ӨВЛИЙН ОЙД .

Гараа савчин хөлөө зориуд хол хол зөөн алхаллаа . Уушиг тэлэх шиг . Тархи руу сэнгэнэсэн агаар урсан ороод буцаж гарахдаа халууцаж байх шиг уур савсана . Тэнгэрт хүрэе хэмээн уулгалан цоролзож цэл залуугийн өнгө үзэмжээр өрсөлдөн гайхуулцгаах гацуур , хар мод , жодоо , хус , улиас намайг хажуугаас , бас дээрээс минь хөмсөг зангидан ширтэцгээж байх шиг санагдана . Саваагүй зан хөдлөж бээлийнээс гараа сугалан зөрөг замын хажуугийн сэвсгэр цас руу долоовор хуруугаа шургууллаа . Цасан ширхэг захаасаа хайлан миний халуун хурууны хөлстэй нийлэлдэн хөлс болоод саяхан ижилдэн байсан нөхөд рүүгээ нулимас шиг ширтэцгээх нь хачин . Орчлон гэдэг чинь ийм хуурмаг аж гэх шиг . Энэ их түнэр ойд гуравхан амьд амьтан байгаагийн нэг нь мэдээж би . Нөгөөх нь одоо чанх баруунтаа

-Торрр .... Торрр хийтэл мод тонших тоншуул , гуравдахь нь тэр тоншуулыг толгойг нь дүйртэл мод өрөмдүүлж буй модны холтсон цаана хоргодсон гургар амьтан гурав бололтой . Тоншуулын мод өрөмдөх чимээ хэсэгхэн зуур дарагдсанаа

-Сүрр хийтэл нисэж өөр нэг мод руу очоод мөнөөх модыг сарр хийтэл базаж авах нь жигтэйхэн тод сонсогдож яг л арьсыг минь базаж байгаа юм шиг санагдан бие зарайна . Уул өөд нилээн өгсөж яваад амрахаар шийдэж өвдөглөн суумагц үүргэвчээ мултлаж хажуудаа тавиад гэдэргээ харан уналаа . Анисган завсраар моддын мөчир сэрийж цаадах хөх тэнгэр нь чадварлаг зураачийн нарийн бийрээр сарайтал татсан цэнхэр өнгийн будаг шиг харагдана . Мөн ч нам гүм байнаа гэж бодтол гэнэт сэтгэл сэрхийж өндийлөө . Мөчрүүдийн завсраар ямар нэг юм харагдах шиг санагдсаных . Тиймээ ... тийм байна гэж амандаа шивнэлээ . Тиймээ ... тийм юм байна .

Нам гүм тэнхээ мэдэн хашгирчихаад амаа хамхихаа мартан мэлэрчихсэн аж . Одоо моддын зүрхний цохилт надад мэдрэгдэж бүх л биеэр минь халуу оргиулан тархана . Тэдний зүрх түг түг...түг түг....түг түг...түг түг түг ...хэмээн цохилож байснаа нүд минь анилдахын хирээр аажуурч түг ...түг ...түг ... Түг.......түг......түг .......................... түг...........................................түг...............................................................түг.......................хэмээнэ .

2006 он . Дейтон хот .

ЗАГВАР ӨМСӨГЧ .

Тэнд яг хичнээн хүүхэд байсныг тухайн үедээ Урантуяа мэдээгүй билээ . Хожим л мянга гаруй хүүхэд байсан гэж сонсчээ . Яг тэр өдрүүдэд зүрх нь пил пил цохилож хөл гар нь өөрийнх нь биш болчихсон зүгээр л хүний тушаал биелүүлэн сарвалзаад байгаа юм шиг санагдан юүн тэнд хичнээн хүүхэд байгааг анзаарахтай мантай байсан хэрэг . Хүүхдүүд тэнцсэнгүй гэдгээ сонсуут царай нь хувьсхийж уруулаа химлэн нулимас нь гялтайснаа ичиж нэрэлхэх юмгүй хацрыг нь даган бөмбөрч гарна . Зарим нь бүр ингэнүүлэн уйлж шалгалтын хүмүүсийн өмнө шалан дээр хэвтчихээд босохгүй . Энэ нь Урантуяад их л эвгүй санагдан өглөө бүр толиныхоо өмнө зогсож байгаад

-Чи тэнцсэнгүй , Урантуяа энэ бол чиний санаархдаг зүйл биш . Юу дуртайгаа хий харин үүнийг л чи хэзээ ч хийж чадахгүй хэмээн өөрийгөө хамгийн хатуу үгээр загнаж уйлахгүйн төлөөх дасгалыг уйгагүй хийдэг байлаа . Тиймээс энэ үгийг сонсоод дотор жаахан эвгүй болох нь болох л байх харин уйлахгүй гэдэгтээ итгэдэг болчихжээ . Өдөржин оволзоод орой хүүхдүүдийг том танхимд оруулахад

-За одоо л миний нэр гарах нь хэмээн зүрхээ агшаан хүлээвч нэр нь сонсогдохгүй байсаар тавуул үлдсэний дараа л нэр нь огт өөр зорилгоор гарах болсоныг ойлгож түүнд биеэ бэлдээгүй байсан тул цочирдсондоо сагсчин адил дээр дээр дэвхэрч байгаад гутлынхаа өсгийг хугалж хирхэндээ эвгүй байдалд оржээ .

Тэгээд хичээл сургалт , алхаа гишгээ , харцны хөдөлгөөн , хамар , жавжны хувиралт энэ тэр гээд л ааг амьсгаагүй гүйж гарлаа . Битүүхэн бодолдоо тайзан дээр хурдхан гарахсан гэж яарна . Гэвч багш нь хатуу хүн аж . Тас загнаж нэгэн хэвийн үйлдлүүдийг мянга түм давтуулсаар хоёр жилийг үдсэний дараа анх удаа тайзан дээр гарчээ . Тэр ч яахав бяцхан догдолсныг эс тооцвол чухам үүний төлөө л амьдралынхаа хоёр жилийг үдсэн болохоор болдогоороо л болоод өнгөрөв . Тараад гэр рүүгээ явж байтал утас нь хангинав .

-Таны амрыг эрэе . Яахав ээ дажгүй шүү . Гэхдээ таны өдөр тутмын хувцасны үзүүлэлт нэг л болсонгүй . Тэгж түрэмгий алхах ёсгүй байсан юм шүү дээ . Та бод доо . Өдөр тутмын жирийн л нэг хослол шүү дээ . Амжилт хүсэе . Утас ингээд таг болов .

Анх удаа яанаа тэгсэн л юм байх даа хэмээн гайхширлаа . Маргааш орой нь дахиад л утас . Энэ удаа зөөлөн хонгор дуутай эмэгтэй хүн .

-Би таны өмнөөс харамссандаа үзүүлбэрийг бүтэн үзэж чадсангүй . Та чинь унтаж байгаа хүн биш шүү дээ . Эсвэл ханиад хүрчихсэн юм уу . Дараа дараачийнхдаа хичээгээрэй . Даанч яав даа . Дийд дийд дийд . Урантуяа дотроо сандарч эхлэв . Нэг л болохгүй л байгаа юм байна гэж бодлоо . Найзуудаа сэм тандаж эхэллээ . Тэд чамбай охидууд . Юү ч ярихгүй бас сэтгэл санаагаар унаж байгаа байдал огт харагдуулахгүй аж . Тэд нар руу утасддаггүй юм байна . Ингэхээр би л болохгүй байгаа хэрэг гэж бодлоо . Хэд хоногийн дараа утас дахиад дуугарлаа . Энэ удаа айгаад утсаа авсангүй . Гэртээ ирсэн хойно нээж үзвэл

-Яг өөрийн чинь энэ өмссөнийг Наоми ингэж ингэж амилуулсан гэсэн мессэж ирсэн байх аж . Лут их мэдлэгтэй улс байдаг байхнээ . За түүнээс хойш замбараагаа алдлаа .

-Тэмээн алхаат , Матар Уугий , Үлэг гүрвэл , Өндгөн толгойт , Дүнгэнүүр , Төөрсөн зөгий энэ тэр гэдэг бол юү ч биш . Сүүлдээ залхаад мессэжээ үзэхээ болилоо . Гэтэл захидлууд имэйлээр нь хөвөрч гарав . Битгий даашинз өмсөж байгаарай л гэнэ . Хослолыг үзүүлж огт чадахгүй байна л гэнэ . Бүгд л дэлхийн том том загвар өмсөгчдөөс жишээ аван өөрийг нь баалсан байх ажгуу . Би Наоми биш гэж биеэ өмөөрөлтэй нь биш . Намайг өөртэй минь яагаад жишиж үздэггүй юм бэ гэж гомдол эрэлтэй нь биш . Чив чимээгүй барлайж тэдгээрийн үгийг дотроо битүүхэн зөвшөөрч янз бүрээр явах гэж оролдлоо . Тэр бүрийд багш нь тачигнана .

-Чи өөрийн толгойтой юм бол өөрийн толгойгоор яв . Үгүй бол тийшээ яв гэж үүд рүү заана . Зовж гүйцлээ . Дэмий л энэ замыг сонголоо гэж бодох болов . Зүгээр л эдийн засагч юм уу , хуульч байсан бол санаа амар явахгүй юү . Хүний авах , хүнд өгөх мөнгийг дээгүүр харж байгаад л тооны машинд хийчихнэ . Өөрийн халаасанд ямар ч халгаа байхгүй гол нь тархи мэдрэлд ямар ч аюулгүй . Хууль гэдэг дөрвөлжин ч юм уу дугуй ч юм уу осолдохгүй л ямар нэг хэлбэртэй авс шиг юмыг барьж байгаад хүний хувь тавиланг түүндээ тааруулан “ Хоёр жил зургаан сар ... тас “ гээд л гүйцээ . Санаа зовох юм огтхон ч байхгүй . Гомдол гарвал алгаа дэлгээд “ Хууль нь ийм юм “ гэнэ гүйцээ . Ийм амар зам байсаар байтал тэр ийм хачин чулуу мод хэрэлдсэн зөрөг шиг бэрх замыг сонгожээ . Дотроо бол үүндээ дуртай ч юм шиг . Өдөр бүр загнуулсаар сүүлдээ дөжирч “ За яахав таван жил тэсчихэе тэгээд больдог хэрэг “ гэж бодох боллоо . Нэг орой гэрийнх нь үүдэнд өнгөөр алагласан сагстай цэцэг түүнийг тосоход зүрх нь гэрэвшиж ичингүйрэн цохиллоо .

Одоо л ... Одоо л ... энэ хүмүүс намайг ойлгож эхэллээ гэж бодоод цэцгийг баярлан тэвэрч гэртээ оров . Цэцгэн дундаас хуйлаастай бичиг гарлаа .

Арай хэн нэгэн залуу хайр сэтгэлээ илчлээгүй байгаа даа . Яарах болоогүй эхлээд зөв гишгэж сурах хэрэгтэй түүний дараа л ... Харин энэ залууд сайхан найзууд явъя гэж хэлнэ дээ хэмээн бодсоор зурвасыг нээж уншуут өөрийн эрхгүй сөхөрч буйдангаа түшин мэгшиж тэгснээ бүр цорхирон уйллаа . Тайвширч ерөөсөө чадсангүй .

Цонхоо дэлгэж байгаад

-Хүмүүсээ би та нарын л нэг шүү дээ . Би ямар гэм хийсэн юм бэ . Нүцгэн биедээ хувцас л өлгөсөн . Түүнийг та нарт гоё сайхан харагдуулая л гэж мэрийсэн . Хувцаснаасаа таашаал авч хувцасаа арьс шигээ хайрлаж хувцасаа албан тушаал шигээ эрхэмлэж хувцас шигээ дандаа сайн сайхныг түгээж яваасай л гэж бодсон өөр би юү ч бодоогүй . Та нарын Достоевскийг уншиж , Хэмингуйэгээр бахархаж , Наомийг шүтдэг асар өндөр боловсролтойг ч би мэднэ . Би та нарын энэ өндөр боловсролыг шүтэн биширч байна . Түүнээс биш би Ангарагийн хүн шиг зан гаргаагүй шүү дээ хэмээн хашгирмаар санагдлаа . Гэвч тэгж хашгирч чадсангүй шөнөжин уйлж бүлцийсэн нүдтэй өглөө ажил дээрээ очмогц мөнөөх зурвасыг багшийнхаа ширээн дээр орхичихоод үүд рүү зүглэв . Багш нь мэл гайхан зурвасыг нээж уншсанаа учрыг ойлгож түүний араас шурхийлээ . Урантуяаг гадаах үүдийг нээх гэж байхад багш нь гүйцэж иржээ .

-Эргэж битгий хар . Зүгээр л миний үгийг сонс . Хүн бүр ямар нэг юм хөдөрч явдаг . Харин тэд хөдөрснөө хувцас биш даавуу болгож харагдуулдаг юм . Тийм ч учраас тэднийг тэд гэж нэрлэдэг юм . Харин чи тэд нарын даавуу болгосныг нь хувцас болгож өгдөг юм шүү . Тийм учраас чамайг загвар өмсөгч гэдэг . Одоо чи тэд болохоор явах гэж байгаа бол яв . Гагцхүү нэг зүйлийг ойлгоорой . Бусдад чинь ийм бичиг захиа арав хориороо ирсэн . Гэвч тэд загвар өмсөгч хэвээр үлдсэн юм шүү гэж хэлчихээд цааш эргэв бололтой тожиг тожиг алхаа нь цаашлан холдов . Урантуяагийн нүдэнд гэнэт солонго татаж чих нь жингэнэн шуугилаа . Нээрээ ч дээ тэдэнд гомдож байгаа хэрэг үү . Тэд чинь тэд л шүү дээ гэж гэнэт бодоод хаалганы бариулыг тавьж эргэлээ

Далай ламын нас сүүдэр өнөөдөр өндөр болж түүнийг эх нутгаа орхин дүрвэхэд хүргэсэн хүчин зүйл нь бушуухан жанч халаасай гэж хүсэж байгаагаа нуухгүй байнаа гэж ойлгогдож байна . Түүхийн нэгэн цаг үед Төв азид Монгол Манж Төвд гурван үндэстэн геополитикийн тоглолт хийж байх үест энэхүү далай лам цолыг Төвдийн шашны тэргүүнд Монголчууд өгсөн гэдэг яриа бий . Өдгөөгийн далай ламтан жанч халвал хойт дүр нь хаанаас тодрох хийгээд энэ хүнийг шашны гол тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрдөг Монголчууд үүсэх асуудалд хэрхэн хандах вэ гэдэг анхаарал татсан зүйл болоод байна . Хорин нэгдүгээр зууны эхэн үеийн шашин шүтлэгийн байдлыг аваад үзвэл Халимаг хийгээд Буриад Тувад шарын шашин гол шашин байхаа больсон юм болов уу гэх хандлага ажиглагддаг . Өвөрмонголчууд ч намынхаа үзэл сурталыг өмнөө барьчихаад ламын шашин гэцгээн янзгүйхэн байх шиг . Ингэхээр Монгол үндэстний хувьд халх Монголчууд далай ламын хойт дүрийн хувьд бусдаасаа илүү их санаа зовж байгаа болов уу . Болдог юм ном дүрмээрээ болж далай багш мөнх биш учраас жанч халах нь тодорхой ингэсэн нөхцөлд ямархуу байдал үүсэх нь вэ . Төсөөлөе л дөө . Бээжингээс Ко намын хэсэг нөхөд Төвдөд очиж тэндээс далай ламын хойт дүр тодруулна гэдгээ зарлачихсан байгаа . Далай ламтан өөрөө миний хойт дүр дүрвэгсдийн дундаас юм уу Монголоос тодорно гээд хэлчихсэн байна лээ . Эндээс Монголын маань ирээдүйд нилээн бүрхэг улс төрийн нөхцөл байдал үүсэх хандлага ажиглагдаж байгаа биз . Мань мэтэстэй байтугай Орос АНУ-тай хүч үзнэ гэж даналзаад байдаг болсон хөршийн зүгээс том даралт хүсээгүй байхад маань ирэх нь дээ . Гэтэл бас нэг асуудал байна . Монголчууд анхнаасаа Төвдийн шашныг нутагтаа урихдаа улааны урсгалыг авах уу шарыг нь авах уу гэж марган хүчээ тарамдтал дайтсаныг бид Цогт тайж киноноос бэлээхэн мэднэ . Түүн дээр улаан малгайт Хаандаа
-Хаантаан би чинь улаан залаатай монгол хүн шүү дээ гэж хэлж байдаг нь улааны тал баримтлагч шүү дээ гэдгээ нотолсон хэрэг юм . Яг тэр үеийнх шиг салаа зам дээр өнөөдөр бид ирлээ . Залуучууд маань Христ рүү хушуураад байдаг . Тэд ч Монголд хүчээ муугүй зузаатгаж байх шиг . Нөгөө талд нь аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүмүүсийн халаасыг зузаалан хөгшид маань Утай Гүмбүм рүү хөврөөд байдаг . Гэтэл Гүмбүм хийдийн хамба Ажаа гэгээн шашны үзлээр нутагтаа хавчигдаад энд АНУ-д ирчихсэн сууж байдаг . Яг нарийвчлан тунгаах юм бол хөгшид маань Гүмбүмийн шүтээндээ бус шинэ Хятадын удирдагчдын алсын хараатай бодлогод мөргөөд ч байгаа юм шиг . Асуудал их л нарийсч байна даа . Хэрвээ далай багшийн хойт дүр Монголоос тодорвол өнөөдөр нийслэлд маань давхиж ирээд дуртай хүнээ барьж аваад зодож байгаа барилгачин нэртэй Хятад цэргүүд хэрхэх бол . Аль эсвэл бид ХКН-ын тодруулсан шинэ далай ламыг хүлээн зөвшөөрч түүнд мөргөх үү . Ингэвэл энэ намын үзэл сурталыг шууд зөвшөөрөн дагаар орж байгаа хэрэг болох нь дээ . Ингэхээр цаашдаа яах вэ монголчуудаа .

"Нарансолонго" тууж, өгүүллэгийн номоос
Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж -Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ. Юманд чинь эрэмбэ, зэрэг дэв гэж нэг лут юм байдаг юм гэж учирласаар байгаад Бөхбатыг эрэмбэнд нь сүрхий дасгаж айлд орсон ч Зэндмэний хажуугаар өнгөрөөд хойморт нь суучихдаг, байрандаа хоол хош бэлтгэхэд хэнэггүйхэн сууж байгаад хоол болсон хойно дээжийг нь тэгэх л ёстой юм гэсэн шиг гарддаг болгочихжээ. Төгсөх жилийнхээ өвөл Зэндмэнэ гэрлэж Дамбадаржаад хашаа байшинтай болоход хоёул байрнаасаа гарч Дэлгэрмаагийн гарын хоол цайны амтанд нэг л хүн мэт сүжрэн автав. Зэндмэнэ сүүлийн дөрвөн жил, харин Бөхбат гурван жил дараалан дөрөв давцгаасан атал начны босгыг л алхаж чадахгүй байлаа. Өнгөрсөн жилийн тавын даваанд нэгийг нь босоо аварга, нөгөөг нь энэ аварга л хэлтийлгэдэг арслан хоёр амлаж яаж ч болсонгүй. Хоёр найз санаа алдан өмсгөлөө цүнхлэж үүрээд үзэгчдийн суудалд урам муутайхан ирцгээтэл Дэлгэрмаа минчийтэл уурлаж-Үгүй ерөө. Аваргад одоо миний нөхрөөс өөр давчихмаар бөх үлдээгүй юм байхдаа гэж шилбэлзэв. Зэндмэнэ хавийн улсаас санаа нь зовж баривгар хоёр гарынхаа алганд шөмбөн цагаан хуруунуудтай хөөрхөн гарыг нь хавчуулаад илэнгээ -Дэмбээ минь тэгж болдоггүй юм. Аяар гэм хэмээн аргадаж харин Бөхбатын хамар сарталзан -За яахав. Наадам ганц биш гэж Дэлгэрмааг тайвшруулж билээ. Бөхбатын багад аав нь нэрийнх нь утгыг уйгагүй тайлбарлаж өгдөг байв. -За миний хүүгийн нэр их учиртай. Эхний үе нь бөхийн бөх юм шүү дээ. Аав нь хүүгээ сайн бөх болоосой гэхдээ ингэж нэрлэсэн юм. Бат гэдэг нь Мөнхбат аваргын нэрийн арын хэсэг. Аварга хүн гэдэг цаст цагаан уул шиг сүрлэг, ариун дагшин амьтан байдаг юм. Хүүдээ аав нь аваргын нэрийн эхний үеийг өгчихвөл хүнддэнэ гэж бодсон юм даа. Ингээд миний хүүгийн нэр чинь авсан цолоо бөх бат хадгалаж ахиулж дэвжээж яв гэсэн утгатай юм шүү гэдэгсэн. Өөрөө бол сумын наадамд дархан хоёр даваад гурвын даваанд ёс шиг л унана. Наадмын өглөө хорхогныхоо ямааг гаргаж янзалчихаад шуудгаа өмсөж далбаагаа зоон дээгүүрээ бүслээд дээгүүр нь тэрлэгээ хэлхэндэг нөмөрч сулхан бүслүүт гэрээ гурав тойрч гороолоод наадмын талбайг зорино. Жилийн жилд ингэдэг байв. Нэгийн даваанд оногдох сургуулийн хүүхдийг эвтэйхэн өргөж тавиад, хоёрын давааны оноолт залуучуудтай хөөцөлдөн явж даваад их л амьсгаа дээр хөлийн асарт ирнэ. Заримдаа нөгөө залуучуудад хөлөө алдаад юм уу, дэгээ ороолгоод ээжийг нь балбагануулж орхино. Гэвч давнаа. Харин гуравын давааны босгоор л аав нь үнэхээр давж орж үзээгүй билээ. Гэвч гутрахгүй. Миний үзээгүйг миний хүү үзнээ гэдэгсэн. Үнэхээр ч тийм юм болсон. Долоодугаар анги төгссөн зунаа Бөхбат сумын наадмын аманд гарч нэгийн даваанд гуравдугаар бригадын Зулзага гэдэг цулцгар хүнтэй таарч хав барьцнаас жоохон зайлаа оруулаад тойгдчихсон чинь Зулзага гуай цулцгас хийтэл өвдөглөн сууж наадамчид түрхрэлдээд л явчихав. Дуучин хүнд алга ташилт яаж сонсогддогийг Бөхбат мэдэхгүй. Гэхдээ л олон хүн алгаа зэрэг зэрэг таших нь тун сүрлэг сайхан санагдаад л дахиж дуулдаг байх. Харин бөх хүнд наадамчдын тэрхүү нирхийсэн түрхрэлт нь бөөн баяр, дахиж давах урам өгдөгийг анх тэгж мэдсэн. Хоёрын даваанд зэргэлдээ сумын начинтай цаг шахуу ноцолдож баруун тахимдаж хөөгөөд давсанд сумын наадмын дэвжээ нисэх адил болж хөөрч догдолсон наадамчид дэрхийгээд босоод ирэх нь тэр. Тэр зун сумынхаа наадмыг Бөхбат ийнхүү бөөн хөөр хөөрцөг болгож даваа бүртээ наадамчдын хоолойг нь сөөтөл орилуулж дэвхцүүлсээр үзүүрт хүрэв. Аймгийн арслан хурц Жамбаа хэмээх хижээлдүү бөхтэй үзүүр түрүү булаалдахаар гарахад сумынх нь бүх л уулс өндөлзөж байх шиг санагдсан юмдаг. Харин Жамбаа арслан хүүд урам өгөе гэсэн үү яасан нэг их хүчилж барилдсангүй. Бөхбат ч түүртэлгүй давж сумандаа анх удаа арван тавтай хүү төрүүлэхэд аав нь замдаа таварцаглан бүдчиж унасаар гүйн ирж үнсээд -Миний хүү түрүүлчихлээ. . . Миний хүү түрүүлчихлээ гээд л нулимсаа ч арчихаа мартчихсан дэвхцээд байж билээ. Есдүгээр анги төгссөн зунаа аймагтаа барилдаж гурав даваад ирэхэд аав нь сумынхнаа цуглуулчихсан -Миний сумандаа даваагүй давааг хүү минь аймагт давчихаад ирлээ гээд л хөөрч ээж нь -Ишш . . . Миний муу тонтгор хүү овоодоо гэснээс хойш тонтгор Бөхөө гэдэг нэртэй болж өдий хүртэл тэр л нэрээрээ барилдаж яваа билээ. Зарим заалны барилдаанд бөх тайлбарлагч -Ховд аймгийн харъяат тонтгор хэмээгч Бөхбат арслан гурав давлаа гэж ирээд л чанга яригчаар зарлаж эгдүүг нь хүргэнэ. Гэвч сүүл сүүлдээ энэ нэрэндээ дасаж найз нөхөд нь -Тонтгороо гэж дуудахад -Өөв гэдэг болжээ. Наадмын дөрвийн даваанд Бөхбатыг ид барилдаж яваа гарди, харин Зэндмэнийг харимал заан амлажээ. -Чи ноолуур гаргаагүй гээд гүрийгээд байсан гаргасан л байна шүү дээ заанд хэдийг өгөв аан. -Золигтолгүй яаж барилдахаа л бод. Тэр харав уу, гарди чам руу хялайж байна. -Би ч ингээд өнгөрөв бололтой. За өвгөн минь чи л хичээдэг юм шүү. -Шүдээ зуу. Хагарчихгүй. Гарди эцгийг чинь яалаа. Новшид унаж шившиг болов. Зэндмэнэ шүднийхээ завсраар сийгүүлэн занах мэт ийн хэлчихээд цааш эргэж хоёр гуяа тасхийтэл алгадлаа. Бөхбат ч шүдээ зуумагц хоёр гуяа чимчигнэн хорсож улаа бутартал хэд сайн алгадаж, шавмагц талбайн гол руу бугуйл аван зүтгэх хангал ат шиг шуугин очиж гардийн өөдөөс өрмөгц -Чи миний аавыг алж, аймгийг талсан байхаа гэж бодоод шүдээ зуухад салхитай өдрийн яндан шиг чихарч байв. Очсон эрчээрээ гардийг барьж авах гэж хэд хэд ноцоод чадсангүй. Гарди түүний нүд рүү харсанаа харцнаас нь дальдчиж цочоод цаашаа эргэж, элэг бүсээ султган, гутлынхаа ногтоор оролдов. Хашир гарди Бөхбатын яахаас ч буцахгүй, юү ч хийж мэдэхээр осолтой болчихсоныг анзааруут тайвшруулж нозооруулахаар шийджээ. Хэсэг амсхийгээд дахин өрлөө. Бөхбатад гардийн зүүн хөл л харагдана. Хэдий ойрхон харагдаад байгаа ч түүнд хүрч шүүрнэ гэдэг явгаар Ховд орохын дайтай гэдгийг мэднэ. Шүүрч өргөлөө ч нарийсгаж гаргаж ирээд хаяна гэдэг ачаатай гуч машин өргөхөөс ч амаргүй гэдгийг бас гадарлана. Гэсэн ч тэр хөлөөс өөр юү ч харагдахаа өнгөрчээ. Гамингийн тагнуул. . . Гамингийн тагнуул. . . Чамайг хаяна. . . Чамайг хаяна. . . түүнийг сэтгэлдээ ийнхүү шившин мөнөөх хөлийг шүүрэх гэж элдэж явтал гарди юм хэлээд байх шиг болж сая л наадмын дэвжээнд байгаагаа анзаарав. -Аан. . . -Элэг бүсээ чангал. -Аа энэ яахав. . . -Чангал гэж байна шүү чамайг. . . Бөхбат эрэмбээ гэнэт ухаарч нэг муухан мушийсгээд элэг бүсээ тайлж далбаагаа хэд сэвээд бүсэллээ. -Цаад хоёрыг чинь жаахан харъя. Түүний үгэнд орохоос өөр яахав. Зэндмэнэ ойр хавьд харагдсангүй. Талбайг тойруулан харцаараа нэгжтэл талбайн зүүн урд захад өвгөн зааны эгэмийг түшчихсэн зогсохыг хараад -Унтаж хэвтэж өвгөнд бусгуулчих вийдээ гэж бодов. Харин Зэндмэнэ алин цагийн зодог тайлах болчихсон өвгөн заан ямар бодолтой өөрийг нь авсаны учрыг олохгүй тэвдэж байлаа. Настай хүнд хөөгдөөд дэгдээд явах нэг хэцүү. -Ишш тэр нэг ядарсан юмны яваа царайг гээд л цэнгэлдэх даяар хашгирч орилолдоод сүйд болно. Бас хөөгөөд явах нэг хэцүү. Харимал бөх дээрэлхлээ гэх бол энүүхэнд. Яагаад ч юм түүнд барьц их л элбэг олдож байлаа. Зүүн гарыг нь атгаад урдуураа таллаад гүйлгэчихьюү гэж нэг бодсоноо өвгөн хүнд бяр гаргаж онгирлоо гээд дээд цолтнуудаас эхлээд л эвгүйцээд унана гэж хаширлаад алгуурхан золгосонд заан өөдөөс нь хавтай сайхан бариад авч байна. Ингээд хоёул эгэмээ түшин хэсэг зогсов. Удвал осолтой. Энэ хоёр мөнгөн дээрээ л тохирохгүй байна гэж наадамчид хардана. Түргэн хаячихаар -Тэгэлгүйдээ найрааны улс гэцгээнэ. Гэтэл Бөхөө тэр хоёр үнэн сайхан барилдаад тэр цол молонд нь хүрвэл хүрье. Хүрэхгүй бол яахав дээ. Улсынхаа наадмын дэвжээнд хэдэн жил сайхан барилдчихая. Энэ ногоон торгон дэвжээн дээр хүссэн аавын хүү гардаг ч юм биш. Ингээд барилдаж явна гэдэг том хувь заяа гэж бат нот шийдэцгээсэн байлаа. Нөгөөтэйгүүр тэр найраанд оролцох мөнгө нь ч үнэндээ байсангүй. Иймээс л аль нэг аймгийнхны юм уу, аваргын найраанд оролцож хоёр гурав даваад хэдэн төгрөг өвөрлөчихдөг өвгөн заан нэг ч төгрөггүй түүнийг амласанд гайхаад байлаа. Одоо л нэг юм хэлэх нь дээ гээд хүлээтэл таг дуугүй. -За дүү хүү гээд л яриад эхэлдэг юм бол чимээгүйхэн сонсож байгаад зэгсэн чанга гуядах юм шүү гэж бодож явсанаа барьцаа ахиулж шахаж татаад өргөсөнд заан жижигхэн бухал сэрээдсэн аятай сэвхийгээд гараад ирэв. Нуруугаар нь наадмынхаа торгон ногоон зүлгийг илэх мэт зөөлхөн тавьлаа. Тахимаа авахад заан магнай дээр нь үнэсээд -Дэмүүл арслангийнхаа энтэй барилдаж яваарай хүү минь гэж ерөөлөө. -Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат цэргийн арслан Зэндмэнэ улсын заан Хүдэрсайхàнаар дөрөв давлаа. Сүүлийн үед начин цол гарцаагүй хүртэх бөх хэмээн наадамчин олны тааварт тогтмол орж байгаа арслан маань улсынхаа их баяр наадамд тавдахиа дөрөв давлаа гээд л цэнгэлдэхийн цагаан хоолойгоор хангинахыг сонсож Бөхбатын цээж тэнийгээд -За ашгүй гэж бодов. Түүний харцны өнөөх хурц омог дарагдсаныг хяламхийн харчихаад гарди ч барилдахаар өрлөө. Түрүүхэн л жигтэйхэн ойрхон харагдаад байсан өнөө хөл одоо бол хүрэхийн эцэсгүй хол харагдаж гарди элдэж Бөхбат ухарч эхэллээ. -Та миний аавыг аллуу. . . Бишээ болохгүй нь. . . За байз чи тагнуул билүү бас л бишээ гэж бодон бодон гардид шахуулж элдүүлсээр гүйх тооны зугатлаа. Өмнөөс нь нөрүүхэн өрөөд шалмаг элдэж байгаа гардид үнэхээр хүрэх газар алга. Тэр хаанаас нь ч барьц олдомгүй мулцгар, даагдашгүй том хар бул чулуу шиг санагдаж эхлэв. Нүднийх нь харц дөлгөөн тайван боловч шургуу, даваа нэхсэн хатуу итгэлтэй, хүүхдийг нидрээд өнгөрнө дөө гэсэн бардам шинжтэй. -Хөөш. . . Чи зүгээр барилдаач. Зугатаад хаа хүрэх юм гэж үе үе сийгүүлэн шивнээд шанаа түүшин нь гүвэлзэж уцаарлах шинжтэй элдэнэ. Бөхбат дэмий л “Хөлд чулуу тээгэлдэггүй л юм бол баригдахгүй дээ” гэж бодон зугатлаа. Гарди нилээн удаа хөөгөөд “Энэ муу хаачдаг юм” гэсэн шинжтэй талбайн гол руу ихэмсэг нь аргагүй тайван эргэв. Бөхбат араас нь “Тайвшир. . . Тайвшир. Бодлоо төвлөрүүл. Чи хаях ёстой. Чи хаяна. Үхсэн хойноо гарди гэдэг чинь тавхан үсэг өөр юү ч биш “ хэмээн гардийн хурц цэнхэр далбааны гол дахь ланзан хээг ширтэн бодож явлаа. Гэвч бодол санаа нь хүссэнийх нь зоргоор төвлөрч өгсөнгүй. Гардид элдүүлж ухарч гүйсээр байтал талбайд хэдүүлхнээ үлдлээ. Цэнгэлдэх ч хоосорч наадамчид тавын давааны өмнө амжиж хоол эргүүлдэхээр гадаалав бололтой. Хөлийн цэц хав барилдуулах цаг болсон гээд шодсонд Бөхбатын тал таарч тэнгэр намайг тэтгэлээ гэж бодоод барьц авлаа. Гэвч гардийг кранаар өргөсөн ч даагдахгүй шинжтэй. Бөхбатын сэтгэл одоо бүр түгшиж юун өнөө жил босгоор нь гарцаагүй давж орно хэмээн бат итгэж цээжинд нь өлхөн багтаад байсан тавын даваа байхав. Түүний наана дөрвийн даваа давшгүй өндөр уул болон хөндөлсөж, өөрийнх нь талаар золгосондоо баригдан түүний хийх мэхний хариуг бодон төлөвлөх гарди тэр уулыг давах ганцхан жимийг бөглөсөн бул хар чулуу шиг санагдан хөлс нь чийхарав. Гарди түүний хөдөлгөөнийг яг анан дотроо нэгийг товлон шаасан гадас шиг зогсчээ. Эвгүй л хөдөлвөл гардид олзлогдоно. Би ч начны өмгүй ядруу бөх юм даа гэж бодтол тархи толгой нь цэлсхийн хүнд өвчинд ээрэгдэн хэвтэрт байгаа эцэг нь бодогдов. Муу аав минь насаараа л бөх ярьж, бөхөөр амьсгалаж, хирхэндээ л бас бөх явлаа. Одоо ч хажуудаа радиогоо тавьчихаад амьсгалаа түгжин чагнаж хэвтээ. Гэтэл горьдлого тээлгэсэн ганц хүү нь амьд мэнд дээр нь улсын цол хүртэж магнайг нь тэнийлгэж чадахгүй юм гэж үү. Чадахгүй байхдаа яадаг юм. Нохой долоо. Энэ ер нь юү юм. Хөлд тээгэлсэн чулуу төдий л шүү дээ. Гэтэл миний байгаа царай, иймхэн юманд тээглээд гайхаж зогсдог. Тэхгүй шүү. Гарди байтугай аварга, арслан хэн ч байсан яадаг юм. Хаяхдаа л хаяна. Сэтгэл дотроос нь нэг нооройсон муур гангинан гараад гүйчих шиг болтол бие нь хөнгөрөөд гардийн нөгөө хөл нүдэнд нь тулах шиг боллоо. Зүүн гараа суллуут зайлаад тэр хөлийг авъя гэж шийдмэгц гардийг хөдөлгөж үзвэл золгох үеийнх шиг нь хүнд нүсэр юм ердөө ч алга. Бөхбат гардийг хоёр гурван удаа шуудагнаас нь татаж шахаж хөндийрүүлээд тавихдаа зайлж тойгдоод хөлийг нь шүүрэх гэсэн авч хамрынх нь үзүүрт тулан алдаад байгаа хөл нэг л баригдаж өгсөнгүй түүний цаг дуусаж гардийн талаар золголоо. Гарди ч хөл авна. Хөл авах гээд ухасхийнгүүт нь л тонгорчихоё хэмээн анаж байтал амжсангүй. Нэг л мэдсэн гарди хөлийг нь шүүрч хөнгөхөн гаргаад элдлээ. Бөхбат ч олныг эргэцүүлж амжсангүй. Тулгуур хөл дээрээ амсхийн тогтуут шүүрүүлсэн хөлөө хүчлэн тийрч барьцыг нь сулруулаад тонгортол гарди хондлой дээр нь гараад ирэх шиг болохоор нь гялсхийтэл зайлж бухлаа. Юү юү ч болоод явчихав бүү мэд. Хөл дор нь гарди осолдохгүй л гэдэргээ харан унаж Бөхбат хүчиндээ дээгүүр нь давж харайлгав. Тэр эрчээрээ гүйж есөн хөлт цагаан сүлднийхээ өмнө очин шавж ёслоод тахимаа авахаар ирвэл гарди тун урамгүй янзтай тахимаа өгч юм ч хэлсэнгүй хөлөө чирэн хөлийн асар өөд зүглэв. Бөхбатад гэмшил баяр хоёрын аль нь түлхүү төрсөн юм бүү мэд гардийн араас харж-Наадам ганц биш шүү дээ ах минь өршөөгөөрэй гэж сэтгэлдээ шивнүүт малгайгаа тэгшлэж есөн хөлт сүлдээ тойрон дэвлээ. Хөлийн асар руу явах замд нь Зэндмэнэ урт дээлээ хэлхэгнүүлэн гүйн ирж үнсээд -Ёох. За ашгүй гээд захыг нь үрчийтэл мушгисан тэрлэгийг нь нөмрүүлж мөрөн дээр нь хапхийтэл алгадав. Дэлгэрмаагийн үүр цүүрээр босож хуурч хайрч гараа гаргаж хийсэн хийцтэй цайнд мах, хуушуур хөшигчин аяга дүүргэн үйгээд цайллаа. Дэлгэрмаа ч нар нь ганц гарч байх бололтой шинэ торгон тэрлэгээ шар шур дуугарган -Алив ид уу болон дэвдэгнэнэ. Бөхбат том мөнгөн аягандахаа дуусгаад дахин мах хөшиглөх гэтэл Зэндмэнэ хориглож -Одоо болно. Наад гэдэс гүзээ чинь цэрийгээд амьсгааг чинь боодог юм биш үү. Юм үзээгүй аятай дайраад унах чинь гэж загнаад аягыг нь хураагаад авчихлаа. Өөрөө ч нэмж юм идсэнгүй. Яг л сайхан идмээр байхад ийн аягласанд нь гомдсон Бөхбат уйлах гэж байгаа хүүхэд шиг өмийснөө юм ч хэлсэнгүй. Хамрынхаа хөлсийг шудраад буруу харлаа. Дэлгэрмаа түүнийг учиргүй өрөвдөж Зэндмэний нуруу руу хурууны үзүүрээр хатгасан авч цаадах нь хүрлийчихээд жишим ч гэсэнгүй. Ийнхүү хэрэлдчихсэн улс шиг хэсэг суув. Дэлгэрмаагийн сэтгэл салхитай өдрийн өрх шиг барьцгүй дэвэлзэн суудалдаа тогтож чадахгүй холхин -Яанаа гоогоо. Аварга арслан хоёрын нэг авч балрах вийдээ гэж шивнэнэ. Хүзүүг нь илж өгмөөр санагдавч Зэндмэнэ наадмын өдөр иймэрхүү ааш араншинд дургүй болохоор дэмий л өвдгөө илнэ. Харин Зэндмэнэ хүү нь цол авчирч яваа гэдэг бодолдоо бат итгэсэн хэвээр суулаа. Наадмын бэлтгэл дундуур хагас өдрийн чөлөө авч хот ороод Дэлгэрмааг эхо- д харуулсанд эмч-Танайх хүүтэй болох нь ээ гэж хэлээд магнайг нь ганц тэнийлгэсэн билээ. Тэр үгийг дуулснаас хойш хүү нь холын тээврээс ирэх жолооч шиг л цолны үнэмлэх тэмдэг хоёр барьсаар ирж яваа юм шиг совин татаад байдаг болчихжээ. Талбайд үлдсэн хоёр начин их л цуцацгаасан бололтой гараа сэгсэрцгээн хоёр биеэсээ дөлж алхана. Хэд хэдэн удаа хав золгуулаад хаялцсангүй. Барьц сонгуулах нь дамжиггүй. Наадамчид гаднаас уван цуван орж ирсээр цэнгэлдэх зугуухан дүүрч эхлэв. Зэндмэнэ Бөхбатын далан дээр зөөлхөн алгадаад -Явъя гэлээ. Бөхбат ухасхийн босов. Бөхчүүдийн суудал руу эртхэн очсон нь дээр. Наадамчид хэцүү. Гар барих гээд л зарим нь ч бүр тэвэрч авч сүжрэх гээд л. . . Харин тэр хоёр иймэрхүү занд дургүй төдийгүй бүр айдаг аж. Тэр жил хоёрын давааны дараа цэнгэлдэхийн гадуур хуушуур эргүүлж явтал Зэндмэнэтэй бага сургуульд нэг ангид сурч байсан бүсгүй тааралдаад -Хүүе хаая болон нахилзаад л гарыг нь ээлжлэн шүүрч сэгсчээд л түүгээр ч зогссонгүй өөриймсөг сэтгэлээ илчлэн Зэндмэний малгай дээрх хялгасыг илж унагаад сүйд болсны дараа хоёулаа гуравын даваанд дуу дуугаа авалцан үсрээд өгсөн. Унамааргүй бөхчүүдэд унацгаасныг яана. Тэр жил мөн ч урамгүй наадсан даа. -За тонтоо хэн ч авсан өнөөхөө л хийнэ шүү. Удаж болохгүй. Бариа зөрүү дээрээс л даваа ирнэ. Зүрх халирлаа л бол залгаад унаа ирнэ л гэж мэдээрэй хэмээн Зэндмэнэ Бөхбатад зааварлаж явлаа. Тэр хоёр энэ жилийн тавын даваанд нэг нэг мэх бүтэн жил бэлдэж ер нь гаршчихаад байлаа. Эхний даваануудад хийчих вий гэж тун их болгоомжилсон тэр мэхээ Бөхбат гардид хийн алдаад аз уу эз үү эв таараагүй билээ. Түүнийгээ л бариа зөрүүн дээр хийдэг юм шүү гэж Зэндмэнэ Бөхбатыг шахаж байгаа нь энэ. Хоёр начин хаялцдаггүй. Тавын даваа эхлэх цаг болчихсон, цэнгэлдэх наадамчдаар пиг пүүрсэн харагдана. Тэгтэл ч их аварга хөлийн цэц рүү зүглэж арслан дагаад бослоо. Зэндмэнэ Бөхбат хоёр сайн гэгддэг нэг ламын цээжлүүлсэн аварга арслан хоёрыг холдуулах тарнийг зэрэг зэрэг уншиж ногоо таслаж гарлаа. Нэг үг хэлээд л нэг ногоо таслаарай гэж лам захисан юм байж. Шүтлэг муутай Бөхбат тарниа удаан уншиж байгааг өмнөх хэдхэн ногоо нь гэрчлээд өгч байлаа. Зэндмэнэ зэмлэмээр байвч ам гар хоёр нь нэгэнт завгүй тул дэмий л хялалзан түргэн түргэн шивтнэнэ. Түүний өмнөх өвс хадсан аятай хиарчээ. Аварга арслан хоёр амаа аваад эргэсэнд залгаад гарди заанууд бослоо. Одоо хэрэг нэгэнт өнгөрөв гэсэн аятай тэртэй тэргүй туниа муутай уншиж байсан тарниа Бөхбат зогсоогоод босож суниалаа. Харин Зэндмэнэ ногоогоо эг маггүй зулгаасаар уруул нь түргэн түргэн хөдөлсөөр. . . Цэнгэлдэхийн цагаан хоолой нэгэнтээ хоржигоносноо аварга арслан хоёрын авсан амыг зарлахад л Зэндмэний санаа сая амарч -Мундаг лам юм гэж үнэн сүслэн шивнээд өмнөө овоолсон ногооноос хэсгийг чимхэн гутал оймс хоёрынхоо завсар хавчууллаа. Ингэвэл тавын даваанд түүртэхгүй гэж мөнөөх лам айлдсан билээ. Бөхбат ч түүнийг дууриав. Ёох. Аварга арслан хоёроос л мултарсан хойно үлдсэн хэдийн хэнтэй ч үзнэ гэсэн омголон бодол мань хоёрт төрж цээжийг нь цэлмээнэ. Гэнэт цэнгэлдэх даяараа нирхийгээд явчихлаа. Дөрвийн давааны хоёр начингийн нэг нь осолдохгүй нөгөөгийнхөө дээр унаж залхсан наадамчид давсанд нь биш удсан барилдаан ашгүй нэг өндөрлөсөнд нь баярлалдан тийнхүү нирхийлгэсэн хэрэг байв. Яг энэ нирхийлттэй зэрэгцэн нэгэн түгшүүрт бодол Зэндмэний толгойд гялсхийж Бөхбат руу харвал тэр ч бас энэ тухай бодов бололтой тийн огцом харсанд нь халирч хулганан хамраа шударлаа. Түй. . . Түй. . . холуур. . . холуур. . . гэж шившээд Бөхбатынхаа хөлстэй баривгар гарыг атгалаа. Бөхбатын судас луг луг цохилох нь гарынх нь алгаар дамжин мэдрэгдэнэ. Хүний алганд ийм тод цохилттой судас байдаг л юм байхдаа гэж гайхахтай нь зэрэгцэн заалны барилдаанд Зэндмэнд хэдэнтээ унасан залуу харцага сая давсан начныг амласныг сонсоод зүрх нь зогсчих шиг болсноо бөөн хүчээр түргэн түргэн цохиллоо. Баруун гараа Зэндмэнд атгуулсан Бөхбат зүүн гарын араар хамраа нааш цааш хөрөөдөн шударснаа дэмий л гутлынхаа ногтоор оролдов. Зэндмэнэ Бөхбатын гарыг тавиад босож хэлхэндэг нөмөрсөн тэрлэгээ тайлан далбаагаа бүслэнгээ -Миний хүү. . . Одоохон. Аав нь ингээд цолонд хүрдэг байж хэмээн заналтай шивнэхийг сонсуут Бөхбатын цус нүүрээд нь огшоод ирэх шиг болж -Намайг ч аав минь хүлээж байгаа гэж зөрж шивнээд шүдээ зуулаа. Хоёул гуяа хорстол алгадаж зүүн баруун жигүүрүүд рүү зүглэхэд засуулууд цол дуудахад алин цагийн бэлэн зээгэлжээ. Зүлэг ногооны шимт хөлсөнд гутал дэвтсэн зунсан. 2003-2004 он. Сан-Франциско. Нью-Йорк.

Эдүгээ Чикаго хотноо аж төрж буй зохиолч Д.Энхболдын бичсэн дараах номуудыг худалдаж байна.1. "Нарансолонго" тууж, өгүүллэгийн ном
Энэхүү ном нь хайр сэтгэл уянгын тууж болон өгүүллэгүүдтэй. Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$2. "Казиног номхотгосон түүх" АНУ-д аж төрж буй Монголчуудын амьдралаас сэдэвлэсэн маш сонирхолтой адал явдлын тууж. Нэгэн монгол эр хамаг байдгаа Казинод алдаж, гуларч алдаж явсаар, эхнэр хүүхэд нь хүртэл түүнийг орхин Монгол руугаа буцна. Гэвч нэг л өдөр ... Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$3. "Паанан" Хүн - адгуус - байгалийн харьцааны талаар бичсэн адал явдал, уянгын тууж болон унягын өгүүллэгүүдийн ном. Хэвлэгдсэн он 1998 он. Улаанбаатар хот. Үнэ 6,99$Эдгээр номыг худалдан авахыг хүсвэл enkhbold9@yahoo.com хаягаар захиалгаа өгнө үү