсаар Төрөөг гүйцэж
- Төрөө эвлэрье л дээ . Муудалцахаа болиё тэгэх үү гэж гуйв .
- Жаргалмааг өг . Тэгвэл эвлэрнэ .
- Гайгүй байлгүй . Чи өөрөө дийлсэн нь авна гэсэн биз дээ . Яасан ч өгөхгүй .
Тэгмэгц Төрөө яриа дууслаа гэсэн шиг жишүү харан алхаж гарав . Нөхөд нь тэр хоёрыг гүйцэж ирсэн ч хэн ч дуугарч зүрхэлсэнгүй . Чив чимээгүй хайрга шороо шажигнуулан явсаар сумын төвийн зах руу ормогц гэр гэрийн зүг таг дуугүй салан одоцгоолоо .
Хичээл тарлаа . Төгөлдөр Өрнөхийг даган дотуур байр руу явав . Төгөлдөрийн хувьд орой болохыг хүлээж байгаад харанхуй болмогц байр руу явдаг байсан бол Хайдавын хажууд наалдчихдаг Төрөөтэй муудалцсанаас хойш Өрнөхтэй илт саймшран хичээл тараад л хамт явж байдаг болжээ . Байр руугаа ормогц Өрнөх тасгийнхнаа
- Та нар гарцгаа , хоол болтол гадаа тогло хэмээн хөөж гаргаад
- За алий гээд алгаа тослоо . Төгөлдөр алган дээр нь арван тавтын хоёр мөнгө тавивал тэрлэгнийхээ хормойг сөхөн өмднийхөө халаас руу хийчихээд цүнхнээсээ номоо гарган ирж нэг цаасан дээр тоогоо бодож гарлаа . Өрнөхийн нэг хачирхмаар нь тоо бодож байсан ч ярьж байдаг сонин зантай аж . Энэ удаа ч ам хуурай байсангүй .

- Хн . Транспортиртой шугам аваад л бодчих юмыг ингэж явдаг чи ч мөнгөнд үнэн хайргүй хүн юм даа хэмээн үглэж байлаа .
- Юу уу . Траанспонтироо тэр чинь яадаг юм ?
- Үгүй ээ үгүй транспортир гэж байхад чинь .
- Тэр чинь хаана байдаг юм ?
- Хаа байдаг юм Дэлгүүрт л биз .
- Үнэтэй байлгүй .
- Юү шальдаг юм . Төгрөг хэдэн мөнгө л биз дээ .
Үгүй ер . Эртхэн мэдэхгүй яаваа . Муу шулаачид өдөр болгон гучин мөнгө өгч байхын оронд нэг удаа түүнийг худалдаж аваад л болох байсан байна шүү дээ . Муу мангар дүнхүү .
- Чи эртээрийнх шиг буруу хуулж балрав аа . Энэ дөрвийн тоо шүү . Би яарч байгаад эвгүй биччихлээ .
- Яалаа гэж дээ хө . Наадах чинь зүгээр л харагдаж байна шүү дээ . Энэ чинь харин юун “ Х “ үсэг вэ .
- Энэ чинь ИКС . Уржигдараас хойш энийг л үзээд байгаа биз дээ .
- Аа нээрэн тийм л дээ . Икс ...икс ...икс ... Төгөлдөр ийн үглэсээр цаасаа цүнхэлчихээд үүдэнд очсоноо гэнэт эргэн
- Нөгөө юмыг чинь юү гэлээ хэмээн лавлав .
- Юун нөгөө юм .
- Яагаав нөгөө шугамтай юм чинь , тоо боддог .
- Аа . Транспортир уу ?
- Нээрээ тийм л дээ .
Транспортир , транспортир , траанспортнийр , траанспонтийр ... Төгөлдөрийг дотуур байрнаас гарч ийн үглэсээр худалдаа бэлтгэл ангийн том хашааны зүүн талаар алхаж явтал нурууг нь нэг юм подхийтэл цохиход цочин дээр дээр дэвхрэн огло харайтал зүүн талд нь хэсэг хүүхэд хөхрөлдөж
- Төөгий наад бөмбөгөө нааш нь шид гэж хашгиралдлаа . Төгөлдөр бөмбөгийг нь шидэж өгчихөөд цааш алхангаа нөгөө цээжилж явсан юмаа хэлэх гэтэл байдаггүй . Тоорон ... Тууран ... Бишээ биш . Тийрэн ... бүр ч биш . Түйрэн ... хавсрага эхлэхээр бөөн түйрэн босох байх даа . Бишээ биш . Юун түйрэн бэ . Тааран ... тааран ... аа тийм . Тараанс ... тараанс ... Тэрээр дэлгүүрт орж худалдагч хөөрхөн Хорлоо эгчийг хараад бүр ангайчихав . Хорлоо эгч ангийн нярав Оюун хоёр юү ч юм яриад тас тас хөхрөлдөж байснаа Төгөлдөрийг хараад инээхээ больцгоолоо .
- Миний дүү юү авах нь вэ ?
Хорлоо эгчийн хацар дээр түрүүний инээдээс үлдсэн хоёр хонхорхой жуумалзаад л байх шиг санагдлаа .
- Нөгөө юу ... юу билээ ... Тэрийг авъя .
- Алийг гэнэ ий ?
- Нөгөө юуны юу ... Тоо боддог юм .
- Тоо боддог ий . Сампин уу ?
- Бишээ яагаав ... шугамтай .
- Логарифм уу ?
- Та сая юу гэсэн бэ ?
- Логарифм .
- Үгүй ээ биш . Тоо боддог шугамтай . Аа тийм таарансмаатар .
- Таарансмаатараа ... За байз тийм юм чинь юү байдаг билээ гэж Хорлоо эгч бодлогоширсноо
- Аа ойлголоо ойлголоо гэсээр цааш эргэн тал дугуй шугам шиг юм гаргаж ирээд энэ үү гэлээ .
- Биш ээ өөр .
- За байз өөр юү байх билээ . Транспортир биш юм бол ...
- Өө эгчээ энэ тараанспонтийр юм уу ?
- Транспортир гээч
- Тийм тийм .
- Мөн байлгүй яахав .
- Тэгвэл энийг чинь авъя .
- За за далан мөнгө .
- Далан мөнгө ий ?
- Тийм яав . Үнэтэй байна уу . Ээж нь юү хийж байна .
- Ээж ажлаа хийгээд л гэснээ цүнхээ ухаж гурван төгрөг авч өглөө . Төгөлдөр тэндээс гарч гэртээ орон ортлоо өөрийгөө зүхэж хараасаар явав . Дүнхүү хар туучий чинь далхан мөнгөний үнэтэй ийм сайхан юм хажууханд байсаар байтал өдөр болгон гучин мөнгө үрж байсан байгаа юм . Муу туучий ... туучий ... Ингээд чи туучийрч бай . Ингээд чи дүнхүүтэж бай . Тэр нэг гараараа нөгөө гараа , бас хормойгоо шууж байгаад гуяа , гараа өвөр рүүгээ шургуулан гэдсээ чанга чанга чимхэн хорсгож явсаар гэртээ ормогц ном дэвтэрээ аяганы өр дээрээ гаргаж тавиад нандин эдээ гарган хэсэг харж нямбайлан илж байснаа
- За 221 –р бодлогыг бодоодхоорой гэж тушаачихаад нүдээ анин хэсэг суугаад гэнэт нүдээ нээн харсанд шугам хөдөлсөн шинжгүй анх тавьсан янзаар байсанд сэтгэл нь ялимгүй түгшлээ . Гэвч , энэ чинь илбэтэй юм чинь дэвтэр дээр шууд бодогдохгүй ер юугаа хүлээж байхав дээ гэж сэтгээд дэвтрээ нээгээд үзлээ . Байдаггүй . Нэг бодчихсон тоог дахиж боддоггүй байх нь ээ . За яахав . Маргааш л чамаар бодуулая . Өнөөдөртөө амар амар . Бас ядардаг байлгүй дээ гэж хэлээд нандин шугамаа нуух газар олохгүй хэсэг гайхширч зогссоноо ээжийнхээ ээмэг бөгжөө хадгалдаг хар хайрцаг толины ард байдгийг санаж түүнд хийгээд санаа амарлаа .
Маргааш нь хичээл тараад Төгөлдөрийг шууд л цэцэрлэг рүү чиглэтэл Өрнөх нүдээ анивчин гайхаж зогссоноо араас нь дуудлаа .
- Хөөе чи надтай явахгүй юм уу ?
- Дураа дагаад дугуйгаа түрээд явахгүй юу . Би тэгж чамайг дагаж шогшдог чацга чинь биш мэдэв үү .
- Өө тийм үү . Хэлснээ идэж унгаснаа долоов доо . Уртын төвийн унжуу хамарт минь .
- Дуртайгаараа чи өөрөө долоохгүй юу . Дэрсэн усны муу дэндээхэй .
- Юу гэнээ нармайг чинь нээнэ дээ .
- Горьдвоо бас . Номоо авах гээд цүнх рүүгээ гараа шургуулангуутаа арваалжинд хатгуулаад яаж орилохыг чинь харин харна шүү . Өрнөх дэндэгнэн ийш тийш хулмаганан харснаа
- Төөгий битгий тэгээрэй . За . Би чиний тоог үнэ өртөггүйгээр зөндөө л олон удаа бодож өгч байсан биз дээ . Тийм биз дээ гэж шивнэлээ.
- Одоо тэгвэл өөрийнхөө тоог л бод мэдэв үү . Чамайг заяа нь гуйхгүй . Чи ганцаараа боддог нь юм уу .
Өрнөх гараа нэг савчихаад яваад өглөө . Төгөлдөр цэцэрлэгээр орж хамхум хооллочихоод гэр рүүгээ тэсгэлгүй яарлаа . Чухал нандин шугамаа нууц газраас нь гарган ирж аяганы өр дээр ээжийнхээ хээтэй ноосон алчуур дэлгэн дээр нь тухтайхан байрлуулаад
- За бодоод байгаарай . 225 , 226 , 227 , 228 , 230 –р бодлогуудыг бодоод өгөөрэй гэж гуйгаад нүдээ анин суулаа . Удаан ч суулаа .Одоо ч бодоод дууссан бий вий гэж санамагц нэг нүдээ сэмхэн нээж харвал шугам байрандаа дэвтрийн хуудас хоосон . Түгшиж эхлэв . Арай эвдэрхий юм биш байгаа даа гэж бодоод нягтлаж сайтар шалгалаа . Яах аргагүй шинэ юм . Тэгээд яагаад боддоггүй юм болоо . Аа мэдлээ . Төгөлдөр сандал дээрээсээ гулсан газарт өвдөглөн суугаад ээжийнхээ зарим орой хийдэг мөргөлийг бодон бодон
- Оройн дээд эрдэнийн шугам минь энүүхэн хэдэн тоог бодож ээж бид хоёрт ивээлээ хайрлаач “ Умаа хум умаа хум “ хэмээн сунан мөргөж тэр хэвээр хэсэг хэвтээд босож ирвэл залхуу шугам нэг ч тоо бодсонгүй . За баларлаа бурууг нь авчихаж . Ийн бодмогц шугамаа шүүрч дэлгүүр рүү харайлгалаа .
- Хорлоо эгчээ энэ чинь эвдэрхий юм байна .
- Аан .
Хорлоо эгч гайхаснаа шугамыг эргүүлж тойруулж баахан харж байснаа амандаа нэг юм хэлээд цааш нь шидчихээд дахиад нэгийг авч өглөө . Тэхдээ гадуураа гялгар ууттай аргагүй л цоо шинийг авч өгчээ . Тэгэлгүй дээ ийм л байх ёстой . Тэр шугамаар хүүхдүүд тоогоо бодуулж бодуулж гашилгачихаад буцаагаад өгчихсөн байна шүү дээ . Гэвч шинэ шугам ч тоо бодсонгүй . Төгөлдөр гуйж , мөргөж янз бүрээр үзээд зөрүүд шугамыг дийлсэнгүй . Арга нь барагдахын хамт загнаж бас үзлээ .
- Чи муу юү гэж их зан гаргаад байгаа юм . Энүүхэн хэдэн тоог бодчиход чамаас юу гарчих гээд байгаа юм . Чи ээж бид хоёрыг яагаад өрөвддөггүй юм . Би маргааш Өрнөхөд юү гэж хэлэх юм . Загнах тусам шугам зөрүүдлээд тоо бодож өгсөнгүй ээ . Одоо яанаа Өрнөх юү гэлээ . Унгаснаа долоов доо гэсэн . Үхсэн ч тэр мууг царайчлахгүй . Усны Базар гуайг эрдэмтэн гэж улс амьтан яриад байдаг . Яваад очвол тоог минь бодоод өгөхгүй л байхдаа . Гарч халуун ус руу харлаа . Халуун усны яндангаас ч хаалгаар нь ч уур утаа гарч байгаа харагдана . Базар гуай усанд ор чи наад саариа хар гээд загнавал яанаа гэсэн айдас ноёрхож буцаад л гэр рүүгээ орлоо . Гэвч яаж ч бодоод өөр арга үнэхээр алга аж . За яадаг юм . Базар гуай байтугай Норжин багш ч загнаад саарийг нь арилгаж дийлэхгүй байгаа юм чинь . Тоог минь л бодоод өгч байвал бусад юм ч яамай гэсэн бодол нь дийлж халуун ус руу алхлаа . Сумын төвийн хамгийн урд үзүүрт байх халуун ус хүртэл бас нилээн зайтай . Базар гуай тэнд амьдарч хажуугийнхаа мотортой худгаас ус авч том хүрэн атанд уртаа тэрэгтэй усны ган хөллөөд айлуудад ус түгээнэ . Томчууд түүний тухай эсэргүү болж энд цөлөгдсөн улаан эрдэмтэн , том дарга гэж өвөр зуураа шивэр авир ярилцана . Өдрийн цагаар түүнтэй нэг ч хүн уулздаггүй атлаа шөнө болохоор хүүхдүүдээрээ юүхэн хээхэн халуун ус руу зөөлгөнө . Төгөлдөр ч мундахгүй олон удаа ууттай гурил , элсэн чихэр , будаа , мах хүргэж өгч байсан билээ . Тэгж явахдаа нэг удаа сумын даргын хүү Баадайтай тааралдсан удаатай .
- Аав өвлийн идэш хийсэн дээр жаахан мах хүргээд өг гэсэн чинь арайхийж л авчирлаа . Худагт унаад үхсэн ат шиг хүнд улаан бузарт байж ёох гэж . Хүнд мэдэгдэж болохгүй гэсэн шүү . Чи битгий хүүхдэд яриарай гэж Баадай гуйж байсан билээ . Ийм л нэг нууц хүн рүү Төгөлдөр ёстой л аргагүйдэн очиж явлаа . Гэлдэрсээр цул хиншүү болсон халуун ус руу орж явчихлаа . Бөөн утаан дунд нэг хүн бөртөлзөх нь Базар гуай бололтой .
- Сайн байна уу та ?
Нөгөө хүн өндийж саравчлан харснаа
- Хэн байна даа ? гэлээ .
- Би цэцэрлэгийн тогооч Думаагийн хүүхэд байнаа .
- Аа заа . Ээж нь явуулав уу ? Хүү минь өдрөөр наашаа ирж болдоггүй юм шүү дээ . Ямар нэг хэрэг гараа юу ?
Төгөлдөр хэлэе үү байя уу гэж тээнэгэлзэн зогссоноо буцах газаргүйгээ гэнэт санаж
- Би тоогоо бодож чаддаггүй . Тэгээд танаар ... гэснээ бодуулах гэж ирлээ гэж хэлж даанч чадсангүй доош тонгойн урвайлаа . Базар гуай босч хаалгаа дэлгэн умгар өрөөн доторхи утаагаа гаргах зуур
- Ах нь хэдэн шийр хуйхлах санаатай ноцолдсон чинь гэрээ золтой түлчихсэнгүй гээд хөгжилтэйгээр инээсэнд Төгөлдөрийн санаа тавирч дагаж жуумалзлаа . Зуухыг нь тойроод хуйхалсан хуйхлаагүй шийрнүүд хөл тавих зайгүй хөглөрнө . Базар гуай тэднийгээ яая даа гэсэн шиг хэсэг харж зогссоноо угаагуур руугаа очиж гараа угаачихаад том паниаран хайрцагны ард өвдөглөн сууснаа
- За нааш ир . Хөгшин залуу хоёр хар хүн үзэлцээд байдаг хэргээ . Дийлэх дэлдийх эсэх нь одоохон мэдэгдэнээ гэснээ мөн л хүд хүд хөхөрлөө . Гэхдээ Өрнөх шиг шууд л бодоод унасангүй .
- Зааг энэ ийм учиртай эддээ хө гээд л тайлбарлаж гарав . Хоёр гурван цагийн дараа Төгөлдөр биеийг нь нэг л хачин үл үзэгдэх юм зуран жирвэлзэж байхыг мэдрэв . Толгой нь уужим болчихсон ч юм шиг . Гарынх нь үзүүрт харагдаад байх хир нь хичнээн удаа үсэрч цовхчоод авч чадахгүй байсан ямар нэг юмыг шүүрэн авч өвөртлөх шиг сэтгэл нь тавирч “ Үгүй ер иймхэн юм байсан юм уу “ гэж бодлоо . Мөнөөх гайхал “ Х “ гээчийн учрыг тайлсан төдийгүй ямар ч тооны хаана ч нуугдсан төвөггүй олж чаддаг болжээ . Явахын босгон дээр Базар гуайд нэг их тус хүргэмээр санагджээ .
- Базар гуай ...
- Зааг ... Юү гээв хүү минь .
- Би танд энэ шийрнүүдийг чинь хуйхлаж өгч байя тэгэх үү ?
- Өө юүхэв хүү минь төвөгийн нэмэр . Ах нь зав ихтэй өдөр өнгөрч өгдөггүй болохоор нь л ингэж суудаг юм . Хаврын тарчиг цагт байрны хүүхдүүдэд чанаж өгвөл биед нь хуралдсан чийг бамыг нь үргээхэд нэмэр болох болов уу гэж бодоод л цаг ашиглаж суугаа юм . Энэ хажуугийн хээрийн бойн дээр энэнээс их юм алга . Хүнээ дагаад шувуу нохой ч цамаан болоо юм байлгүй . Үүнийг тоож мэрдэг ч амьтан алга хэмээн сүүлийн үгээ өөртөө л зориулсан бололтой аяархан хэллээ .
- Би түлээнд явахдаа найзуудтайгаа хоёр гурван шуудайг ч хуйхлаад ирж чаднаа .
- Юүхэв ээ хүү минь . Харин тоогоо хамтарч бодмоор бол амьтан хүний сиймхийгээр хүрээд ирж байгаарай .
- За ахаа .
Төгөлдөр нэн ч урамтай харьж гэрийн даалгавараас цаашхи өчнөөн олон тоог бодоод хариутай нь тулгаж үзсэнд яг таарч байв . Тэгээд ч зогссонгүй Монгол хэл , унших бичгийнхээ даалгаварыг Базар гуайн зөвлөж зааснаар хийж сэтгэл нь ханаад хоолоо хийхээр гурилаа зуурлаа . Маргааш нь Норжин багшийн төдийгүй ангийнхных нь нүд орой дээрээ гарсан явдал боллоо . Төгөлдөр өгсөн тоог нь самбар дүүртэл эг маггүй бодов . Түүндээ сэтгэл нь ханасангүй
- Багшаа дахиад бодох уу гэсэнд Норжин багш нүдээ эргэлдүүлэн толгой сэгсэрч Төгөлдөр анх удаагаа журнал дээр том гэгчийн тав тавиуллаа . Хайдав исгэрэн шогширч
- Чи чинь улаан эрдэмтэн болж шүү дээ . Яаж чадав аа хэмээн араас нь шивэгнэнэ . Энэ өдөр Төгөлдөрийн хэмжээлшгүй ялалтын өдөр боллоо . Монгол хэл дээр дараа нь унших бичиг дээр гараа дээр гэгч гозолзуулж байгаад том том тав авав . Ангийн ажил эхэлхэд Норжин багш түүнийг анх удаа самбарын өмнө гаргасангүй . Гэвч тэр дотроо саариа ч арилгана , Жаргалмаад үхсэн хуурс ч үзүүлэхгүй хэмээн тангараглаж суулаа . Шөнө дөлөөр ээжийгээ сулхан хурхирч байхад Төгөлдөр сэм босож хувцаслаад сургууль руу гүйлээ . Манаач өвгөний хурхирах дуу булангийн ангиас тодхон сонсогдоно . Төгөлдөр өлмий дээрээ гэтэн мяраасаар багш нарын өрөө рүү орж гар чийдэн тусган эрсээр ангийнхаа журналыг олж дэлгэн анх удаа авсан дүнгүүдээ сэтгэл хангалуун харж гараар илж үзлээ . Жаргалмаа Тунгалаг Цолмон нарын нэрсийн ард ийм дүнгүүд салхидсан атнууд шиг хүснэгтэндээ багтаж ядан сэрийж байхад Төгөлдөрийн нэрийн ард шилэрсэн ингэ шиг өнчин тавын тоо бусдаасаа шонгийн мод шиг ялгарах нь онцгой ч ганцхан ширхэг байгаа нь л тиймхэн санагдана . Гэвч тав гэдэг дүн сайхан ажээ .
Ялангуяа уг тооны дээд хэсэг нь нисэж байгаа пуужин шиг дээшээ өлийгөөд л ... Тооны хичээл дээрх Жаргалмаагийн түнтгэр тавуудыг тоолж зургаад хүргээд минийх ч ийм болно гэж ам бардам шивнэлээ . Тэгээд хайр хүргэх тав гэсэн дүнгээ долоовор хурууны өндгөөр баахан илж сэтгэл ханаад журналаа байсан газарт нь хийж өлмий дээрээ гэтсээр сургуулиас гарлаа . Маргааш нь түлээнд явахдаа нөхөддөө хэдүүлээ Базар гуайнхаар дайраад гаръя гэсэнд тэд дургүйцсэнгүй . Тэд Базар гуайнхаас тал шуудай шийр тэргэндээ ачаад хөдөлцгөөлөө . Базар гуай араас нь гарч ирээд
- Зааг хүүхдүүд минь галаа сайн унтраадаг юм шүү . Түймэр дэгдвэл сүйд болох нь тэр гэж дахин дахин захилаа .
- Зүгээрээ та санаа зоволтгүй . Бид нар түлээнд явах болгондоо хээр гал түлж цайгаа халааж уугаад дулаацдаг юм . Дараа нь галаа шороогоор дарчихдаг хэмээн зэрэг зэрэг ухуулсанд Базар гуай толгой сэгсэрсээр үлдлээ . Оройн нар Хөхшөө уулын цаагуур орж байхад тэр хэд хуйхалсан шийрүүдээ Базар гуайд өгөөд гэр гэрийн зүг урам дүүрэн явцгаалаа .
Гэтэл гурав хоног үргэлжилсэн шороон шуурганы дараа түлээнд явахдаа Базар гуайнхаар дайраад шийрээ аваад явцгаая гэсэн Төгөлдөрийн саналыг Батжаа тас эсэргүүцэв .
- Би л лав тийшээ очихгүй . Та нар ч битгий оч . Аймгийн шоронд орно шүү . Аав ээж хоёр тэр хүнийг чинь улаан эсэргүү гэж байна лээ .
Хайдав нүд эргэлдүүлэн гайхаж
- Хөөш улаан эсэргүү гэдэг чинь яадаг юм гэж лавлалаа .
- Мэдэхгүй . Гэхдээ тэр хүн чинь Цэдэнбал даргыг буудах гэсэн гэнэлээ .
- Пөөх . Цэдэнбал даргыг үү дээ . Нялгадаагүй биз ?
- Үнэн . Аав тэгж байна лээ . Тэгээд шоронд орсон гэсэн .
- Хэн ?
- Яагаав энэ Базар гуай .
- Тэр чинь энд л халуун усны газарт л байдагш дээ .
- Манай энд ирэхээсээ өмнө тэгсэн гэсэн .
- Ёстой зоригтой хүн юмаа .
- Буугаа сайн нууж чадаагүй л юм байх даа .
- Гутлынхаа түрий рүү лавхан шургуулаад өмдөө сул тавьчихсан бол баригдахгүй дээ .
- Тааран толгойт минь тэгээд буугаа гаргахдаа яах юм өмднийхөө шуумагтай ноцолдох уу ?
- За тэр яах вэ явцгаая .
- Хэрэв Базар гуай Цэдэнбал даргыг буудчихсан бол яах болоо ?
- Тэгсэн бол манай Монгол хужаагийн боол болох байсан гэнэлээ .
- Нялгад .
- Үнэн . Аав тэгж хэлсэн юм .
- Тэгвэл ч үнэн аймаар урвагч байна шүү дээ .
- Харин тийм өмхий хужаагийн муу тагнуул байсан байгаа юм . Одоо Базар гуайг төрийн хурц нүд өдөр шөнөгүй харж байдаг , ил далд уулзаж учирч байгаа хүмүүсийг нэг л өдөр бүгдийг нь хужаагийн тагнуул гээд барина гэж байна лээ .
- Бид нар баригдах болов уу ?
- Та нар нэг удаа гэнэдсэн байна дахиж тийшээ очиж болохгүй бүгд баригдана шүү гэж аав хэлсэн .
- Аа яа яа яа . Дахиж л очихоо болих минь .
Төгөлдөрт нэг л эвгүй совин төрж нуруугаар нь хүйт оргиж явсанаа
- Аймгийн шорон хэцүү болов уу гэж сонирхлоо .
- Ямар ч сайн эр гурав хонов уу үгүй юү аав ээжээ дуудаад уйлдаг гэж байгаа юм даа .
Төрөө агзасхийн чичирснээ нэг л хачин сөөнгөтсөн хоолойгоор
- Газар доор харанхуй , хүйтэн , ус мөс хоёр барилдаад хөлдчихсөн бас тэгээд чөтгөр толгой тасдах гэж оролдоод унтуулдаггүй хонгил байдаг гэж Идэрцог ярьж байна лээ гэснээ нусаа татав .
- Идэрцог яадаг юм . Нэг муу хаяагаа хадардаг хулгайч л байхгүй юу . Хамгийн эхний энгийн өрөөнд л чацгатайгаа холилдоно . Аймгийн шоронгийн өрөөнүүд чинь цаашлах тусмаа чангардаг гэж байгаа юм чинь .
- Тэхдээ л тэр чинь сумын атмаан шүү дээ .
- Бид нарт л онгирч байхгүй юү дээ . Аймагт очоод захын хүүхдэд хамаг юмаа дээрэмдүүлчихээд орилоод сууж байсан гэхчивлээ . Манай ахын хүүхэд орилчихсон сууж байхад нь тааралдсан гэсэн гэнгүүт Батжаа хажуугийнхаа бут руу нулимлаа .
- Аймгийн атмаанууд ч зэвүүн юмнууд байдаг байх даа .
- Зөрөхийн зуурт л хутга шаачихдаг юм гэхчүүлээ .
- Ногоон толгойт гэж нэг атмаан гэхэд л гутлынхаа түрийд хоёрын хоёр балиус заавал авч явдаг гэж байгаа юм даа .
- Хөөх тийм үү . Хүнийг балиусаар сийчихээр юү үлдэх вэ дээ . Үнэн сайн эр юм аа . Олон л хүн алсан байх даа .
- Хутгыг хутган Борисоос ч мэргэн шиддэг гэхчүүлээ . Хорин алхам газраас балиус шидээд хүний зуусан тамхины ишийг тас авсан гэж байгаа юм даа .
- Нялгадаад л . Уруулыг нь хэрччихгүй гэж үү ?
- Яаж дээ . Тэд нар чинь тэгнэ л гэсэн бол тэрүүгээрээ шүү дээ . Милметрээр ч зөрүүлэхгүй .
- Пөөх тэд нарын дэргэд манай Идэрцог ёстой нусан жур .
- Харин тийм .
- Аймгийн шоронгийн хамгийн мухрын өрөөнд орж үзсэн сайн эр байдаг л байхдаа ?
- Тэр ногоон толгойт эд нар орж үзээ байлгүй . Манай аав нэг удаа шорон дотуур явж байгаад нилээн цаад талын нэг өрөөний шагайвраар харсан чинь цав цагаан толгойтой чөтгөр галзуурчихсан сууж байсан гэсэн .
- Чөтгөр яах дээрээ галзуурдаг юм ?
- Мэдэхгүй шоронгийн өрөөнөөс айгаад л галзуурдаг биз . Оройн дээд чөтгөрийн хаан та намайг эндээс гаргаад өгөөч дээ гээд уйлаад байсан гэсэн тэд нарыг ийн ярилцан явтал араас нь хүн шүгэлдэх нь мөнөөх цагаан толгойт чөтгөрийн дуу шиг сонсогдон цөм нам болж эргэн харцгаавал “ нусан жур “ Идэрцог хоёр найзын хамт дугуй унацгаачихсан сүр бараа дүүрэн ирж явлаа .
Үргэлжлэл бий

1 comment(s) to... “Төгөлдөр ( роман - 2)”

1 comments:

Бум said...

Ха ха наад хэдийг чинь дагаад хөвсөлзчихлөө байна. Хөөрхөн хогнууд