АРВАН ГУРАВДУГААР ЗУУН. Нэгдүгээрбөлөг. 2-р хэсэг

Posted 1:02 PM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:

Үргэлжлэл

Харин хөх дэлт бөрт чоно цадав гэсэн шиг өм цөм идэхээ болиод хааяа ганц нэгэн даага сарваа гүнцэглэчихээд хүрээнээс нь хорь гучаадхан алхам зайд зантгар толгойноосоо уур савсуулан анисган завсраараа улаан шумуулаа цувуулж нисгэсэн шиг унтаж хэвтэх аж . Есхэйн сэтгэлд “ Муу мангас чинь Далиу борын унагалахыг хүлээж байна “ гэсэн хавирган сар шиг зэвүүн бодол нуурлачихаад салсангүй . Далиу бор бол Үг бор , Үе бор хоёрын отгон дүү эрмэг гүү . Бөгсийг нь үнэрлэсэн ямар ч азаргыг тас өшигчин эргэж хурц ярзгар шүдээрээ өм цөм хазаж хөөдөг адайр аашны үүр . Иймдээ ч хээл авалгүй эрмэглэж тэр хирээрээ хөл гар нь загатнасан хүмүүсийн унаа болон толгой хаялаж явдаг амьтан . Эр цэргүүд гүүнээс цээрлэдэг тулдаа л түүнийг дайн байлдаанд хөлөглөсөнгүй . Далиу бор ингээд хүүхэд хөгшид хүүхнүүдийн хөл дүүжлэх унаа болж тал нутагтаа өтөлж явсанаа гэнэтхэн үнэн үү гэлтэй хээл авсан юм . Түүнийг ямар нэгэн азарга гишгэж байхыг хэн ч харсангүй . Хээрийн салхинаас унага олохгүй нь тодорхой тул нэг бол хэсүүл тэнүүл азарга эзнийх нь нүдийг хариулж байгаад сэмхэн хэргээ бүтээчихээд талийсан нөгөө бол адайр аашт Далиу бор нууцат талын эзэн тахийн омголон азаргатай нөхцсөн хэрэг . Есхэйн хувьд Далиу борыг тахийн азарга л номхруулж эдлэж магадгүй гэж таамаглан эрмэг Далиу бороосоо хүслэнт унагаа авах нь гэж баярлаж байтал энэ мангас газарын хаанаасч юм гарч ирээд хамаг мөрөөдлийг нь мэрж ийн хэвтэх болсонд ой нь гутаж хий л “Өстөн дайсан байсан ч болоосой тас цавчихгүй юү “ хэмээн гараа базлан тэчъяадаж байхад түүнийг нь таамаглах ч үгүй Далиу бор цэвэр цомбон туурайгаар цас цавчлан өвс гарган идэж сэтгэлийг нь бүр тамлана . Хэзээ л чи минь энэ муухай даравгар амны зууш болох болдоо гэж өглөө болгон адуун дундаасаа Далиу бороо олж хараад Есхэй боддог болчихжээ . Сүүлдээ муу юм харахгүй гэсэндээ адуу руугаа зүглэхээ болиод Төмөрхөлийг ганцааранг нь явуулдаг болов . Тэгсэн нэг өглөө Төмөрхөл нэг дуу тэнгэрт нэг дуу газарт морины хар гүйхээн дунд хашгичин ирж явлаа . -Яав идчихэв үү ?-Унагалчихлаа , бүр ихэр яваарай хараарай хэмээн Төмөрхөл ханцуйгаараа савчина . Далиу бор адууны захад унагалчихсан хоёр ихэр унаганы нэг нь эхээ тойрон цүүцгэнэн цогиж , нөгөө нь хайлмагтсан цасан дунд босох гэж амьсгаадан зүтгэж тийн зүтгэхийнх нь хирээр хунгар цасны хайлмагтсан хүрээ ус болон урсаж тэлнэ . Есхэй мориноосоо үсрэн буумагц -Энэ чинь бага Үг бор , Үе бор хоёр байна шүү дээ гэж дуу алдаад сэжигтэй нүдээр орчныг нэгжиж харвал улаан нүдтэй зантгар толгойт адуунаас гучаад алхам газар анисган завсраасаа нэг далавч нь хөх нөгөө далавч нь шав шар зулзган эрвээхэйнүүд нисгэн ямар нэгэн авиа чимээ гарган хэвтэж байлаа . Есхэй гайхан өлмий дээрээ гэтэн ойртож очвол яг өөр шиг нь хурхиран унтаж байх нь тэр . Хөх тэнгээр...Есхэйн өвдөг өөрийн эрхгүй нугаран бохирч гүн сүсэгт нүдээр бөртийх ч толбогүй хөх тэнгэр рүү ширтвэй . Тал нутагт урь унахын хирээр урд хожид дуулдаагүй том дайн дэгдэх нь гэсэн сэтгэлийн нэгэн сүүдэр тулгат болгоны голомтонд төрж утаа мэт нүүгэлтэн үүл мэт сүрэглэн уужим их тал дээгүүр сүүдэр хүүшлүүлэн нүүж байтал ойн иргэдийнх хэмээх харвах цавчих нь барагтайхан ч монгол эрсээс хамаагүй өндөр нуруутай хавчгар цээжтэй ч зоримог харцтай нэгэн түмт энэхүү их талын хээлэнд хүрээлэн буугаад тэндээс хэнгэргийн дуу тасрахаа больсон нь адуун сүргийнхээ бэлчээрт тайван суух цаг тун ч удахгүй төгсгөл болох нь гэсэн болгоомжлолыг цэрэг болгонд төрүүлж ар гэр ахуй амьдралынхаа талаар хийх зүйл байваас яаравчлая гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн билээ . Есхэйн зорьж яваа хэрэг ч энэ л юм . Тэмүжин эр бие жагсах болоогүй ч том хүү нь . Ардаа эр хүнээр тэргүүлүүлсэн утаа гаргах голомт үлдээхгүй болжгэм дайны хар үүл бүгдийг залгина гэсэн монгол цэргийн итгэл сэтгэлдээ хөтлөгдөн хүүгээ гэрлүүлэхээр яваа нь энэ бөлгөө . Есхэйг ийнхүү унтаа хүүгээ сундлан уужим шар талын дунд бодлогоширч явахад өстөний өрийг өмлөх гэж тавьсан сум шиг омголон туурайт хөлгөөрөө урт талыг цалам мэт эвхэж , ус голыг шалбааг мэт туучуулан , уул толгодыг дов шиг харайлган давж нэгэн эр ухаан зулаггүй довтолгож явлаа . Тэргүүн хавьцаа нь нэгэн богширго завсар зайгүй шулганаж мөнөөх эрийн цухлыг үе үе оволзуулахад -Байз гүм чи хэмээн зандарна . Ийн зандархад нь мөнөөх богширго ч хилэгнэж хаа нэгтэй рүү дайжин одсоноо төдөлгүй тэргүүн дээрээс нь нов ногоон царцаа голиогоор тургина . Яарагч эр гэвэл ер тоосонгүй гагцхүү нүүр рүүгээ урссан голионы нялцгар ногоон гэдсийг ханцуйгаар хам хум шудраад өмнөх замаа хөөнө . Айл гэрийн бараа харагдмагц өврөөсөө хагас тохой хирийн урттай мөнгөн гэрэг гарган нарны гэрэл ойлгон тэргүүн дээрээ өргөхийг нь харсан айл хотлынхон бужигналдан морь мал руугаа харайлгах нь үзэгдэнэ . Айлын гадаа очиход юүлэх морь нь алин цагийн бэлэн . Уух цай нь зөөгшчихсөн хүлээж байх аж . Яарагч эр цайнаас балгаад хэдэн борц ааруул ээзгий өвөртлөн цааш довтолгоно . Гуравдах хоног дээрээ хөл хөдөлгөөн багатай ч олон гэртэй нэгэн хүрээнд хүрч тэрлэг дээлэн дотуураа бүсэлсэн олон зангилаат ногтыг хүрээний төв дэх том гэрээс угтан гарч ирсэн зарцад гардуулаад өөрөө зүүн хөлөө чирэн хазганасаар захын гэр рүү зүглэв . Тэгмэгц нам гүмхэн байсан хүрээ хөдөлгөөнд орлоо . -Батлайг дууд гэсэн захирангуй дуу сонсогдож ээтэн хоншоорт гуталын пар пар гэсэн чимээ энд тэндгүй сонсогдож эхлэв . -Зарлиг тосоё . -За Батлай мянгатаас элч ирэв . Аравтаа мордуул гэсэн тушаалтай зэрэгцэн мөнөөх элчийн авчирсан ногтны зангилааг арав хувилсан зардас ноёны өргөөнд орж ирэв . Батлай ч түүнийг шүүрч аваад гарахтай яг зэрэгцэн эмгэн хүний гунигт хоолой нэгэнтэй цахиртсанаа Онон ижий олмоороо атал Эй лээ эй лээ Олон үрс минь нялхаараа атал Эй лээ эй лээ Хэрлэн ижий хээлээрээ атал Эй лээ эй лээ Хэнз үрс минь нялхаараа атал Эй лээ эй лээ Сэлэнгэ ижий ширгээрээ атал Эй лээ эй лээ Шингэн үрс минь бойтогоороо атал Эй лээ эй лээ Туул ижий туурайгаар атал Эй лээ эй лээ Туулай үрс минь бөжингөөрөө атал Эй лээ эй лээ хэмээн гаслантайяа цахиртуулан дуулж гартаа барьсан жижиг хэнгэргээ бургасан цохиураар хаа нэг дэлдэн хүрээлэн буусан олон гэрийг гороолон салбаганан явахад гэрээс хөгшин залуу чавганц хүүхнүүд охилолдон гарч ирээд үс гэзгээ үгтээн зулгаан эмгэнийг дагалдлаа . Тэдний дуу хуураас айв гэх шиг тун саяхан нар инээлгэн налайж байсан тэнгэр гүн харанхуй үүлэн цаагуур шургаж гагцхүү олон эмсийн “Эй лээ эй лээ “ гэх гаслант дуу орчлонг бүрхэн авах шиг болов . Хүрээний төв гэрт завилан суусан ханхар эр нэгэнтээ уртаар сүүрс алдаж “Онон ижий олмоороо атал “ хэмээн амандаа давтан гүвтнэснээ огцом ухасхийн гэрээс гарлаа . Мэлгэр шар талын дэрс дохилзоход ч сэртэсхийж жийхагар шар нүдээ огцом цавчлан явсан Есхэйн нүдэнд гэнэт дагуул зараа нь гарч ирээд зэгсэн том бутны сүүдрээс өмнө нь огт хараагүй алаг эрээн шавьж явуут дундаа шүүрэн шалир шалир идэх нь харагдав . Тэр шавьж нисдэг бололтой зарааны аманд том далавч нь багталгүй хоёр жавжийг нь тэлүүрдчихсэн харагдах аж . Түүнийг хараад Есхэйн сэтгэл ер түгшсэнгүй . Хааш хэрэг “Хол явах нь дээ “ гэж бодоод хэмжээ хярхаггүй хөх тэнгэрийн хээл рүү тогтоон хартал тэнгэр газрын савслагаас хоёр төө өндөрт өөрийнх нь од жирэв жирэвхийж харагдав . Амуу будаа сав саваар , аржгар торго толгой толгойгоор гэж алсын олзыг наашлуулан сэтгэлдээ хурайлаад их л хөхүүн баясгалантай болж -Хүү минь ээ одоо сэрнэ байгаа . Аавын эзгүйд айл оройлох хүн нойрыг чөмөг шиг ташиж , гэрээ өндөр уулын нарс мэт өргөж явдаг юм шүү дээ хэмээн хүүгээ дуудлаа . Тэмүжин ч эцгийн дуудлагаар сэрж савирсан шүлсээ харуусах адил алгаар арчаад -За ааваа хэмээн цовоо дуугарахыг хичээв . -Одоо ч Хөх зүрхэн ойртлоо доо . Нар нэг төө уруудахад тэнд хүрчихсэн суух вий гэж Есхэй хүүгээ асгадаж ядарч яваа байх гэж санаад тайвшруулж хэлэв . -Та олон цэргийг оройлон дайнд орохдоо айдаг уу ?Хүү нь түүнийг олон цэргийн оройд явагч баатар эр мэтээр төсөөлдөг нь Есхэйд бахдалтай ч бас ялимгүй гунигтай . -Айлгүй дээ . Гэхдээ цочиж болохгүй . Цочвол гар чичирч онож цавчиж чадахгүй дайсны сэлэмд өрсүүлнэ . -Та яагаад айдаг юм . Тулаанд орно гэдэг өстөнийг өрлөх завшаантай үйл бусуу ?-Та нартаа буцаж очихсон гэж л айдаг юм даа . -Аа тэгвэл та битгий айхаа больчихоорой . Би ч гэсэн өглөө болгон аав минь өнөөдрийн тулаанаас амьд гараасай гэж айж явнаа . Өнөө хэдгэнэ нэг туулай зуучихсан өмнүүр нь ниснэ . Жингэнүүр голын бургаснаас туулай урхидах гэж Хасар Хабул хоёр дүүтэйгээ мөн ч яддагсан . Тэгж тэгж уриханд ганц нэг бөжин гэнэдээд орчихвол уу гурвуул түрхрэлдэн шуугиж дор нь гал асаагаад муу бөжинхийгийн нимгэн цахир арьсыг тэрлэг дээлээ тайлаад шидэх мэт ганцхан шувтарч шувтлаад бургас матийлган бөжингийн голоор нэвт сүлбэж гал дээр хэдхэн эргүүлээд идэхэд мөн ч амттайсан . Тэмүжиний аманд дүүрэн шүлс хуралдаж ярьж чадахгүй болмогц хураасан шүлсээ аавдаа мэдэгдэхгүйг хичээн сэмхэн залгисанд гудхийгээд их том чимээ гарсныг аав нь сонсчихжээ . -Хүү минь хэвэл чинь дахиад л хэржигнээд эхлэв үү ?-Туулай идсэнээ л санасан юм . -Аян замд юу идсэнээ биш юү идэхээ санаж явах нь зохистой байдаг юм . Нөгөө гайхал хэдгэнэ тэгэхээс тэгэх гэсэн шиг том шар загас зуучихаад нүднийх нь өмнүүр хөрөөдөхөд Тэмүжиний аманд дахиад л шүлс дүүрээд ирэв . За чи тэгж л бай . Удахгүй нар хагас төө доошлоход Хөх зүрхэнд хүрч борцны амттай шөл уугаад хөлс гарахад чамайг яахыг чинь харна даа гэж бодлоо . Гэвч тэр хоёрыг Хөх зүрхэний хөл рүү бууж явахад тэнгэр хуйсагнан ээрүүл эргэлдэх адил хэсэг бусаг салхи эргэлдэн боссоноо хөхрөгч бараан үүлнээс юү юүгүй бороо асгарлаа . Есхэй морьдынхоо явуут дунд хажуу тийш найгасхийн хөтөлгөө мориндоо тэгнэсэн том богцны ам хэрсэн сурыг сурмаг нь аргагүй шувт татан онгойлгоод эр цэргийн зузаан цэмбэн дэвцэг гарган нөмөрхөд Тэмүжин хүү үзүүрээс нь татан толгой дээгүүрээ давуулж бороонд норох аюулаас хамгаалагдав . Бороо дэвцэгийн дээрээс ихэд сүртэй шижигнэснээ үе үе хэнгэргийн дуу гарган түн тан түн тан балбана . Тэмүжин түүнийг сонирхон дэвцэгийн сэжүүр сөхөн харахад голдоо жижиг жижиг бах мэлхий багласан адууны хомоол шиг том том мөндөр нэгэн үе балбаснаа төдхөн нарийн ширхэгт бороогоор солигдоно . Борооны тэрхүү нарийн ширхэгт усан дунд мөнөөх том том мөндөр дорхноо хайлж дотроос нь нүдээ бүлтийлгэсэн бах мэлхийнүүд мөлхөн гарсанаа үхэр адил мөөрч тэнгэр өөд том амаа байдгаар нь дэлгэн аахилалдахад борооны ус ам руу нь цутган орж гэдэс нь төрөх дөхсөн гүүний гэдэс шиг томорч ирсэнээ писхийн хагарахад нэг мэлхийний оронд хуруу ороом нарийн сур шиг гурван могой бий болоод өвс шарилжны ёзоорт нуугдая гэх шиг яаравчлан мурчиганалдавч Тэмүжинд үл үзэгдэгч ямар нэгэн амьтан тэднийг сүр сархийн түүх ажээ . Есхэй ч энэ бүхнийг харж байсан боловч аливаа дайн тулааны өмнө үзэгддэг тэнгэрийн ердийн л нэг ааш тул тоосон ч үгүй . Ширүүн бороо эхэлсэн шигээ гэнэт зогсож үүлс баруун тийш шаламгай нүүгээд баруун уулсын цаагуур далд ороход өдөржин залхуутай доошилсон шар нар ашгүй төө замаа төөлж дуусаад мөнөөх бараан үүлсийн араас уулын цаад руу хариугүй орох гэж байгааг хараад Тэмүжин үнэн сэтгэлээс хөхин баясаж -Аав би буугаад замаараа аргал түүгээд очиё хэмээн дуу алдав . -Хэлээд юүхэв . Тэр үхэр хадны ёроолд хоноглоё гэж хэлээд хүүгээ буулгалаа . Өдөржин морин дээр явж асгадсан Тэмүжин мориноос буунгуут хэд хазганаснаа дорхноо хэвдээ орж хормойгоо шууж бариад аргал түүж эхэллээ . Саяын бороо аргалын гадар өнгийг чийг цохихоос хэтэрсэнгүй . Энэхүү гадар өнгөний чийг нь аргалын үнэрийг гойд сэнгэнүүлсэн тул шарилжны , хиаг ерхөгний үнэрт аргалыг Тэмүжин бусдаас амархан ялгаж хормойгоо төдөлгүй дүүргэлээ . Шарилжны үнэртэй аргал шатахдаа сэнгэнэсэн сайхан үнэр гаргадаг бол хиаг ерхөгний үнэрт аргал илч ихтэй билээ . Тэмүжинийг үхэр хадны дэргэд ирэхэд аав нь тулгаа тулчихаад хаанаас олсон юм болдоо гэмээр голын өлөнгийн хэдэн барзгар аргал олж галаа асаасан байлаа . Нүд хорсгосон утаатай ямар ч илчгүй энэхүү түлшийг нь хараад Тэмүжин тэсэлгүй инээд алдав . Эцэг хүү хоёр мөнөөх л борцтой шөлөө хийж идээд өдөр борооноос халхалсан ачит дэвцэгээ ам дөрвөлжин эсгийтэйгээ давхарлаж дэвсээд тус тусын тэрлэгийг нөмрөн хэвтмэгц аав нь нижигнэтэл хурхирч харин Тэмүжин нэгэнтээ эвшээтэл шар хэдгэнэ нүд рүү нь адууны шээс шиг гашуун шар шингэн гоожуулж тэр шингэн хоёр зовхийг нь цавуудах адил нийлүүлээд дахин салгасангүй . Тэнгэрийн дор ганцаар ноёлож асан хурхирах бүдүүн дуутай шингэн дуу хоршин бүрээдэж гарав . Маргааш нь мөн л ургах нарнаар аянаа үргэлжлүүлж өдөр нэгэнтээ бууж хооллоод гүн шөнөөр сүр бараатай сүглийлдэх хэсэг харгана бутны нөмөрт хоноглохоор буув . -Аав өнөө шөнөдөө очино гэж та хэлсэнгүй билүү ?-Харанхуйгаар айлын нохой шуугиулж хүрээ хотолыг үймүүлээд яахав . Өглөөн нарнаар очсон хүнд айлынхан дуртай байдаг юм . -Аа . Өглөө Есхэй ачаагаа задлаж хүүдээ шинэ дээл малгай өмсүүлээд өөрөө ч дээлээ сольж гангаран ачаан дээрээ даруулчихаад явсан саадаг нумыг хүүдээ мөрлүүлэв . Хэдийгээр түүнийг дааж үүрч явах хэцүү байсан ч жинхэнэ эр цэргийн саадаг нум мөрөлсөндөө Тэмүжин юу юунаас илүүтэй хөөрөв . Сумных нь зэв баавгай ч нэвт сүлбэм ирээ наранд гялалзуулах нь сүртэй басхүү бахтай . Есхэйн зорьж ирсэн худынх нь хүрээ өнөр олон бүл гэр , бийлэг баян сүрээрээ өөрийнх нь хүрээнээс хэд дахин том . Нэвсийж бараантсан тэрхүү хүрээг хармагц Есхэйн цээжинд нэгэн шонхор шувуу хахирах шиг болж хамраа сартагануулан сүүрс алдлаа . Энэ хүрээ айлын голын таван гэр Тэмүжиний хадам эцэг болох Мухлай ноёных бөлгөө . Мухлай ноён бол цэрэг эрсийн дунд нэр сүр нь домог мэт алдаршсан зуутын ноён . Гэвч удамт ноён бус Есхэйн адил эгэл цэрэг гаралтай тул ихэмсэг зан үгүй . Гагцхүү зуун цэргийн ноён зан нь гэртээ суусан ч үл дарагдах тул баахан захирамтгай . Үүнээс нь Тэмүжин бүү хэл Есхэй ч халширч бэргэх бөлгөө . Айл хүрээний гадуур цэмцийтэл татсан чулуун цэдэгийн гадна очиход захын гэрээс угтуул тосуулууд гүйлдэн гарч ирээд мэхэсхийн тосож тэрхүү чулуун цэдэгийн дотор талаар эгнүүлэн шивээлсэн үхэр морь тэмээн тэрэгнүүдийг зайчлан гаргасан үүдээр зочдыг алга дэлгэн урьж оруулаад гол өргөөний зүг замчлахад замд өнгөрөх гэрүүдээс эмс хүүхнүүдийн Онон ижий олмоороо атал Эй лээ эй лээ гэх зовлонт дуун шатсан эсгийний хярвас ханхлуулан сонсогдох ажгуу . Есхэйг худ нь гэрийнхээ хойморт угтав . Тэр хүрээ хотныхоо эмсийн гаслалдах энэ дууг ер сонсоогүй царайлах аж . -Хэ хэ ха ха . Худ морилов шүү . Хөвүүнийг минь юунд удаав хэмээн туургаа чичиртэл эр баргил хоолойгоор зандрах адил мэндчилэн угтаад хагас гараа доёгонуулна .-Худ мэнд үү . -Сууж байна сууж байна . Би хаачих . За тэгээд зам зууртаа юү үзэв . Зээр гөрөөс олон таарав уу . Хулан тахь хурдлан зөрөв үү . -Гарсан цагаасаа л зээр гөрөөсний хот захалсаар ирэв . Хулан тахийн хуйлрах тоосонд хурмаст харанхуйлахыг үзэв шүү дээ . -Цэргийн эр . Дөтөл дөтөл . Хөвүүн минь даахиа үнэрлүүл . Аав нь Тэмүжиний нуруу руу зөөлөн түлхэж Тэмүжин ч тонгойсоор тэр сүрт эр рүү ойртоод сэгсгэр үстэй толгойгоо бөхийсөнд магнай дээр нь үнэрлээд -Хөвүүн өсөж шүү . Мөд сэлэмнийх нь сэнсрээнд дэнжийн бургас найгахдаг гэснээ мөн л баргил хоолойгоор хэ хэ ха ха инээгээд хүн байна уу гэсэнд үүд сэвхийн сөхөгдөж Тэмүжинээс ялимгүй ах баймаар хөвүүн орж ирээд хоёр гарыг урдаа зөрүүлэн мэхэсхийв . -Шүүс зэх гээ . -Жэ гэнгүүт хөвгүүн орж ирсэн шигээ чимээгүй гарч одов . Төдий л удалгүй үүдний цаана шүр шар гэх чимээ гарсанаа Бөртгөлжин ээжээ даган тонгойсоор орж ирэв . Тэр хоёр нүд гялбам торгоор гоёжээ . Бөртгөлжний ээж цагаан Татарын Цогтжин хатан дүрлэгэр алаг нүдээр эрийнхээ зүг дэрвэс харж өтгөн сормуусаа чичигнүүлэн дэвэлзүүлсэнээ үүднээс дотогш гурав алхаад баруун өвдгийг нахисхийн сөхөрч нүд хөмсгөө нуух адил тонгойсонд Бөртгөлжин ижийгээ ширхэг ч үйлдэл үл зөрүүлэн дагалдав . Тэмүжинд Бөртгөлжин анхи танихгүй хүн шиг санагджээ . Түүний цээж бөмбөгөр болоод нүд нь яг ижийнхээ нүд шиг дүрлэгнэж доош тонгойн суухад нүүр нь харагдахгүй харин хэсэг сормуус чичигнэх нь сонин санагдахаас гадна Тэмүжиний дотор нүхгүй мөндөл ийш тийш сандчин гүйх шиг болж хэрвээ аав нь бас хадам нь болох энэ муухай харцат эр дэргэд үгүйсэн бол шууд л гараад хээр тал руу зугадмаар санагдав .-За Бөртгөлжин миний охин эцгийн энгэрт төлжиж эрийн энгэрт өтлөх эм хүний ёс эдүгээ миний охинд золгов . Хааны гүнж байлаа ч үл зөрчих энэ ёсыг дагаж эрээ тэнгэр мэт гэрээ дэлхий мэт санаж ачлан асарч яв . -Хичээе аав минь . -Хатан минь хоёр хүүхдээ гэрт нь оруул даа . Үг дуугүй босож үүд зүглэсэн Цогтжин хатныг дагахдаа “Хатан надад шүүсний зайдас идүүлэх байгаа” гэж Тэмүжин бодож явлаа . Гэрээс гармагц хатан урт амьсгаа авч Тэмүжиний тэргүүнийг энгэртээ наагаад зөөлөн тунсаг уруулаараа магнай дээр нь үнэрлэж -Явцгаая даа гээд түрүүлэн алхав . Мухлай ноёны хүрээ хоёр жилийн өмнөхөөс их л өнөр өтгөн болсон шиг санагдана . Бөртгөлжин шинэ торгон дээлээ шажигнуулан Тэмүжиний араас даган явлаа . Тэд цувралдан явсаар хүрээний зүүн хойт хэсэгт байх гэрийн гадна ирмэгц -За үүдээ сөх дөө гэж хатан зөөлөн хэллээ . Тэмүжин тулгамдаж арагш эргэн харвал Бөртгөлжин яагаад ч юм доош тонгойн нүүрээ нуув . Гагцхүү хэзээ ч үл цуцах шар хэдгэнэ гэрийн эсгий үүдний сэжүүрээс зуучихсан сөхөх гэж атигар далавчаараа тэнхээ мэдэн савчиж байхыг хармагц Тэмүжин гараа сунган үүдний сэжүүрээс барьмагц огцом өргөн дээш нь шидэхэд шар хэдгэнэ хамт шидэгдэж тотгон дээр өеөдөн унаснаа дороо хөлөө олж далавчаа засангуут дүнгэнэн ниссээр тооноор орж бараа нь харагдахгүй болов . Цогтжин хатан гэрийн баруун талаад өгсөн хагас хойморлон сөгдсөнөө хоймор дэвссэн цагаан эсгий олбог өөд алгаа тэнийлгэн зааж -Тэмүжин миний хүү суудалдаа тухал гэж урилаа . Тэмүжин дахиж залуулсангүй эсгий дээр завилан суув . Цогтжин хатан ялдам мишээснээ мөн нөгөө зөөлөн хонгор дуугаараа -Миний охин галаа асаа даа гэснээ алгаа зөөлөн таштал гаднаас цогны тавиур вааран таваг дээр шад пад дуугаран уугих хоёр гурван хомоол барьсан шивэгчин охин орж ирээд мөнөөх хомоолоо тулганд зэрэглэсэн арц аргал дунд тавьлаа . Бөртгөлжин тулга руу бөхийн үлээвэл аргал унгасаж шингэн цэнхэр утаа суунаглаж эхлэв . Цогтжин хатан амандаа ямар нэгийг гүвтнэн тооно руу ширтэж сууснаа -Миний хоёр хүүхэд загас адил эвтэй замаг адил өтгөн яваарай гэж ерөөгөөд шивэгчин охиныг харцаар удирдан цугтаа гарч одов . Хэн хэн нь болж өнгөрсөнд тулгамдан шуухинан чимээгүй суув . Тэмүжин удаан сууж тэвчсэнгүй уруулаа шилэмдсэнээ -Шүүс болж байгаа болов уу гэж асуусанд Бөртгөлжин яагаад ч юм хавчиганан дал мөрөө чичигнүүлсэнээ -Та өлдөө юү гэв . -Үгүй л дээ . Тэхдээ зайдас үнэртээд байх юм . Чиний бие яагаад бөөрөнхий болчихоо вэ гэв . Бөртгөлжин доош тонгойн жуумалзасанаа -Мэдэхгүй гэж сулхан хэлэв . Гэрийн доторхийг тойруулан харвал хойморт олон олбог эсгий давхарлан ор зэхсэний дээр зүүн талд бас арай нимгэвтэр ор зэхжээ . Тэр шивэгчний ор байх гэж Тэмүжин бодоод шивэгчинтэй өрхийн тэргүүн болсондоо сэтгэл ихэд сэхүүн тэргүүн өргөлөө . Төд удалгүй Бөртгөлжинд ээжээс нь ирсэн шивэгчин Сүнжгоо мангирын хурц үнэр ханхлуулсан уур дэгдээх цартай шүүс барин орж ирсэнд Тэмүжин золтой л босон харайсангүй . Сүнжгоо шүүсээ тавьчихаад гарах гэсэнд Бөртгөлжин хоолой зассанаа -Сүнжээ гэж өөриймсөглөн дуудаад бидэнтэй суугтун гэж урьлаа . Сүнжгоо ч өөриймсгөөр бүдүүн булчинтай хөлөө нугалан өвдөглөв . Хэсэг чимээгүй суулаа . Тэмүжин тэсвэр алдах шахан “Хэн нь хувь өгөх юм бол” гэсэн нүдээр нөгөө хоёрыг хараачлана . Бөртгөлжин доош тонгойсон хэвээр -Тэмүжин та шүүсээ баригтун гэсэнд гэнэт аавынх нь өгсөн махир хутга гутлынх нь түрийд явааг санаж яаран сугалаж махнаас огтлон үмхэллээ . Тийн мах руу хэсэг дайраад гэнэт сэхээ орж харвал мөнөөх хоёр өвдөглөн тонгойсон хэвээр байсанд бас л нэг мартсанаа санаж хувь таслан өгсөнд Бөртгөлжин алгаа тосохдоо жуумганаж байгаа харагдав . Их гэрт хоёр худын дуу чангарч монгол цэргийн “Өмлөөд” гэх сүрт уухай нэг үе тодорч нэг үе бүдэгрэнэ . Мухлай ноён зүүн гарын тосыг дээлийн мөрөнд шударч арчаад тохойгоороо тас цавчуулсан баруун гарынхаа үлдэгдлийг доёгонуулан -Урудын Бартан баатар ёстой дайчин эр байсан юм шүү дээ . Түрэлтэнд орж яваа түмэн цэргийн тоосон дундаас сэлэм нь тохой өндөрт гялалзаж явдагсан . Нэг удаа Бартан баатарын заншлаачдын зуутад миний аравт багтаж найманы нутаг руу мордлоо . Хайлдар ноён хол бүү одоорой гэж захисан ч бид найманы бүр гүн рүү орчихлоо шүү . Шөнө аялаад өдөр ууланд гарч бүгээд явлаа . Явсаар бүр их ууланд тулаад очлоо доо . Баатар маань цэргээ ууланд бүгүүлээд манай аравтыг дагуулж тэр их уулын том ам өгсөөд яваад байтал нэгэн оргил давааны өвөрт сүртэй том хүрээ харагдаж байна . Бид ч модон дотор шивээлчихээд заншлаж гарлаа . Хоёр гурван зуун цэрэг хамгаалж байх шиг . Дөрөв хоноод нэгэн зуут тэр хүрээнээс гараад баруун тийш явчихлаа . Баатар маань-Энд яавч муугүй мэдэлтэй ноён байна . Хүрээг нь өмлөөд түүнийг хөтөлж ноёндоо хүргэе гэж байна . -Агт маань хол аянд сулдсан тэд биднийг хөөгөөд ирэхгүй байгаа гэсэн чинь-Харалгач . Монгол цэргийн араас хөөж явдаг хэн байдаг юм . Ирсэнийг нь тас цавчдаг юм бишүү гэлээ гээд Мухлайг суудлаа засахад өмнө нь өвдөглөн суусан зарц цартай махнаас том хэрчин зүүн гарт нь ойртуулж өгөхөд Мухлай ноён махыг ам руугаа гулгуулан хийж амтархан зажлангаа -Гурван цэргээ зуут руугаа буцаагаад тэр шөнөжин чирэвгэлгүй хонолоо . Үүрээр зуут маань биднийг гүйцэж ирмэгц гурав хуваагдаад хүрээг довтоллоо . Бартан баатарын том толгой тэнд ч нэг шоволзоод л энд ч нэг овгохийгээд л сэлэм шав шув шар харр хийгээд л найманыхан шувууныхаа хэлээр шулганалдаад л оволзоод явчихлаа . Нэг харахнаа хүрээний голын том шавар байшингаас торгонд ороолттой тунтгар хүн гарч хэдэн морьтон дагуулаад баруун талын маань хэд рүү дайрлаа шүү “За нөгөөдөх чинь “ гэж бодогдоод аравтаа аваад л хархийлгэлээ . Тулж очоод хоёр цэргийг нь цавчтал нэг сүрхий эр сэлэм өндийлгөх зав өгөлгүй тулаад ирлээ . Би ч өнгөрлөө л гэж бодлоо тэгтэл толгой дээгүүр нэг юм сүнхийгээд нөгөө эрэлхэг цэргийн толгой нугадгасхийгээд мөр рүүгээ санжчихлаа . Би ч ноёныг нь бугуйлдаад чирчихлээ . Хүрээнээс гармагц морин дээр бөгтрөөд л шуугиулчихсан . Замдаа морины гүйлт дунд “Та юугаар тэр толгойг хийсгэчихвээ“ гэсэн чинь -Татарын хурц ган юмсан . Авч амжсангүй гээд инээж билээ . Намайг Ха... гээд Мухлай аргагүй л гацлаа . Хаан эзэн гээд хэлчих гэсэн чинь аманд нь багтсангүй . Хөх тэнгээр гэж наманчилаад Хайлдар жанжин мянган цэргийнхээ өмнө хүндлээд тэр сэлмээр шагнав шүү гээд гэрийн зүүн хоймор хананд зүүлттэй байх аргагүй л ноён хүний эдлэл болох нь андашгүй уран хээнцэр сэлэм рүү тэргүүнээ бардам өргөн дохилоо . Үхэхээс бусдыг үзсэн хашир цэргийн яриаг амтархан чагнаж хэрвээ тэнд би байсан бол яах л болдоо хэмээн бодон сүүрс алдахын хажуугаар “Экээл экээл” хэмээн яриаг нь хөгжөөж суусан Есхэй тэргүүн гудайлган бодлогоширсон хэвээр-Ай даа хэмээн өөрийн эрхгүй сүүрс алдчихсанд Мухлай хүрэн царайгаа минчийлгэн -Юу ч болоогүй байхад сүүрс алдаж бодлогоширох чинь юүв . Цавчилдах цаг чинь хаяа маажиж байна . Өстөний толгой өнөр олуул өрвөлзөж байна бусуу . Өмөл . Цөмөл . Цавч . Өөр юү ч бүү бод . Өмлөөд хэмээн хугас гараа доёгонуулахад нь түмэн цэргийн дотор орчихсон шиг Есхэйн сэтгэл ч хөөрч Өмлөөд хэмээн дагаж хурайллаа . Би олон овог аймагтай хийсэн дайн тулаанд орж явав . Харин өнгө харь улстай дайтаж үзсэнгүй . Мөч минь богинджээ . Гэвч цавчих гарын минь залгаа очих замын минь үргэлжлэл чи байна газар би тайван сууна . Гагцхүү нэг зүйлийг хатуу ойлго . Түмэн газарын холыг Монгол мориноос өөр хэн туулна . Түмэн өс хадгалсан түнтгэр толгойг Монгол эрээс өөр хэн цавчина үүнийг сэтгэлдээ чанга цаазлан бодож яв . -Худ минь ойлголоо . Хүү минь энд болохоор хол замд нуруу дарах дарамтгүй гагцхүү тэр минь баахан халирамтгай юм шүү . Хичээгээрэй . -Зөн совингоо нуруундаа бус элгэндээ авч яв . Хөвүүн чинь алзахгүй . Аян дайнаас жолоо татахад чинь чиний зүүд ч үл хүрэх газрын нүд чинь ч үл багцаалах харь өнгө улсыг номхотгох баатар эрийг үүрэх зэр зэвсэгтэй нь ирлэсэн байхаа би мэдэе . Үүнийг тэнгэр эцэгт сонсгов . -Тэнгэр сонсов . Есхэй хоёр мориныхоо хар гүйхээгээр харьж явлаа . Худынд зочилсон нь сэтгэхүйд нь зангиран байсан багил хар утаа шиг нэгэн зүйлийг сарниаж тэнгэр цэлмэх шиг болгожээ . Энэ хүн ард энэ цэрэг эрс тэр ч бүү хэл урд өмнөхөөс этгээд шөрмөстэй төрж байгаа энэ хүлэг морьд цөм нэгэн их үйлсийн тулд юм байна гэдгийг тэр ухаарчээ . Энэ цаг дор энэ мөнх хөх тэнгэр дор ядмаг бүхэн бөрт чонын идэш болж түүний хоёр тохой урт хар аманд багтаагүй бүхэн өөр тэнгэрийн дор шуугиж явах учиртай болсоныг худ нь түүнд ухааруулж өгөв . Тэгээд ч тэрүү

Шар талын цэцгэс

Хөхөрч ургадаг нь учиртай

Санаа нь урт хүний л үр

Хөндөлсөж төрдөг нь учиртай

Бор талын цэцгэс

Босож ургадаг нь учиртай

Богд эзэнтэй хүний л үр


Энэхүү романыг бүтнээр нь уншихыг хүсвэл зохиолч Д.Энхболдтой доорх хаягаар холбогдоно уу. enkhbold9@yahoo.com



0 comment(s) to... “АРВАН ГУРАВДУГААР ЗУУН. Нэгдүгээрбөлөг. 2-р хэсэг”

0 comments: