Арвангуравдугаар зуун .

Posted 7:23 AM by Доржзовдын ЭНХБОЛД in Labels:

Хоёрдугаар бөлөг .

Магнай дээр нь үнэрлэчихээд хөх талын хээл рүү зугадах адил хатируулан бүдэгрэх аавынхаа араас харж зогссон Тэмүжин

-Аав та айж яваарай , би ч айж сууя гэж амандаа шивнээд эргэлээ . Айл хүрээний эгэл жирийн амьдрал эргэн тойрон өрнөж сүү саалийн гэрүүдээс утаа суунаглан Сүнжгоо бүдүүн хүрэн булчинтай хөлийнхөө хурдаар үнээ тугалтай хөөцөлдөж Бөртгөлжин нэг ухаа үнээний бөөрөнд хацраа наачихсан сааж сууна . Тэмүжин тугал татая гэж бодоод үнээн зэл рүү очлоо .

-Та гэртээ сууж байхгүй дээ .

Тэмүжиний инээд өөрийн эрхгүй хүрэв .

-Чи намайг та та гээд л байх юм . Хоёр жилийн өмнө тэгдэггүй л байсан биз дээ .

-Эмэгтэй хүн болгон л өрхийн тэргүүнээ “Та “ гэдэг биз дээ . Тэгээд ч таныг мөдхөн хээрийн бэлтгэлд явна гэж аав хэлж байна лээ .

-Нээрэн үү . Надад жинхэнэ эр цэргийн зэр зэвсэг олгох байх даа .

-Тэгэх байлгүй дээ . Харин хээрийн бэлтгэлд явахдаа намайг санаж яваарай .

-Ха . Санах гэнэ шүү . Арай өнөөдөр явах юм биш байгаа . Би ерөөсөө ганзгалаа ачаагаа янзлая .

Тэмүжинийг гэр өөдөө яарангуй явахыг нь харж суусан Бөртгөлжин яагаад ч юм санаа алдан үнээнийхээ бөөр рүү нүүрээ улам шигтгэв . Харин хээр гарч жинхэнэ эр цэргийн аяны байдлаар хуарагнан цэргийн сургууль хийнэ гэхээс Тэмүжиний хөл хөнгөрч сүр ихт Мухлай ноёнд өөрийн сурсан мэдсэнээ үзүүлэн сургуульд цугласан олон дэрчгэр хүүхдүүдийг морины хэнхэдгээр хэмх хамх дайруулан бүгдийнх нь тэргүүлэгч болон тодорч хээрийн асрын голд хөмсөг зангидан суухсан гэх хүсэлдээ шатан ноёны “Мориндоо” гэх дууг сонсолгүй хоцорч алдаа гаргах вий хэмээн чих тавин суулаа . Ер тийм чимээ гарсангүйд “Арай гэнэтхэн мордоод явцгаачихсан юм биш байгаа” гэсэн хар төрж үе үе гүйн гарч харахад уяан дээрх морьд өглөө байсан хэвээр толгой хаялан ялаархацгаана . Хоёр богцоо жин тан бэлдээд баруун хаяанд босгоод тавьчихсан нь “Явцгаая” гэх шиг сүртэй харагдан босож суулган холхиулна . Нэг мэдэхэд бага үдийн сааль сүүний ажлаа дуусгаад Бөртгөлжин гэртээ орж ирлээ .

-Та чинь яаж байнаа .

-Яав ?

-Зарц боол шиг үүдэндээ жомбойтол суугаад

-Аа . Ноён гэнэтхэн яваад өгч магадгүй гээд л харж байна .

Бөртгөлжин тэсэлгүй инээд алдав .

-Өнөөдөр явахгүй ээ . Маргааш ч явахгүй . Аажимдаа л явах байх . Тэмүжиний урам сулдгасхийн хугарч дэмий л хоймроо очиж суулаа . Шар хэдгэнэ нэг жижигхэн хар ялаа барьчих санаатай бололтой ноололдон дээр дороо орж байснаа мөнөөх жижигхэн хар ялаа шар хэдгэний дээр гарч хүнээр бол хөлөөрөө дэвслэж байгаа аятай олон хөлөө солбин аяглаж далавчаа чичигнүүлэн дэвснээ нисээд явчихлаа . Шар хэдгэнэ ширдэгний шороо тоостой зууралдан нэг л хачин ноолорсон саарал юм болчихсон далавчиндаа наалдсан тоос шороог сэгсэрсээр үлдэв . Тэмүжин “Хн лойчихсон амьтан . Тийм атигар амьтанд ялагдаад байхдаа яадаг юм . Чи чинь том загас туулай зуугаад л ихэмсэглээд байдаггүй билүү . Бүтэлгүй гэдэг нь “ хэмээн дэмий л амандаа үглэн хялалзаж суулаа . Их үдэд Бөртгөлжин Сүнжгоог дагуулсаар орж ирэв . Сүнжгоо цар дээр идээ тавин барьжээ . Тэмүжин ч өлссөнөө гэнэт мэдэн томоотой царайлан хормойгоо хумилаа . Тэд чимээгүйхэн хооллов . Аяганд нь хийсэн ээдэм , гашуувтар амттай боз халуун аарц уугаад хөлс нь чийхарав .

-Та ааруул идэх үү ?

-Тэгье . Нойтон ааруулын исгэлэн амтанд автан араанд суларсан шүлсээ залгин суухдаа “Эр цэрэг болж төрөөд ингэж ч суух гэж дээ “ хэмээн харуусан бодоод сөхөөстэй үүдээр алсыг ширтлээ . Сүнжгоо мөнөөх л янзаар бүдүүн бор шилбээ нугалан өвдөглөн сууж байгаад гарлаа .

-Сүнжгоо ч бүдүүн хүүхэн байна шүү дээ . Хэдтэй юм .

-Өнөө жил арван долоо хүрч байгаа юм .

-Хүнтэй суудаггүй хүн үү?

-Суусан л даа .

-Аа . Тийм байлгүй дээ . Хүрээнд миний үеийн ... гээд Тэмүжин гацлаа . Хүүхэд гэж хэлж чадсангүй . Гэтэл хар хүн гэж хэлэх гэхээр бас л болдоггүй ээрснээ хүн бий юү гэж сонирхлоо .

-Байгаа байгаа .

-Биеийн чилээ гаргачихмаар юм байвал жаал ноолох юмсан . Суусаар хамаг булчин хөшчихлөө .

Яагаад ч юм хуучин Бөртгөлжингөөс юү ч үлдсэнгүй шиг санагдана . Нэг л ноомой дорой хүн болчихжээ . Элэг барингуй байвал үгэнд овоо ороод байх шинжтэй .

-Чи нэг хүн дуудаадах нь уу даа аан ?

-Тэгье ээ тэгье .

Гэтэл дэрчгэр чих нь үсэндээ ч хучигдаагүй хорчгор шар хүүхэд үүдээр цухуйснаа

-Намайг дуудсан уу ? гэв .

-Хэн ?

-Бөртгөлжин л ...

-Аа ороод ир . Чамайг хэн гэдэг вэ ?

-Хадар .

-Хөөх .

-Яав ?

-Атийчихаад юүн ч айхтар нэртэй юм . Барилдаж чадах уу ?

Өнөө хүүхэд доогтой мушийснаа

-Харин чи ? гэж сөргүүлэн асуусанд Тэмүжиний уур дүрсхийн хүрч хормойгоо шуусанд өнөө хүү ч дууриав . Шууд золгуут тонгорсонд дэрчгэр Хадар хад шиг хөдөлсөнгүйд баахан гайхаад мөрнийхөө барьцыг чангалаж байгаад хавирчихсан чинь Хадар чухам ямар хариу мэх хийснийг мэдэж амжилгүй нуруугаараа ширдэг дээгүүр өнхрөв . Тэмүжиний шар хөдлөж

-Аа тиймүү чи гэж сийгүүлэн шивнэснээ тэрлэгээ тайлж хаяа руу чулуудчихаад дотуур цамцныхаа ханцуйг шамлан өрлөө . Атигар Хадар ч хөмхийгөө зуун өрнө . Тэмүжин энэ удаа түүнийг заналтайяа чанга шидэж унасан хариугаа авахаар мэрийлээ . Тэр энэ насандаа ингэж унаж үзээгүйсэн билээ . Хасарыг ч Хабулыг ч хүссэн зоргоороо унагадаг байтал Хасараас элбэг төө намхан атигарт шидүүлсэндээ хорсол нь буцлав . Гэвч яаж ч мэрийгээд дийлсэнгүй гэрийн баруун хаяа руу шидсэн тэрлэг дээрээ хана шажигнуулан унаж шаралхсандаа Хадарын араас ухасхийн шүүрч тонгорч унагаад элгэн дээр нь сандайллаа .

2 comment(s) to... “Арвангуравдугаар зуун .”

2 comments:

Anonymous said...

Уншихад тун сайхан өвөрмөц өрнөж байна шүү.
Миний Нарансолонго, Тавын даваа зэргийг бүтэн тавьж болохгүйсэн болов уу, тэгвэл таны зохиолын амтанд хүмүүс улам бүр орох болов уу гэж бодох юм.



Anonymous said...

sonirholtoi l baina gehdee humuusiin nernuudiig yaaj ogsiin bol? jishee ni Temujinii Hadam aav Hubilai noyon, ter Habul gej duu ni gev uu? gaihaad l baina. tailbarlaj ogooch!